Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Дэжид: АМГ ажлаа хийхгүй, орон нутгийн иргэд ажлыг нь хийгээд найман сар болж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-аас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосонбумбын нуруу орчмын бүс нутгийг тусгай хамгаалалтад авч, Байгалийн нөөц газар болгох шийдвэрийг 2016 оны дөрөвдүгээр сард гарган, хилийг зааг тогтоох үүргийг Засгийн газарт өгсөн билээ. Гэвч одоог хүртэл хилийн заагийг тогтоогоогүй байгаа талаар нутгийн иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тост, Тосонбумбын нуруунд ашиглалтын хоёр, хайгуулын 10 лиценз олгогдсон байжээ. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн иргэн Ж.Батбаяр хайгуулын 10 лицензийг хүчингүй болгох хүсэлтийг АМГ-т гаргаж, хугацаа нь дууссан байсан дөрвөн лицензийг албан ёсоор хүчингүй болгосон байна. Үлдсэн зургаан лицензийг хүчингүй олгох хууль, эрх зүйн боломж байгаа гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн Б.Дэжид "Тост, Тосонбумбын нуруунд олгогдсон хайгуулын зургаан лицензээс болж хилийн заагийг тогтоох ажил тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа юм. Засгийн газраас эдгээр таван компанийн зургаан лицензийг одоо болтол цуцлахгүй байгаа нь нөхөн олговортой холбоотой.

Уг зургаан лицензийг цуцлах асуудал хөндөгдөхөд компаниудын зүгээс нөхөн олговор авах шаардлага тавьж байгаа юм.

Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн дагуу тэдгээр зургаан лицензийг хүчингүй болгох эрх Ашигт малтмалын газарт байгаа. Хуулийн дагуу АМГ тэдгээр лицензийг хүчингүй болгосон тохиолдолд Засгийн газар нөхөн олговор олгох шаардлагагүй. АМГ ажлаа хийхгүй нутгийн иргэд бид өмнөөс нь ажлыг нь хийгээд найман сар болж байна.

Хэрэв уг зургаан лицензийг тойруулж хилийн заагийг зурж, Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авна гэвэл нэрийн хор. Ингэснээр тусгай хамгаалалтад авах учир шалтгаан бүхэлдээ алдагдана.

Харин ашиглалтын хоёр лицензийг хүчингүй болгох тохиолдолд 40 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговрын асуудал яригдаж байгаа гэх албан бус мэдээлэл бидэнд байгаа" гэв.

Ашигт малтмалын газрын зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа дээрх тусгай зөвшөөрлийг эзэмшигчид нь жил бүр хуульд заасан хугацаанд мэдээ тайлангаа ирүүлж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж байсан тухай дурдсаар байгааг иргэд хэлж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

"АМТХ-ийн 33 дугаар зүйлд зааснаар компани хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийх хамгийн доод зардлыг зааж өгсөн бөгөөд хуульд заасан хэмжээний хөрөнгө оруулалтыг хийгээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Хайгуулын лиценз авч байгаа компани хайгуул хийж нөөц тогтоох үүрэг хүлээж уг тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Тийм ч учраас хуульд тухайн жилд хайгуулын ажилд зарцуулах хөрөнгө оруулалтын хамгийн доод хэмжээг зааж өгсөн байдаг.

Одоогоор хүчин төгөлдөр байгаа зургаан лицензийн талбайд хайгуулын ямар нэгэн ажил хийгээгүй учраас АМГ-аас цуцлах эрхтэй. Гэтэл АМГ цуцлахгүй байна. Тиймээс нутгийн иргэд захирагааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар АМГ-ыг татаад байгаа. Захиргааны хэргийн шүүхээс шүүх хуралд компаниудыг оролцуулах шийдвэр гаргасан. Гэтэл тэдгээр компаниуд нь хаяг дээрээ байхгүй, олдохгүй байна. Эдгээр компаниуд олдохгүй хэвээр байсаар байвал нэхэмжлэлийг түтгэлзүүлнэ" хэмээн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл хэллээ.

Байгаль орчны төлөөх “Ногоон сэтгүүлч” ТББ-аас Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад яаралтай авах асуудлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол болон холбогдох төрийн өндөр албан тушаалтнуудад асуулга хүргүүлж байгаа ажээ.

Асуулга хүргүүлэх нь:

Орон нутгийн иргэдийн шаардлага, хэвлэл мэдээллийнхний дэмжлэг, парламентийн нэр бүхий гишүүдийн санаачлагаар Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших Тост, Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах тухай УИХ-аас №35 тоот тогтоол гарсан билээ. Гэвч Засгийн газарт даалгасан хилийн цэс тогтоох ажил хийгдэхгүй өнөөг хүрлээ. Иймд байгаль орчны төлөөх “Ногоон сэтгүүлч ” ТББ-ын гишүүд бид танд дараах асуулгыг хүргэж байна. Үүнд:

1. УИХ-аас “Байгаль орчны тэнцвэрт байдал, байгалийн унаган төрх, түүх соёлын үнэт өвийг тогтвортой хадгалах, устах аюулд орсон амьтан, ургамлыг хамгаалах зорилгоор байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх онцгой ач холбогдол бүхий Өмнөговь аймгийн Гурвантэс сумд орших Тост, Тосонбумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авсугай” гэсэн тогтоол хүчинтэй байгаа эсэх, хүчинтэй бол Та өөрийн баталсан уг тогтоолыг хэрэгжүүлэх талаар ямар алхам хийсэн, хийх гэж байгаа талаар:

2. Тост, Тосонбумбын нуруу орчимд хайгуулын зөвшөөрөлтэй таван компанийн зургаан лицензийг Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална... гэсэн зохицуулалтаар Ашигт малтмалын тухай хуулийн 31, 32 дугаар зүйлд зааснаар цуцалж болох үндэслэлийг судалж үзсэн эсэх:

Эрхэм Та эдгээр асуулгад бичгээр болон бусад хэлбэрээр хариулж болох бөгөөд бид Таны хариултыг “Ногоон сэтгүүлч” ТББ-ын олон арван гишүүн сэтгүүлчдээр дамжуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэнэ.