2019/10/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,679.03₮
B30
УЛААНБААТАР
|
-6°
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
|
-5°
08:00
S32
-9°
09:00
S32
-6°
10:00
S30
-2°
11:00
S30
12:00
S30
13:00
S30
14:00
S30
15:00
S30
16:00
S30
17:00
S30
18:00
S29
19:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/12/05 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн судалгаа

Egule Capital
2016 оны 12 сарын 5
iKon.MN

I. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурлаа   

Сүүлийн өдрүүдэд олон улсын томоохон зээл зэрэглэл тогтоох байгууллагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа. Тухайлбал, Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Мoody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2016 оны 11-р сарын 18-ны өдөр “Caa1” болгон бууруулсан бол 11-р сарын 23-ны өдөр Fitch агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “B” –ээс “B-” болгон бууруулсан байна.

Ийнхүү улсын зээлжих зэрэглэл буурсан явдлыг эдийн засаг буурсан, засгийн газрын богино хугацаан дахь гадаад өрийн дарамт болон төсвийн алдагдалтай холбон тайлбарласан байна. Улсын зээлжих зэрэглэл буурсантай холбоотойгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт долоон арилжааны банк мөн Хөгжлийн банкны зэрэглэлийг 11-р сарын 21-ний өдөр бууруулжээ.

 

Манай улс 2005 оноос 2014 оны 5-р сар хүртэл “B1”  гэсэн зээлжих зэрэглэлд багтаж байсан бол 2014 оны 7-р сараас эхлэн “B2”, энэ оны 8-р сард “B3” гэсэн ангилал руу шилжсээр байсан бол хамгийн сүүлд “Caa1” ангилал руу буурлаа.

II. Moody’s агентлагийн зэрэглэл тогтоох аргачлал     

Moody’s агентлагаас улс орнуудын зээлжих зэрэглэлийг хэрхэн тогтоодог талаар авч үзье. Үнэлгээний 21 зэрэглэл байдаг бөгөөд тус зэрэглэлүүд хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын мөн урт болон богино хугацааных гэж ангилагддаг байна.  

 

Зэрэглэлийг нэг нэгээр нь салгаж авч үзвэл: 

  • “Aaa” гэсэн зэрэглэлд хамгийн бага эрсдэлтэй, эргэн төлөлт нь найдвартай өр, зээлүүд багтдаг.  
  • “Аа” гэсэн зэрэглэлд эрсдэл багатай, эргэн төлөлт нь найдвартай зээлүүд багтдаг.  
  • “A” гэсэн зэрэглэлд эрсдэл багатай зээлүүд багтдаг. 
  • “Baa” гэсэн ангилалд дундаж эрсдэлтэй бөгөөд спекуляцийн буюу богино хугацаанд ашиг хонжоо хайсан шинжтэй байдаг. 
  • “Ba” ангилалд байгаа зээл нь спекуляцийн элементүүдтэй, эрсдэл өндөртэй байдаг.
  • “B” ангилалд цэвэр спекуляци буюу эрсдэл өндөртэй зээлүүд багтдаг. 
  • “Caa” зэрэглэлд эргэн төлөгдөх магадлал тааруу, маш өндөр эрсдэлтэй зээлүүд багтдаг. 
  • “Ca” ангилалд зээлийн үндсэн болон хүүний төлбөрт тодорхой хэмжээний төлөлт хийгдэх магадлалтай, үндсэндээ эргэн төлөгдөх боломжгүй (default) болсон зээлүүд ордог. 
  • “C” ангилалд зээлийн үндсэн болон хүүний төлбөрт эргэн төлөлт хийгдэх боломжгүй (default) болж дампуурсан зээлүүд багтдаг.

III. Засгийн газрын өрийн мэдээлэл

Монгол Улсын хувьд засгийн газрын богино хугацааны өрийн эргэн төлөлтийн асуудал хурцаар тавигдаад байгаа бөгөөд ахиад ганцхан зэрэглэл буурахад дампуурах буюу default гэсэн зэрэглэлд орохоор байна. 

Манай улсын адил Caa зээлжих зэрэглэлтэй улс орнуудын жагсаалтыг дараах хүснэгтээр харууллаа. 

 

Манайхаас гадна Барбадос болон Беларус улсууд Caa1 зэрэглэлтэй байгаа бөгөөд өрийн дарамтаа төлж чадахгүй дампуурлаа зарласан Грек улс Caa3 зэрэглэлд байна. 

Ийнхүү манай улсын зэрэглэлийг бууруулахад улсын гадаад өрийн дарамт огцом нэмэгдсэн, хөрөнгийн дутагдалд орж хөрвөх чадварын эрсдэл хуримтлагдсан бөгөөд энэ байдлаасаа ирэх 2 жилдээ гарах магадлал тун бага байгаа нь голчлон нөлөөлсөн байна. 

Манай улсын 2020 оны хүртэлх гадаад өрийн эргэн төлөлтийг дараах хүснэгтэнд харууллаа.   

 

2017 оны хувьд 1.3 орчим тэрбум ам.долларын өрийн эргэн төлөлт хийгдэх буюу энэ нь  2015 оны нэрлэсэн ДНБ-ний 7.4 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Харин өнөөгийн байдлаар манай улсын нийт гадаад валютын нөөц 1.1 тэрбум ам.доллар байгаад энэ нь боловсруулаагүй алт болон БНХАУ-тай хийсэн своп хэлцлийг оруулсан дүн болно. 

Улсын өрийн дарамтаас гадна эдийн засагт тулгамдаад байгаа бас нэг асуудал нь төсвийн алдагдал юм. Тухайлбал, Moody’s aгентлагаас энэ оны төсвийн алдагдлын гүйцэтгэл ДНБ-ний 19.5 хувьтай тэнцэхээр, 2017 онд 12.0 хувьтай тэнцэх хэмжээнд хүрнэ гэж үзэж байна.

IV. Тrading economics-аас хийсэн төсөөлөл

Олон улсын судалгааны байгууллага болох Trading Economics-аас манай улсын засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувийг 2020 он хүртэл төсөөлсөн бөгөөд 2016 оны эцсээр тус харьцаа 82.2 хувьд хүрэхээр байгаа бол 2017 оны 3-р улирал гэхэд 78.6 хувь болж буурахаар харин 2020 онд эргээд өсөхөөр байна.    

 

Эдийн засгийн өсөлтийн төсөөллийг мөн тус байгууллагаас гаргасан байна. Тус төсөөллөөр 2016 оны эцсээр бодит эдийн засаг 0.1 хувиар буурахаар байгаа бол 2017 оны эхний улиралд бага зэрэг сэргэх хандлага гарч эдийн засаг 0.3 хувиар өсөхөөр байна. 2017 оны 3-р улирлын байдлаар эдийн засгийн өсөлт хүрч 0.7 хувьд хүрэхээр байгаа бол урт хугацаанд буюу 2020 онд эдийн засгийн өсөлт эрчимжиж 5.9 хувьд хүрэхээр төсөөлөгджээ.   

 

Ийнхүү манай улсын зэрэглэл буурсан гол шалтгаан нь бондуудын эргэн төлөлттэй холбоотой богино хугацааны гадаад өрийн дарамт байсан бөгөөд асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадахгүй байх эрсдэл өндөр байгаагаас шалтгаалан дахин зэрэглэл буурах магадлал байна.

Гэсэн хэдий ч урт хугацаанд эдийн засаг эргээд сэргээхээр хүлээгдэж байгаа бөгөөд үүнийг Trading economics-аас гаргасан төсөөлөл болоод Moody’s агентлагаас манай эдийн засгийг урт хугацаанд тогтвортой гэж үзсэнээс харж болохоор байна.    

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу. 
И-мэйл хаяг:  research@egulecapital.mn
Утас:              8012-2200
Веб сайт:       www.egulecapital.mn
Фэйсбүүк:      EguleCap
Твиттер:        @egule_capital

 
x