Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Энхбайгаль: Олонхын итгэлийг авъя гэвэл үзэл баримтлалаа нийгэмд хүргэх ёстой

Ч.Үл-Олдох
2016 оны 11 сарын 15
Зууны мэдээ
Зураг зураг

Доктор, дэд профессор Б.Энхбайгальтай ярилцлаа. Энэ хүнийг бид Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал асан, эдийн засагч, Монгол Улсын хөгжлийн бодлогын 2040 он хүртэлх хувилбарыг боловсруулж байсан гэдгээр нь сайн мэдэх билээ.

-АН-ын ҮЗХ, Их хурал маргааш болно. Ардчилсан намын шинэчлэлийн асуудал сүүлийн үед нэлээд яригдаж байна.Энэ тухайд таны бодол ямар байна вэ?

-Улс төрийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр эдийн засагт даацтай, нэгдмэл бодлого хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй. Улс төрийн тогтолцооны шинэчлэл өнөөгийн нөхцөлд улс төрийн намуудын шинэчлэлээс л эхэлнэ.

Олон ургалч үзлийг, ардчилсан нийгмийн эрх зүйн үндэс Үндсэн хуулинд хангалттай туссан боловч улс төрийн намууд өнөөг хүртэл тодорхой үзлийн баримжаагүй, институцийн хувьд дутмаг явж ирлээ.Сонгуулиас сонгуулийн хооронд төрийн бодлого нь өөрчлөгдөн улс орноо тууштай хөгжүүлэхийн оронд гацаанд хийж, улс төрийн намууд амлалтаараа уралддаг байдал эдийн засгаа хүндрүүлж байгааг бид харж байна. Улс төрийн орчин маань улс орноо урагш чирдэг биш, хойш чангаах тогтолцоо болж хувираад байна л даа. Ийм нөхцөлд улс төрийн тогтолцооны, улс төрийн намын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй.

-Улс төрийн тогтолцоог шинэчлэхэд улс төрийн гол хүчнүүд мэдээж чухал үүрэгтэй байх. Одоогоор бол намын даргын өрсөлдөөн л яваад байх шиг…?

-Улс төрийн намын шинэчлэл үзлийн шинэчлэлээс л эхэлнэ. Дарга сольж, дүрэм өөрчиллөө гээд өөрчлөгдөхгүй байх. Гаднын үзэл номлол, гаднын гүрнээс хараат байхын гашуун зовлонг монголчууд хангалттай амссан. Үзлийн хоосролд автаж, гаднын юм бүхэн сайхан, мөнгөтэй бол бүхнийг шийднэ гэх гаднаас хуулбарласан үзэл сурталд автаж нийтээрээ ядуурч, цөөн нь баяжиж, улс нийгмээрээ хагарлын ирмэгт ирлээ.

Намын шинэчлэл үзлийн шинэчлэлээс л эхэлнэ. Дарга сольж, дүрэм өөрчиллөө гээд өөрчлөгдөхгүй байх.

Мөнгө шүтэх үзлийн дүнд эрдэм мэдлэгийг дээдлэх уламжлалт үнэ цэнээ мартаж, хойч үеэ бэлтгэх, хөгжүүлэх тогтолцооны чанар суларч, нийгэм дэх ёс суртахуун үлэмж доройтлоо.

Монгол төр өөрийн гэсэн бодлоготой, төрийн эрхийг барилцдаг улс төрийн нам нь бас Монгол орчин нөхцөл, соёл, төрт ёс, өв уламжлалдаа нийцсэн үзэл баримтлалтай байвал үндэсний дархлаа бий болоход нэмэртэй байх биз гэж найдах юм.

-Энэ  намын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулсан хүний хувьд  та чухам ямар байр суурь баримталж ажилласан бол…?

-Төрд итгэх иргэдийн итгэл асар их суларчээ. Нам төвтэй тогтолцоо хүчтэй байгаа нөхцөлд өөрийн гэсэн тодорхой үзэл баримтлалгүй нам нийгмээ ямар их эрсдэл рүү дагуулдгийг бид харж байна. Сонгуулийн өмнө өгсөн амлалтуудаа сар хүрэхгүй хугацаанд 180 хэм өөрчилж байна. Би урагшаа явна гэж хэлчихээд хойшоо гүйдэг хүнтэй л адилхан болчихлоо. Ийм нөхцөлд аль нэг улс төрийн хүчин шинэчлэлийг өөрөөсөө эхлэх нь зөв ч биз.

Нэгдүгээрт, улс төрийн хүчин дотооддоо үзлийн баримжаагаа тодорхой болгож чадвал хүчээ нэгтгэх, зөрчил талцлаа багасгах боломжийг олно.

Хоёрдугаарт, улсаа цаашид хөгжүүлэх үзэл баримтлалаа, үзлийн баримжаагаа нийгэмдээ ил гаргаж, тодорхой тавих нь зөв. Жирийн иргэн бүхэн нийгэмдээ хүргэж танилцуулж байгаа үзэл баримтлалыг нь сонсоод дэмжих эсэхээ шийдэх боломжтой болно. Одоо бол нэг нам нь бид ардчилсан социализмыг байгуулна, бид социнтерний гишүүн гээд нөгөө нь болохоор Олон улсын ардчиллын холбооны гишүүн баруун талын үзэл баримтлалтай гэдэг.

Баруун, зүүн гээд байхаар энгийн иргэдэд ойлгомжгүй, тийм ч болохоор иргэд улс төрийн хүчний хувьд үзэл баримтлалыг нь харахаасаа илүү намын удирдлагад байгаа цөөн хэдэн хувь хүнийг л харж сонголт хийгээд байж мэдэх юм. Алдаа оноотой хувь хүмүүсээр биш, үзэл баримтлалаараа нийгэмд танигдах нь улс төрийн намын хувьд чухал байх. Олонхын итгэлийг олж авъя гэвэл нам өөрөө хариуцлагатай, тодорхой, ойлгомжтой үзэлтэй байх ёстой.

Гуравдугаарт, энэ бол сонгуульд ялсан ч, ялаагүй ч цаашид ийм байдлаар ажиллана, үүний төлөө зорьж ажиллана гэдгээ нийгэмдээ илэрхийлж хэлж байгаа хэлбэр юм. Иргэд, нийгэм эргээд үзлээсээ ухрахгүй байхыг шаардах утгаар нам үзэл баримтлал, хөгжлийн баримжаагаа тодорхой болгоно гэдэг нь шинэчлэлийн нэг том алхам гэж харж байна. Монгол Улсын цаашдын ирээдүй улс төрийн намуудын үзэл баримтлал, хөгжлийн онол, мөрийн хөтөлбөртэй салшгүй холбоотой.

Бид ийм л шалтгаанаар үзлийн шинэчлэлийн төслийг боловсруулсан. Үндэсний зөвлөлдөх хороо, намын их хурлаар эцэслэж шийдэх байх.

-АН-ын үзэл баримтлал өмнө нь ямар байсан юм бэ. Одоо яагаад дэлгэрэнгүй гаргах болов?

-Түүх сөхвөл 1990 оноос эхлэн манайх олон намын тогтолцоо руу шилжсэн. Энэ үеэс эхлэн намууд өөрсдийн үзэл баримтлалыг тодорхойлж бид социалист  чиг баримжаатай гэх юм уу, эсвэл либераль консерватив чиг баримжаатай, нэг нь зүүн төвийн,  нөгөө нь баруун төвийн гэх мэт ийм л байдлаар явж ирсэн. 2005 онд АН-д бусад нам нэгдэж, таван нам нийлж одоогийн Ардчилсан намын суурийг босгосон.Тухайн үед дүрмэн дээрээ тохироод ерөнхий хэлэлцэх асуудлаа хэлэлцэж, зөвшилцөөд явснаас биш үзлээ тодорхой болгож, нэгдмэл байдлаар томьёолж чадаагүй. Үүнийг манай намын хууччуул одоо ч хэлдэг. Үзлээ тодорхой болгоогүй байгаа цагт нөгөө фракцын хуваагдал, бие биеэс жаахан ялгаатай, зөрүүтэй үзэл баримтлалын зөрчил гарсаар байх болно. Үзлээ нэг болгож чадвал л нам дотроо үзлийн нэгдмэл нэг чиг баримжаатай болж байж, фракцгүй, нэгдмэл бодлоготой, бодлогын нам болж өөрчлөгдөх боломж бүрдэнэ.

-Улс төрийн байгууллагын үзэл баримтлал тодорхой ойлгомжтой байна гэдэг   ямар салбараар, ямар чиглэлээр, яг ямар үзэл баримтлах юм бэ гэдэг нь нийт гишүүдэд нь ойлгомжтой болох нь гэж ойлголоо. Бодлого, үйл ажиллагааны дараалалд юуг гол болгох вэ?

-Цаашид бэлэнчилж, гуйлгачлахыг урьтал болгогч, хариуцлагагүйн туйл болсон төргүй нийгмийг шүтдэг анархизмыг дэмжихгүй.  Хувь хүний эрхийг үгүйсгэгч коммунизмыг ч дэмжихгүй. Өөрөөр хэлбэл, баян ядуугийн ялгаа ихсэж, ёс жудаггүй зэрлэг капитализмын балчиг руу гулсаж орохыг  дэмжихгүй. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмээ байгуулах чиглэлд л ажиллана, хариуцлагагүйн туйл болсон анархизм (өөрөөр хэлбэл, ардчиллыг зөвхөн хувь хүний эрх чөлөө гэж ойлгоод нийгмийн өмнө хүлээх хариуцлагаа умартсан ийм байдал)-тай ч бас эвлэрэхгүй гэсэн үг юм.

Энгийн иргэдэд, хүн бүхэнд  ойлгомжтой байдлаар үзэл баримт­лалаа томьёолж, эдийн засгийн болон улс төрийн чиглэлээр, төрийн тогтолцооны хувьд, үндэсний оюун эрдэм соёлын хувьд, иргэдийн амьжиргааны хувьд, улс төрийн намын улс төрийн соёлын хувьд юуг зөв гэж үзэх, юуг дэмжихгүй нь тодорхой болж байгаа.

-Тэгэхээр намын мөрийн хөтөлбөр, хууль, бодлого, бусад баримт бичгээс ялгаатай гэсэн үг үү?

-Тийм ээ. Улс төрийн намын үзэл баримтлалын баримт бичиг бол мөрийн хөтөлбөр, намын бодлогын суурь болох баримт бичиг. Дөрвөн жил тутамд өөрчлөөд байхгүй. Энэ ч утгаараа илүү ерөнхий, үзлийн хувьд юуг зөв гэж үзэхээ, юуг дэмжихгүйгээ илэрхийлсэн баримт бичиг байдаг. Ардчилсан намын үнэлэмж юу байх нь ч үзэл баримтлалаар л тодорхойлогдоно.

Хуульд харилцааг зохицуулах асуудлыг тусгадаг, дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт энэ хугацаанд бид ийм ажил хийнэ гэсэн ажлын төлөвлөгөөг л тусгадаг. Үзэл баримтлал бол түүнээс олон жилээр, удаан хугацаагаар улс төрийн намын үзлийн чиг баримжаа болж явах баримт бичиг. Тиймээс энэ асуудлыг ингэж ойлгохыг зөв гэж үзнэ, үүнтэй нь бид эвлэршгүй тэмцэнэ, энэ асуудлыг ийм арга барилаар шийдэхийг гол болгож ажиллана гэдгийг үзлийн хувьд гаргаж байгаа хэрэг юм. Үзлийг хүнд ойлгуулна, харилцан ойлголцоно гэдэг дэлгэрэнгүй бичнэ л гэсэн үг. Хоёр, гурван өгүүлбэр хэлээд орхичихоор хүнд ойлгомжгүй шүү дээ. Энгийн иргэд юу ойлгох вэ, тэндээс. Баруун төвийн гэдэг нь юу гэсэн үг вэ. Зүүн төв гэдэг нь юу гэсэн үг вэ. Коммунизм гэдэг нь юу гэсэн үг ямар утгатай вэ гээд цааш дэлгэрүүлж ойлгохын тулд судлах, унших хэрэгтэй болдог.

Тэгвэл, бид энгийн иргэдэд ойлгомжтой, намын нийт гишүүдэд ойлгомжтой байхаар үзлээ тодорхой тайлбарлаж бичсэн. Жишээ нь, энгийн малчин хүн бэлчээр, ус ашиглалтын тухайд, гол горхины тухай, орон нутагт уул уурхай хэрэгжүүлэх тухайд  энэ нам ямар үзэл баримтлалтай юм бэ гээд харахад бүгд ойлгомжтой бий. Бэлчээр, ус, уул уурхайн асуудлыг орон нутгийн иргэд эцэслэн шийддэг байна, тэр чиглэл рүү нь ажиллана гэсэн заалт үзэл баримтлалд туссан байхад ийм үзэл баримтлалтай учраас энэ намыг би дэмжиж байна гэж хэлэх тэр боломжийг олгож байгаа юм.

-Үзэл баримтлалд туссан асуудлаас жишээ хэлбэл…?

-Үзэл баримтлалын төсөлд эх орон, тусгаар тогтнол хамгийн гол үнэт зүйл гэж тодорхойлсон. Цаашид төрийн эрх ард түмний гарт байх, ард түмэн төрийн үйл ажиллагааг хянах нөхцөлийг бүрдүүлэх, илүү хариуцлагатай төртэй болох чиглэлд түлхүү анхаарах байх аа.

Төр хүчтэй байна гэдэг төрийн оролцоог хязгаарлах, хумих гэдгээс өөр ойлголт. Манайхан төрийн оролцоог хязгаарлана, хумина гэж ярьдаг. Либерализмд францын аль эртний “laissez faire” буюу төр битгий оролц гэдэг зарчмыг л баримтлаад байгаа ч 1680 оны Францын, өнөөгийн Монголын нөхцөл байдал газар, тэнгэр шиг зөрүүтэй.

Гэтэл өнөөгийн глобальчлалын үед, олон улсын зах зээл дэх өрсөлдөөн ихэссэн нөхцөлд бид төрийн оролцоог зөвхөн хумих чиглэлд явах нь хэр зөв юм бол. Нөгөөтэйгүүр, төр нь хүчтэй, шударга, зөв бодлоготой байж улсын эдийн засаг илүү тогтвортой, тууштай хөгжих боломж бүрддэг.

Хамгийн наад зах нь төрийн бодлого өөрөө илүү судалгаанд суурилсан, өөрийн орчин нөхцөлд нийцсэн зөв бодлого байж үр дүнтэй  хэрэгждэг. Үүнтэй адил төрийн бүтэц чиг үүргийг тогтвортой байлгах, төрийн мэргэшсэн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах, дээр нь төрийн бодлогоо  тогтвортой байлгах чиглэлд  явах нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл, төрийг өндөр түвшний, мэргэшсэн чадавхтай байлгахад анхаарч ажиллана. Энэ бол  төрийн тогтолцооны чиглэлээр намын үзэл баримтлалд тусч байгаа  нэг гол чиглэл юм.

-Ардчилсан намын үзэл баримтлалыг боловсруулахад ямар судалгаанд тулгуурласан бэ?

-Үзэл баримтлалын энэ төслийг боловсруулахад эрдэмтдийн баг томилогдож ажилласан. Энэ ажлын хэсгийн ахлагчаар ажиллалаа. Мэдээж бид урьд өмнө хийсэн улс орны хөгжлийн бодлоготой холбоотой судалгаа, мөн өөр бусад баримт бичгүүдэд тулгуурлаж ажилласан. Бидэнд зөвлөж, дэмжиж ажилласан хүмүүс ч бас бий. Тийм болохоор гэнэт богино хугацаанд гаргаж ирж байгаа шийдэл биш.

-Таны боловсруулсан үзэл баримтлалын төсөл батлагдах болтугай. Улс төрийн нам хурдтай шинэчлэгдвэл нийгэмд бас их нэмэр болох байх аа.

-Тэгж л найдаж байна.

Зураг