Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XX хуралдаан Улаанбаатарт болно

С.Бадрал, iKon.mn
2016 оны 11 сарын 7
iKon.MN
 

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын захирал Е.Н.Поповтой уулзжээ.

Тэд хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр “Орос, Монгол, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтойг хоёр тал тэмдэглэв. 

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан гурван талын оролцоотой хамтарсан төслүүдийн ТЭЗҮ-г бэлтгэх, хэрэгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын зураг төслийн хамтарсан төвийг байгуулах, түүний байршлыг Улаанбаатар хотноо болгох яриа хэлэлцээг ойрын үед эхлүүлэх шаардлагатай байгаа талаар санал нэгджээ.

Ингээд гурван талын шинжээчдийн уулзалтыг ирэх 12 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн байна.

Түүнчлэн, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо ирэх 12 дугаар сарын дундуур зохион байгуулахаар тохиролцжээ.

 

 

Эх сурвалж: ГХЯ