Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/13-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад 40 жилийн дараа Олон улсын аргачлалаар хийгдсэн ОЙН ТООЛЛОГО

Г.Номин, iKon.mn
2016 оны 12 сарын 13
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын ойн тооллогыг 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулж, дүнг нь өнөөдөр Засгийн газарт хүлээлгэн өглөө.

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газар болон "Ой судалгаа хөгжлийн төв" Улсын Төсөвт Үйлдвэрийн Газар нь тооллогыг зохион байгуулж, GIZ ХБНГУ-ын эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны яамны даалгавараар ОЗҮОТ-ын арга зүйг боловсруулах, чадавхыг бэхжүүлэх, тооллогын эх мэдээнд дүн шинжилгээ хийх зэрэг ажилд дэмжлэг үзүүлсэн байна.

Энэхүү ойн тооллого нь өмнөх тооллогын ажлуудаас зорилго, хамрах цар хүрээ,  арга аргачлалын хувьд өөр, олон талын оролцоог хангасан, нилээд томоохон ажил болжээ.

Үндэсний ойн тооллогын мэдээ баримтанд тулгуурлан ойн төлөв байдлыг үнэлэхэд дараах гол гурван дүгнэлт гарчээ.

  1. МОНГОЛ ОРНЫ ОЙ ӨСӨЛТ УДААН, ХӨГШИРСӨН БАЙНА.
  2. МОНГОЛ ОРНЫ ОЙ НӨӨЦӨӨР ЯДМАГ БАЙНА.
  3. МОНГОЛ ОРНЫ ОЙ БАГА АШИГЛАГДСАН БАЙНА.

Үүнээс гадна:

  • Монгол орны ойд хатсан, унасан модны хуримтлал өндөр, үүнээс улбаатай түймэр болон хөнөөлт шавжид нэрвэгдэх эрсдэл их.
  • Монгол орны ой их тайгын зах тул уур амьсгалын өөрчлөлтөнд эмзэг, өртөмтгий.
  • Монгол орны ойд байгалийн аясаар ургаж байгаа зулзаган модны тоо хэмжээ хангалттай байгаа тул ойн сэргэн ургах чадвар сайн байна.
 

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “Монгол орны ойн өнөөгийн төлөв байдал нь олон жилийн турш баримталсан ойг зөвхөн хамгаалахад чиглэсэн бодлогын үр дүн.

Манай улс 9.1 сая га талбай ойтой. Үүнээсээ мод бэлтгэл буюу гоожингоор жилд 3 тэрбум төгрөгийн орлого олдог. Гэтэл манайхтай бараг ижил хэмжээтэй буюу 10 сая га талбай ойтой Герман улс ойгоосоо жилд 200 гаруй тэрбум еврогийн орлого олж байна.

Цаашид Монгол орны ойг уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөр болгох шаардлага тулгарч байгаа тул “ойн тогтвортой менежмент”-ийн хэрэгжилтийг хангах бодлого эрх зүйн орчныг сайжруулах, ойн аж ахуйн арга хэмжээг боловсруулахад шаардлагатай байна.

Экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалсан ойн тогтвортой менежмент нь ойн нөөцийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, ойн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой ногоон бизнес юм.

Нийт ойн нөөцийн 30 хувийг хатсан унасан модны нөөц эзэлж байна. Энэ нь нөгөө л ойг хамгаалах бодлого баримталсны үр дагавар. Тиймээс ойн хатсан нөөц, чанар муу ургаа модны ашиглалтыг нэмэгдүүлэх замаар жилд бэлтгэх модны хэмжээг өсгөх боломжтой. Гэвч ойн нөөцийн ашиглалтыг нэмэгдүүлэхийн хажуугаар ойг нөхөн сэргээх, ойжуулах, ойн нөөц, түүнд агуулагдах нүүрстөрөгчийг өсгөх асуудлыг онцгой анхаарах ёстой.

Нөгөө талаас ойн тогтвортой менежмент нь хариуцлага өндөртэй ажил бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөх аргачлалыг сайжруулах, хэрэгжилтэнд нь хяналт тавих тогтолцоо буюу ойн магадлан итгэмжлэлийн системийг нэвтрүүлэх зэрэг ажлыг үе шаттайгаар гүйцэтгэх нь ойн салбарын нэн тэргүүний зорилт болж байна” гэлээ.

Ойн тооллогын үр дүн:
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол орны 9.1 сая га талбай шилмүүст навчит ойгоор бүрхэгдсэн байна.

Ургаа нөөц: Монгол орны ойн 1 га талбайн нийт ургаа нөөц 113.9 м3 бөгөөд түүний 91.9 м3 (80.7%) нь шинэс,  7.6 м3(6.7%) нь хуш, 7.3 м3 (6.4%) нь хус, 5.6 м3(4.9%) нь нарс тус тус эзэлж байна. Үлдсэн 2%-г бусад модны төрөл эзэлж байна.

1 га талбайн нийт ургаа нөөцийн 73.7 м3 нь насны бүлгийн 50-200жил, 24.4 м3 нь насны бүлгийн 200 жилээс дээш, 15.8 м3 нь насны бүлгийн 50 жилээс доош ангид тус тус хамаарагдаж байна.

Ургаа модны тоо: Монгол орны ойн 1 га талбайд 6 см-ээс дээш бүдүүнтэй мод дунджаар 564 ургаж байна. Энэ манай орны ойд нийт таван тэрбум мод ургаж байна гэсэн үг юм. 1 га талбайд 401 ургаа шинэс мод байгаа нь монгол орны ойд шинэс зонхилсон байгааг илтгэнэ.

Ойн олон янз байдал: Модны төрөл зүйлийн бүрдэл, титмийн үелэл нь ойн олон янз байдлыг илтгэх үзүүлэлтүүд юм. 5.7 сая га талбай буюу нийт ойн талбайн 62.4%-г шинэсэн ой эзэлж байна. Харин нийт ойн талбайн 9.9%-г шилмүүст холимог ой, 9.7%-г холимог ой, 5,9%-г хусан ой тус тус эзэлж байна.

Нийт ойн талбайн 3.1%-д сүүдэрсэг тайгын ой ургаж байна. Энэ төрлийн ой нь хуш, гацуур, жодоо зэрэг сүүдэрт тэсвэртэй ховор төрлийн модноос бүрдсэн байдаг. Ойн талбайн 53%-д титмийн хоёр давхрага үүсгэн ургаж байгаа ой эзэлж байхад 28%-д дан титмийн давхрагатай ойн ургаж байна.

Байгалийн сэргэн ургалт: Монгол орны ойн 1 га талбайд дунджаар 3,025 зулзган мод ургаж байна. Тэдгээрийн 1,639 нь зулзган шинэс байна. Гэтэл зөвхөн Хэнтийн бүс нутгийн байгалийн сэргэн ургалтанд шинэс бус харин хус зонхилж байна. Тус нутгийн ойн 1 га талбайд 1,386 зулзган хус ургаж байна.

Хатсан модны нөөц: Монгол орны ойн 1 га талбайн хатсан модны нөөц дунджаар 46.5 м3 бөгөөд түүний 18,7 м3-г босоо хатсан мод, 25.8 м3-г унанги мод, 2.0 м3-г хожуулын нөөц тус тус эзэлж байна.

Гадаад орчны нөлөөлөл:  Сүүлийн жилүүдэд Монгол орны ойн нийт талбайн 18.6% нь түймэрт өртсөн байна. Ойн 1 га талбайн нөөцийн 1 м3 хөнөөлт шавьжинд нэрвэгдсэн байна. Монгол орны ойн 9 сая м3 модны нөөц нь хөнөөлт шавьжинд нэрвэгдсэн тооцоо гарсан.

Ойд үзүүлж байгаа мал бэлчээрлэлтийн нөлөө харьцангуй бага. Дунджаар нийт ойн талбайн 8.5% нь мал бэлчээрлэлтийн нөлөө дунд зэрэг байгаа бол 1,3%-д малын нөлөө өндөр байна. Монгол орны ойн нийт талбайн зөвхөн 0.1% нь хөрсний эвдрэл үүссэн байгаа нь ойн хөрс эрүүл байгааг илтгэж байна.

Дүгнэлт

Монгол орны ой БАГА АШИГЛАГДСАН байна: Ашиглалт болон хамгаалалтын бүсийн ойн үндсэн үзүүлэлтүүд хоорондоо ижил байна. Мөн ойн нийт нөөцийн 30 хувийг хатсан унасан модны нөөц эзэлж байна.

Ойг хамгаалах бодлого нь ойг доройтхоос хамгаалах, хатсан унасан модны хуримтлалыг зохицуулах ажилд өгөөж муу арга хэмжээ юм. 1970-аад онд жилд бэлтгэсэн модны хэмжээ 3 сая м3 байсан бол 2015 онд энэ тоо 800 мянган м3 байв. Орон нутгийн хэрэглээний болон түлээний модны эрэлт хэрэгцээнд тулгуурлан жилд бэлтгэх модны хэмжээг тогтоодог. Ойн тооллогын мэдээ баримтүудаас харвал ойгоос тогтвортой байдлаар мод бэлтгэх хэмжээг одоогийнхоос нэмэгдүүлэх боломжтойг баталж байна.

Монгол орны ОЙ ХӨГШИРСӨН байна: Ойн нөөцийн ашиглалт бага байгаагаас үүдэн ашиглалтын бүсийн ойн нөөцийн 30% хөгшин модноос бүрдэж байна. Хөгшин том мод нь биологийн төрөл зүйлийг хамгаалах ашиг тустай. Жишээ нь хөгшин модны нүхжилт ихтэй холтос, модны оройн хэсгийн хатсан мөчир нь олон ховор зүйлийн амьдрах орчин болдог. Гэвч залуу модтой харьцуулахад хөгшин модны өсөлт удаан, нүүрстөрөгчийг хуримтлуулах хэмжээ бага бөгөөд төрөл бүрийн хөнөөлт шавьж, мөөгөнцөрийн өвчинд ертөмтгий байдаг.

Иймд хөгшин моддын тоог багасгах, зарим хэсгийг нь биологийн олон янз байдлыг хамгаалах зорилгоор үлдээх нь уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох арга хэмжээний нэг юм.

Монгол орны ОЙН НӨӨЦ БАГА байна: Монгол орны ойн өтгөрлийн үзүүлэлт нь 0,48% байна. Энэ нь ойн нөөц байх боломжтой хэмжээнээс доогуур байна гэсэн үг. Ойн нөөц бага газарт тухайн ойн онцлогт тохирсон зүй зохистой ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх замаар ойн нөөцийг нэмэгдүүлэх боломжтой. Эдгээр арга хэмжээний төлөвлөгөөнд биологийн төрөл зүйлийг хамгаалах, нүүрстөрөгчийг хуримтлуулах, усны ундрагыг хамгаалах, хөрсний чанарыг хамгаалах зэрэг ойн үүрэг ач холбогдлыг харгалзах ёстой.

Монгол орны ОЙ ЭМЗЭГ байна: Олон төрлийн модноос бүрдсэн, титмийн олон даврхрагатай ой нь өвчин, хөнөөлт шавьжийн нөлөөнд тэсвэртэй байдаг. Монгол орны ойн талбайн 70%-д модны нэг төрөл зонхилсон дан бүрдэлтэй ой, 80%-д титмийн үе давхрага бага ой тус тус эзлэн ургаж байгаа нь ой эмзэг байгааг харуулна. Иймд ойн бүтцийг сайжруулж түүний дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Ойн тогтвортой байдал сайжрах тусам түүний эдийн засаг, нийгмийн ашиг тус нэмэгддэг.

Монгол орны ОЙН СЭРГЭН УРГАХ ЧАДВАР ХАНГАЛТТАЙ байна: Монгол орны ойн 1 га талбайд 150 cм-ээс дээш өндөртэй 959 зулзган мод байгаа нь ойн сэргэн ургах чадвар сайн байгааг илтгэнэ. Байгалийн сэргэн ургалтыг зохицуулах замаар ойн модны зүйлийн бүрдлийг тохируулж болно. Зулзаган ойд арчилгааны огтлолын аргаар ойн хөгжлийг удирдах, бүтцийн чанарыг сайжруулах, чанартай модны өсөлтийг нэмэгдүүлж болдог.