Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банкийг 300 орчим тэрбум төгрөгөөр хувьчилж, 75-ыг нь улсын төсөвт оруулна

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд орлого нэмэгдүүлэх чиглэлд төрийн өмчийн зарим газруудыг хувьчлахаар тусгаад буй. Энэ дунд Төрийн банкийг хувьчилж, уг хувьчлалаас улсын төсөвт 75 тэрбумыг оруулахаар төлөвлөөд байгаа. 

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Төрийн банкны өнөөгийн үйл ажиллагаа, хувьчлах бэлтгэл ажлын явцын талаар  Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Нямаа, Төрийн банкны Ерөнхий Захирал Д.Баярсайхан нар танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа. 

Төрийн банкны хувьчлалын доод үнэ 300 тэрбум орчим байна

Эхлээд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа тус банкны үйл ажиллагаа, хувьчлах ажлын бэлтгэлийн талаар танилцуулав. Тэрбээр “2016 оны аравдугаар сарын эцсийн байдлаар Төрийн банк нь 113 тэрбум төгрөгийн дүрмийн сантай. Үүнээс 25 хувийг нь Сангийн яам, үлдсэн 75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшдэг. 

Нийт харилцагчдын тоо хоёр сая 863 мянга, зээлдэгчдийн тоо 202 мянга, хадгаламж эзэмшигчдийн тоо 585 мянгад хүрсэн. Нийт 502 салбар нэгжтэй. 3,749 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Банкны нийт активын хэмжээ нь аравдугаар сарын 31-ний байдлаар хоёр их наяд 78 тэрбум төгрөгт хүрсэн. Өмнөх оны эцэстэй харьцуулахад 372.6 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. 

Нийт зээлийн хэмжээ нь нэг их наяд 140 тэрбум төгрөг. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь нь 2.7 хувь байна. Дийлэнх зээл буюу 39 хувийг хэрэглээний, 20 хувь нь орон сууцны, 11 хувь нь бизнесийн, 30 орчим хувь нь төслийн болон бусад зээлүүдэд олгогдсон. Цэвэр ашгийн хэмжээ оны эхнээс өссөн дүнгээр 9.5 тэрбум төгрөгт хүрсэн. Бусад банкуудтай харьцуулахад нийт активын хэмжээгээр тавдугаарт, цэвэр ашгийн хэмжээгээр гуравдугаарт жагсч байна. 

Банкны нийт активын хэмжээ нь аравдугаар сарын 31-ний байдлаар хоёр их наяд 78 тэрбум төгрөгт хүрсэн

Ирэх оны төсвийн тухай хуульд Төрийн банкны хувьчлалаас 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тусгасан. Энэ зөвхөн Сангийн яамны эзэмшилд ноогдож байгаа 25 хувиас орж ирэх дүн. Харин Хадгаламжийн даатгалын корпорацид эзэмшиж байгаа 75 хувийг оролцуулаад тооцоход хувьчлах доод үнэ 300 орчим тэрбум төгрөг байхаар тооцсон. Хувьчлах бэлтгэл ажлын талаар хийгдсэн нэлээд ажил бий. 

Хувьчлах аргуудыг хэд хэдэн хувилбараар судалж үзэж байгаа. Төрийн өмчийн хорооноос өгөгдсөн чиглэлийн дагуу хувьцааг 100 хувь, нэг этгээдэд уралдаант сонгон шалгаруулалтын аргаар хувьчлахаар бэлтгэл ажил хангагдаад явж байна. Цаашдаа Төрийн банкны хувьчлалд хийх ажлууд нь хөндлөнгийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна. Мөн хөрөнгийн болон үнэ цэнийн үнэлгээнүүдийг хийлгэх ёстой. Зээлжих зэрэглэлийг шинэчлэн тогтоолгоно. Шаардлагатай гэж үзвэл олон улсын зөвлөгөө өгөх байгууллагуудыг авч ажиллуулах бололцоотой” гэсэн мэдээллийг өглөө. 

Үүний дараа Байнгын хорооны гишүүд асуулт тавив. 

Төрийн банкийг төрд удаан байлгаад хэрэггүй 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: -Удахгүй ирэх онуудын Өмч хувьчлалын үзэл баримтлалыг оруулж ирж батлуулна. Түүн дээр энэ банкны асуудал орж ирнэ. 2017 онд багтааж хувьчилчихаасай гэж бодож байгаа. 

Одоо энэ банкийг төрд удаан байлгаад хэрэггүй байгаа юм. Цаасан дээр байгаа ашиг, алдагдалыг хувьчлалын өмнө аудитар шалгуулах ёстой. Манай банкны үйл ажиллагааг гаднынхан их сонирхож байгаа энэ үед нь хувьчлах зайлшгүй хэрэгтэй. 

Нэг санал байна. Юу гэхээр Төрийн банкийг 100 хувь хувьчлаад хэрэггүй. Төрийн мэдлийн 25 хувийг төрд нь үлдээх хэрэгтэй. Хадгаламж даатгалийн корпорацийн эзэмшдэг 75 хувийг 2-3 багц болгоод стратегийн хөрөнгө оруулагч, дотооддоо лист болгодог ч юм уу тиймэрхүү хэлбэрээр хувьчилбал их амжилттай болно.

Хэрвээ 100 хувь хувьчилбал дараагийн монополь гарч ирнэ. Манай банкны зах зээл дээр монополь банкууд цөөдөөгүй. Мөн хамгийн гол зүйл бол компанийн засаглалын асуудал. Олон нийтийн өмчөөр бизнес хийдэг байгууллагад компанийн засаглал маш эмзэг асуудал байдаг. Тэгэхээр бид урьдны гаргасан алдаа буюу одоо гараад байгаа асуудлыг давтахгүй байх ёстой. 
Банкнынханд хандаж хэлэхэд өмч хувьчлал болох хүртэл бусад банкуудын ширүүн өрсөлдөөн дунд орж, үйл ажиллагааг тэлэх ямар ч шаардлага байхгүй гэдгийг сануулмаар байна. 

Зээлийн хүүгээ бууруулаад, харилцагч нэмж татаад, үндсэн хөрөнгө нэмж татаад улам нүсэр болох ямар ч шаардлагагүй. Харин одоо байгаа үйл ажиллагаагаа улам чанаржуулаад, эрсдэлээ бууруулаад явах хэрэгтэй. 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Өмч хувьчлалын хувьд бид хувьчлалын өөр боломжуудыг судалж үзэж байгаа. УИХ-аар төсөв батлахдаа төрийн өмчийн 25 хувийг хувьчлаад тодорхой хэмжээний орлого төсөвт төвлөрүүлэхээр болсон байгаа.  Энэ асуудал улам нарийвчлагдаад Төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл УИХ-аар хэлэлцэгдэх үед бас яригдах байх. 

Одоогийн байдлаар 100 хувь хувьчилна гэсэн байдлаар бэлтгэл ажлаа хийгээд явж байна

Банкны үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр тантай санал нэг байна. Компанийн одоо байгаа эрсдэлийг бууруулах, илүү үр ашигтай ажиллах, бусад банкуудтай өрсөлдөхгүй байх чиглэлд үйл ажиллагааг нь анхаарч ажиллаж байгаа. 

Нөгөө талдаа банкны салбарт ашигтай ажил багасч, эрсдэл нэмэгдэж байгаатай холбоотой банкны зардлыг бууруулах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах ажлыг зохион байгуулаад явж байгаа. 

Одоогийн байгаа, үйл ажиллагаа явжуулж буй 500 гаруй салбар нэгжүүдээс ашиггүй ажиллаж байгаа салбар нэгжүүдийн заримыг татан буулгах асуудлыг ярьж байгаа. Банкны борлуулалтыг хэрэглээний зээл, жижиг зээлүүд рүү чиглүүлж байгаа. Бизнесийн зээлийн чиглэлд бусад банкуудтай өрсөлдөхгүй, олгох зээлийн дээд хязгаарыг тогтоосон нь зээлтэй холбоотой эрсдэлийг хязгаарлаж байгаа хэрэг. 

Зээлийн багц нэмэгдэхэд нөлөөлсөн нэг том хүчин зүйл нь энэ оны 4, 5, 6 дугаар сард Монголбанк, Засгийн газраас хамтарч хэрэгжүүлсэн малчны зээл зэрэг хөтөлбөрүүдийг Төрийн банкаар нэлээн хэсгийг нь явуулсантай холбоотой. 
Үүнтэй холбоотойгоор актив, зээл өссөн асуудал байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Банкны үйл ажиллагааг аль болох эрсдэлгүй байлгах үүднээс Д.Баярсайхан захирлаас асуумаар байна. Менежмент солигдоод Засгийн газрын шууд харьяны банк болоод удирдаад явахад ямар нэгэн захиргаадалтын эрсдэл байна уу үгүй юу. Танай төв байранд 150-иад хүн ажилладагын 70 нь захирал гэсэн. Тэр үнэн үү.

Мөн танайд хоёр захирал байгаа. Б.Цэндсүрэн, та хоёрын хэн нь том захирал нь юм бэ. Төв банкнаас зөвшөөрөл өгдөг захирал нь яг хэн нь юм бэ.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан “Тийм дарамт шахалт байхгүй. Төрийн банкны дүрэмд өөрчлөлт ороод одоогийн хямралтай үед хувьчлалын бэлтгэлийг хангахтай холбогдуулж Удирдах зөвлөлтэй гэрээгээр ажиллаж байгаа Ерөнхий захирал нь миний бие. Харин банкны засаглалын зарчимд нийцсэн гүйцэтгэх захирал нь Б.Цэндсүрэн гэдэг хүн байгаа. 

Хэлтсийн захирлуудаа оруулаад нийт 64 захирал байгаа

Төрийн банкны үндсэн хөрөнгө 78 тэрбумаар үнэлэгддэг  

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Танай банкны үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гэж байна уу. Энэ уг нь худалдах үнэд их нөлөөлдөг гэж ойлгоод байгаа. Бусад банкуудтай өрсөлдөхгүйгээр зээл олгодог гэж байна.  Хүү нь хэд, ямар хугацаагаар олгодог вэ? 
Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан “Хэлтсийн захирлуудаа оруулаад нийт 64 захирал байгаа. 

Төрийн банкийг анхаас нь эрсдэлгүй байх тал дээр нь анхаараад, хязгаарлалт хийгээд явчихсан. Үндсэн харилцагчдын их байгаа нь Засгаас хэрэгжүүлсэн олон төсөл дээр ажилласантай холбоотой. Оюутны зээл, малчны зээл гэх мэт. Үндсэн зээлийг хэрэглээний тал руу нь бодлогыг нь барьчихсан учраас өнөөдрийн түвшинд буюу нийт банкны системд эрсдэлийн хэмжээгээр хамгийн бага байгаа. 

Төрийн банкны Санхүү хариуцсан захирал н.Чинбат “Төслийн бус зээлийн жигнэсэн дундаж хүү өнөөдрийн байдлаар төгрөгийн хувьд 19.7 хувьтай байна. Бизнесийн зээлийн хувьд минимиумдаа сарын 2.2 байгаа. 

Манай банкны хувьд зээлийн бодлого иргэдэд чиглэдэг учраас бизнесийн зээлийг аль болох олгохгүй талдаа байдаг. Хугацааны хувьд бизнесийн зээл дээд тал нь гурван  жилийн хугацаатай байдаг. 

Үндсэн хөрөнгийн хувьд нийт активын 3.8 хувьтай тэнцдэг. Энэ нь ойролцоогоор 78 орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Энэ бол 2015 онд хийгдсэн үнэлгээ. 

Эдийн засгийн Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Танай банк 200 мянга гаруй зээлдэгчтэй гэсэн. Үүнээс хэд нь бизнесийнх байна вэ. Мөн энэ хувьчлал ондоо багтаж явагдах уу?” 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа “Ондоо багтааж хувьчлах уу гэж асууж байна. Бид ийм байдлаар ажлаа зохицуулж байгаа ч наана нь бэлдэх юм их бий. Энэ бол нэлээн том хувьчлалын асуудал учраас бид энэ ажиллагааг маш болгоомжтой, зөв зохион байгуулах ёстой байгаа. Үүнд нэлээн цаг хугацаа орно. 

Бүтцийн өөрчлөлт хийж байгуулагдсан банкийг гурван жилийн дотор хувьчлах үүргийг хүлээдэг. “Зоос” банкны бүтцийн өөрчлөлтөөс хойш хувьчлалын асуудлыг нь ярьж амжаагүй байтал “Хадгаламж” банкийг бүтцийн өөрчлөлт хийж Төрийн банканд активыг нь шилжүүлсэн. 

Нийт зээлдэгчийн 15 хувь нь бизнесийн байгууллага, 85 хувь нь иргэд байгаа. Ер нь том хэмжээний бизнесийн зээл олгохгүй байх зээлийн бодлоготой. Одоогийн байдлаар нэг этгээдэд олгож болох зээлийн дээд хэмжээг таван тэрбум төгрөгөөр тогтоосон байгаа.