Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЭШЛЭЛ: Оюутан хүнд хамгийн чухал зүйл нь БОЛОВСРОЛ

ikon.mn
2016 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсад номын айлчлал хийж буй XIV Далай лам өнөөдөр оюутан залуустай уулзалт хийж "21 дүгээр зууны ёс зүй ба бурхны шашин" сэдвээр лекц уншлаа.

Түүний лекцээс ОНЦЛОХ эшлэлийг хүргэж байна.


Боловсрол

Гэр бүлээ авч явж чадна гэж үзэж байгаа бол оюутан хүн гэр бүлтэй байж болно. Та нарын өөрсдийн асуудал.

Хүүхэд эхийн сүүгээр хооллож, эцэг эхийн хайрыг авч хүмүүжих нь маш чухал.

Цаг хугацаа үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг.

Бид өнгөрснийг өөрчилж чадахгүй.  Харин ирээдүйг бүтээнэ.

Бид энэ ертөнц дэлхийд өөрчлөлтийг авчрах хэрэгтэй. 21 дүгээр зуунд бид энх амгаланг авчрах ёстой.

Араатан амьтан хүнийг хөнөөдөг байсан бол өнөөдөр хүн хүнээ хөнөөдөг боллоо.

20 дугаар зуунд 200 сая хүн дайн тулааны улмаас амь насаа алдсан.

Аливаа асуудлыг хүчээр шийддэг хуучин сэтгэлгээг ХХI зуунд бид өөрчлөх ёстой.

Орчин үеийн боловсролын гол үндсэн суурь бол техник технологи, эд ахуйн дэвшлийг бий болгоход чиглэжээ.

Дотоод сэтгэлийн амар амгалан, дотоод сэтгэлийн боловсролыг шашны байгууллагууд олгож иржээ.

Дотоод сэтгэлийн амар амгалангийн талаар боловсролын хөтөлбөр боловсруулж байгаа.

Оюутан хүнд хамгийн чухал зүйл нь БОЛОВСРОЛ.

Бурхны шашны талаас

Бурхны шашинтнууд хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан төгөлдөр байх болтугай гэж ерөөл тавьдаг. 

Бид хэнтэй илүү харьцаж, хэнд энэрэл нигүүслээ түгээж байдаг вэ гэвэл ХҮМҮҮС байдаг.

Бид амар амгалангийн төлөө зүгээр л залбирах биш үйлдэл хийх ёстой.

Хүмүүний сэтгэл өөр өөр байдаг. Тийм ч учраас өөр өөр зан үйл, соёл байдаг.

Монголын лам хуврагууд сэтгэлийн эрдмийг сурч, түгээх хэрэгтэй.

Лекцэнд оролцогчдын асуултад хариулав

Монголчууд орчин үеийн шинжлэх ухаан,  боловсрол, техник технологийг сэтгэхүйн боловсролтой хослуулах боломж бүрэн дүүрэн харагдаж байна.

Сүм хийд зөвхөн сүслэх газар биш, суралцах газар байх ёстой. Тийм учраас лам хуврагууд нь маш их суралцах хэрэгтэй. 

Зарим бурхны шашинтай орнуудад сүсэгтнүүд сүм хийддээ хандах хандлага муудаж байгаа. Энэ нь сүм зөвхөн гүрэм дором хийж, лам хуврагууд нь суралцахгүй байгаатай холбоотой.

Та бүхэн хэрэв намайг хайрладаг, намайг хүндэлдэг бол бурхны шашныг шинжлэх ухаанчаар судлаарай.

Уулзалтын төгсгөлд XIV Далай лам "Та бүхний хичээл зүтгэл, ерөөл барилдлагаар би Монгол оронд айлчилж байна. Та бүхний сүсэг үнэхээр гайхамшигтай сайхан байна. Дараагийн удаа ч мөн ард түмний сүсэг бишрэлд хөтлөгдөн дахин ирнэ" хэмээн хэллээ.