Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн музей үнэгүй бие засах газар биш

Ж.Отгон
2016 оны 11 сарын 21
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эзэн Чингис хааны хөшөө цогцолборын өмнүүр татдаг улаан туузыг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн сайд нарынхаа хамт 2012 оны наймдугаар сарын 26-ны өдөр хайчилж байсан. Ингэснээр иргэд Чингис хааны хөшөө, наадмаар л барааг нь хардаг байсан Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, дэргэд нь зургаа татуулах боломжтой болсон.

Монгол төрийн түүхийн музейд 2,000 гаруй биет үзмэрийг байрлуулсан бөгөөд манай улсад бүртгэгдсэн түүх, соёлын хосгүй үнэт 612 дурсгалын 289 нь сан хөмрөгт нь багтсан байдаг. Тухайлбал, Монгол түмний төрийнхөө ёслолд хэрэглэж байсан сүлд, туг, далбаа, тамга, дууллыг энд хүндэтгэлтэйгээр залж, Хубилай хааны зарлигаар 1270 оны орчим бүтээсэн “Арван буянт номын цагаан түүх” зохиолд дурдсан Хаан төрийн есөн их бэлгэ, Богд Живзундамба хааны зарлигаар 1915 онд бичигдсэн “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т заасан Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн долоон эрдэнэ бий.

Түүнчлэн Эзэн Чингис хааны нутгийн хөрс шороо, рашааны дээжүүд, Чингис хаан, түүний дөрвөн хөвүүний удмынхны бүтээн дээдэлж ирсэн Хаадын овгийн тамганууд зэрэг бидний төрөө дээдлэн шүтэх олон зуун жилийн өв уламжлалыг шингээсэн бэлгэдлийн эд зүйлсийг байрлуулсан байгаа.

Хэдийгээр Төрийн ордон түмэн олондоо хаалгаа нээж, төрт ёсны 2,000 гаруй жилийн бахдам түүхээрээ бахархах, омогших боломжийг иргэн бүртээ олгож байгаа нь нэг талдаа сайн хэрэг. Өөрөөр хэлбэл, хэнд ч үзүүлэхгүй, харуулахгүй цоожтой хаалганы цаана байлгаж байснаас иргэддээ үзүүлж, харуулж байгаа нь авууштай.

Гэвч нөгөө талдаа болохгүй, бүтэхгүй зүйл олон байна. Учир нь сүүлийн үед төрийн түүхийн музей гэдэг газар болзоондоо ирэхгүй, удах нэгнээ хүлээх зуураа толгой хорогдох дулаан газар, төв талбайд дахь үнэ төлбөргүй бие засах газар болон хувираад байгаад шүүмжлэлтэй хандах иргэд цөөнгүй байна. Ялангуяа энэ байдалд сэтгэл дундуур байгаа ахмад буурлууд олон байгаа юм. Гэхдээ хүн бүр үл хүндэтгэж байна хэмээн харлуулах гэсэнгүй.

Төрийн ордны босгоор анх удаагаа алхаж байгаа, Их эзэн хааныхаа хөшөөнд сүсэлж, Монгол төрийн түүхэн уламжлал бахархлын бэлэг тэмдэг болсон үзмэрүүдтэй танилцаж байгаа хүн олон байгаа. Бүр Есөн хөлт цагаан тугандаа сүсэглэн мөргөж байгаа иргэд цөөнгүй бий. Тиймээс нэгэнт нээсэн хаалгаа хаа гэсэн юм биш.

Харин тодорхой хэмжээний тариф тогтоож, хийх байх юм аа олж ядсан нэгэн Монгол төрийн түүхийн музейд орох бус. Харин зорин, зорин хөлс мөнгөө төлөөд үздэг болгох хэрэгтэй байна. Хэрвээ тодорхой хэмжээний мөнгө төлөөд үздэг болгочихвол дуртай нэг нь орж бие засаад гарахгүй. Ёстой үзэхийг хүссэн нэгэн нь төрт ёсныхоо түүхтэй танилцаад гарах нь дамжиггүй биз ээ.

Зураг