Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Их хурлаар дүрмээ хэлэлцэнэ гэж байгаа ч даргаа шинэчилж магадгүй болжээ

А.Алиман
2016 оны 12 сарын 6
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-Тэгэхээр Ардчилсан намын Их хурал дүрмээ шинэчлэх зорилготой боловч дүрмийн шинэчлэлийн төсөл нь ч багцлагдаагүй, түүнээс гадна төлөвлөөгүй байсан дарга, цэргийн асуудлыг ч хэлэлцэж мэдэхээр замбараа муутай нөхцөл байдалд хуралдах нь ээ гэсэн дүр зураг ажиглагдаж байна-

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өчигдөр болж, өнөөдөр хуралдах Их хурлаараа хэлэлцэх асуудал, түүний дараалал, намын шинэчилсэн дүрмийн төсөл зэргийг хэлэлцлээ.

Их хурлаар юуны өмнө намын даргын улс төрийн илтгэлийг эхлээд сонсох ба одоогоор тодорхой байгаа ганц асуудал болох дүрмийн өөрчлөлтөө хэлэлцэн батлах юм байна. Мөн дүрэм хэрхэн өөрчлөгдөхөөс хамаараад намын даргын асуудал ,ч яригдаж магадгүй болжээ. Намын даргыг сунгаагаар тодруулах уу, эсвэл Их хурлаас томилох уу гэдэг асуудал одоогоор тодорхойгүй ч Их хурлаар дүрмийг хэрхэн өөрчлөн батлахаас энэ нь хамаарна гэсэн үг юм. ҮЗХ-ны зарим гишүүдийн үзэж байгаагаар Их хурлаар намын даргын асуудал яригдаж магадгүй ажээ.

Ардчилсан намын гишүүдийн төдийгүй олон нийтийн дунд урт хугацаанд хүлээлт үүсгээд байгаа Их хурал зөвхөн дүрмийн өөрчлөлтийг батлаад тарвал тун сонирхолгүй биз. Гэвч өнөөдрийн байдлаар Их хурлаар хэлэлцэхээр төлөвлөсөн хамгийн тодорхой асуудал нь үнэндээ дүрмийн өөрчлөлт байгаа нь үнэн юм.

Ардчилсан намын дүрэм чухам ямар байдлаар өөрчлөгдөх, тэрхүү өөрчлөлт нь тэдний үйл хэрэг, үзэл баримтлалд шинэчлэл авчрах эсэх нь улс төрд оролцогчдын хувьд анхаарал, сонирхол татах сэдэв уг нь мөнөөсөө мөн. Гэхдээ үнэхээр шинэ үйл явц, үзэгдэл, өнөөх зориод байгаа шинэчлэлийг нь бий болгох өөрчлөлт байж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа аж.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол өнөөдрийн Их хурлаараа хэлэлцэх дүрмийн төсөл нь цоо шинэ “арга яс” хараахан биш бололтой. Харин өнөөг хүртэл хүчин төгөлдөр мөрдөж ирсэн дүрэмд зарим нэгийг нь тодруулбал 3-4 нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг Их хурлаар хэлэлцэх гэж байгаа юм байна.

Үүнд, ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэх, ингэхдээ залуучуудын, эмэгтэйчүүдийн квотыг зааж өгөх, мөн өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан “ахмад зүтгэлтнүүд’’-ийг квотоор багтаах тухай заалт багтсан байна.

Гэвч өчигдөр орой болтол хуралдсан ҮЗХ-ны хурлаар намын дүрэмд дээрх байдлаар нэмэлт өөрчлөлт оруулаад хаах уу, эсвэл дүрмийг бүр шинэчлэх үү гэх асуудлаар гишүүд санал хуваагдаж, эцсийн шийдэлд хүрээгүй тухай ч зарим нь ярьж байна. Яагаад гэхээр намын дүрмийг цогцоор нь шинэчлэх эсэх, шинэчиллээ гэхэд гол концепци нь юу байх, эс бөгөөс одоогийн дүрмээ сайжруулаад цааш явах эсэх гэх мэт асуудлаараа Ардчилсан нам дотроо хангалттай хугацаанд хэлэлцүүлэг өрнүүлж, ойлголтоо нэгтгэж чадаагүй юм байна.

Юутай ч ойлголтын болоод ашиг сонирхлын хувьд асар хол зөрүүтэй байгаа ҮЗХ-ны гишүүд өчигдөр орой болтол хуралдсан ч нэг шугам дээр нэгдэж чадаагүй таржээ. Тэгэхээр өнөөдөр болох Их хурал мөн л тийм уур амьсгал дунд болж өнгөрөх нь бараг тодорхой бололтой.

Түүнчлэн энэ удаагийн Их хурлаараа дүрмийн өөрчлөлт, шинэчлэлийн асуудлыг хэлэлцэнэ, намын даргыг ирэх оны нэгдүгээр сараас гараанд гарах сунгаагаар тодруулна гэсэн ойлголттой явж ирсэн Их хурлын гишүүдийг “өөр асуудал” хүлээж байж тун магадгүй болжээ. Өөрөөр хэлбэл, намын даргын асуудлыг хэлэлцэхгүй гэсэн сэтгэл зүйтэйгээр Их хуралдаа ирсэн гишүүд өнөөдөр шинэ даргын томилгоогоор толгойгоо гашилгаж магадгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа нь үнэн аж.

Тэгэхээр Ардчилсан намын Их хурал дүрмээ шинэчлэх зорилготой боловч дүрмийн шинэчлэлийн төсөл нь ч багцлагдаагүй, түүнээс гадна төлөвлөөгүй байсан дарга, цэргийн асуудлыг ч хэлэлцэж мэдэхээр замбараа муутай нөхцөл байдалд хуралдах нь ээ гэсэн дүр зураг ажиглагдаж байна.

Уг нь тус намын ҮЗХ өмнөх хурлаараа Намын дүрмийн шинэчлэлийг хариуцах, Их хурлын бэлтгэлийн хангах зорилготой тус бүр 60-70 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, асуудалд их л нухацтай хандсан билээ.

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.