2019/11/15
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,703.09₮
B30
УЛААНБААТАР
-4°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-20°
|
-23°
09:00
S30
-14°
10:00
S30
-11°
11:00
S30
-8°
12:00
S26
-5°
13:00
S26
-4°
14:00
S30
-3°
15:00
S30
-3°
16:00
S30
-4°
17:00
S30
-5°
18:00
S29
-6°
19:00
S29
-7°
20:00
S29
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хиллари Клинтон: Монголд очигтун!

Б.Ану
2016 оны 11 сарын 8
iKon.MN
 

Дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрэн болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ӨНӨӨДӨР болно. 

Тус сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон урьдчилсан санал асуулгуудад тэргүүлсээр байгаа. Гэхдээ америкчуудын сонголт ямар байх вэ гэдэг дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна. 

Барак Обама Ерөнхийлөгч болсноор энэ нь анхны өнгөт арьст АНУ-ын Ерөнхийлөгч болж байсан. Тэгвэл Хиллари Клинтон мөн сонгогдвол АНУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох юм. 

Хэрвээ дэлхийн хамгийн нөлөө бүхий гүрэн эмэгтэй удирдагчтай болвол энэ нь дэлхийн жендерийн түүхэн дэх нэгэн том алхам болох тухай судлаачид онцолсоор байна. 

АНУ-ын сонгууль болж байгааг тохиолдуулан iKon.mn сайт Хиллари Клинтоны "Миний амьдралын түүх" номын "Эмэгтэйчүүдийн эрх бол хүний л эрх юм" бүлгийг бүрэн эхээр нь "МОНСУДАР" хэвлэлийн газрын зөвшөөрөлтэйгээр хүргэж байна. Энэхүү бүлэгт Хиллари Монголд анх удаа айлчилсан тухайгаа бичсэн байдаг билээ. 


Эмэгтэйчүүдийн эрх бол хүний л эрх юм

Диссидентүүд буюу өөрөөр сэтгэгчдийг баривчлах нь Хятадад ердийн үзэгдэл болохоор Харри Вудыг шоронд хорьсон нь Америкийн хэвлэлийнхний анхаарлыг огт татахгүй байх байлаа.

Гэвч НҮБ-аас эмэгтэйчүүдийн асуудлаар хийх дэлхий дахины IV бага хурлыг зохион байгуулах орон нь Хятад байсан бөгөөд би энд Америкийн төлөөлөгчдийн хүндэт тэргүүний хувиар оролцох байв. Хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч By бол АНУ-д цагаачилж гарахынхаа өмнө Хятадын ажилчдын хуаранд 19 жил улс төрийн хоригдол байсан бөгөөд 1995 онд хөрш Казахстанаас нааш орж ирж яваад, Хятадын албаны хүмүүст баривчлагджээ. Хэдийгээр тэрээр Хятадад очих албан ёсны зөвшөөрөлтэй байсан ч тагнуулын хэргээр баривчлан, шүүх хурал болтол шоронд хаяжээ. Вугийн нэр төр даруй л энд тэндгүй яригдаж, тус бага хуралд АНУ-ыг оролцуулах ажил эргэлзээтэй болж эхлэв. Яагаад гэвэл хүний эрхийн төлөө тэмцэгчид, хятад гаралтай америкчууд, Конгрессын зарим гишүүд уг хуралд оролдохгүй байхыг шаардаж, хэдийгээр би тэдний үйл хэрэгт санаа тавьж байсан ч дахиад л улс төрийн үзэл бодлын зөрөөнөөс болж эмэгтэйчүүдийн эрх ашгийг золиосолж байгаад харамсаж байлаа.

Засгийн газруудын, түүний дотор АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа гол төлөв гэрээ, хэлцэл, зөвшлийн ихэнх нь үндсэн элементүүд болдог дипломат, цэргийн, эдийн засгийн асуудлаар хязгаарлагдсан байдаг бөгөөд эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, охидын боловсрол, эмэгтэйчүүд улс төрийн эрхгүй байгаа явдал, тэдний эдийн засгийн тусгаарлагдмал байдал зэрэг нь маш ховор тохиолдолд улс төрийн хэлэлцүүлэг шүүмжлэлийн бай болж байжээ. Гэвч эдийн засгийн шинэ глобаль нөхцөлд зарим улс орон болон бүс нутгийн эмэгтэй хүн амын дэндүү их хувь нь гуйлгачин амьдралтай, боловсролгүй, өвчин зовлонд нэрвэгдсэн, иргэний болон сонгуулийн эрхгүй байвал эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшилд хүрэх нь бүр ч амаргүй байх болно гэдэгт би хатуу итгэдэг. 

Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр бүлийн төсөв зардал, гэр бүл дэх хүчирхийлэл, охидод боловсрол олгох асуудал, гэр бүлийн төлөвлөлт, эмэгтэйчүүдийн иргэний болон сонгуулийн эрх, өмчлөх эрх гэх мэтийн асуудлыг хэлэлцэх ажлыг чухам НҮБ-ын бага хурал хэрэгжүүлэх ёстой байлаа. Тэрчлэн эмэгтэйчүүдийн хувьд ховор тохиолддог цаашдын ажил үйлийнхээ төлөвлөгөө, мэдээ сэлтийг солилцох бололцоог ч тус бага хурал бий болгох ёстой байсан юм. Эл бага хурал ойролцоогоор таван жилд нэг удаа хуралддаг бөгөөд түүнд оролцох нь дэлхий дахины эмэгтэйчүүдийн зовлон гачигдал, эрхийн асуудлыг АНУ анхааран сонирхож байгааг илтгэсэн хэрэг болох байлаа.

Би АНУ-д энэ асуудлаар хорин таван жил ажиллаж байгаа бөгөөд манай орны эмэгтэйчүүд эдийн засгийн талаар ч, улс төрийн талаар ч их амжилтад хүрээд байна. Тэгэхдээ бусад орны эмэгтэйчүүдийн олонхын хувьд тийм түвшинд хүрсэн гэж хэлэхийн аргагүй байгаагийн дээр яг үнэндээ нэг ч томоохон улс төрч эмэгтэйчүүдийн талаар ам нээхгүй байгаа билээ.

Харри Вуг баривчлагдсан цагаас хойш би болон миний аппаратынхан бага хуралд бэлтгэх ажилд идэвхийлэн оров. Гэхдээ Конгрессын, нэр ус нь тодорхой хэсэг гишүүдийн зүгээс эл бага хурлын ажиллагаанд АНУ оролцоход дургүйцсэн өнгө аяс гаргаж байгаа нь илт байлаа. Жишээлэхэд, сенатч Жесси Хелмс, Фил Гремм тус бага хурал нь “Америк орон болон гэр бүлийн институтын эсрэг чиглэсэн үг яриа гарах хууль бус индэр болох болно” гэж мэдэгджээ. Конгрессын зарим гишүүн эмэгтэйчүүдийн асуудалд зориулсан арга хэмжээ байтугай ерөөсөө НҮБ-ын дэмжсэн ямарваа нэг ажил хэрэг эргэлзээтэй хэмээн үзэж байлаа. Үр хөндөх асуудлаар хэлбэрэлтгүй байр суурьтай Ватикан лалын шашинт зарим улс орнуудтай хүчин чармайлтаа нэгтгэх, өөрсдийн нь тэгтэл шаргуу эсэргүүцэн тэмцэж байгаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалан тэмцэх олон улсын индэр болж магадгүй хэмээн тус бага хурлыг үзэж, санаа зовж байсан юм.

Америкийн зарим зүүний үзэлтнүүд ч АНУ энэ бага хуралд оролцох болсонд ундууцаж буйгаа илэрхийлэв. Учир нь эрчүүдийн эрхийг хамгаалах, эмэгтэйчүүдийн өмчлөх эрх, бичил санхүүжилт болон өөр олон зүйлийг өмгөөлөх зорилготой засгийн газрын бус байгууллагууд албан ёсны хуралдаанд оролцох ёсгүй гэж Хятадын засгийн газраас мэдэгджээ. Хятадын эрх баригчид бас Төвд болон бусад хэд хэдэн орны идэвхтнүүдэд тус оронд орох зөвшөөрөл олгох асуудал дээр нэлээд хүндрэл бэрхшээл учруулж байв. Хятад оронд хүний эрхийн асуудал маш хүнд, мөн “ганц хүүхэдтэй гэр бүлийн” бодлогыг хэрэгжүүлэх арга зам болгож үр хөндөлтийг хүчээр хийдэг туйлын харгис бодлого хэрэгждэг гэдгийг би мэдэж байлаа.

Улс төрийн байдлын бүх л өнгө аясыг харгалзан үзэхийг хичээхийн зэрэгцээ Мелани Вервеер бид хоёр болон Ерөнхийлөгчийн аппарат Бээжинд очих төлөөлөгчдөө бүрдүүлж эхлэв. Манай орны ашиг сонирхлыг тэнд төлөөлөх бүрэн чадвартай, тэгэхдээ янз бүрийн итгэл үнэмшилтэй хүмүүсийг Билл өөрөө сонгосон юм. Түүний санал болгосноор Нью-Жерси муж улсын амбан захирагч асан, Бүгд найрамдах намын гишүүн, сенатч Том Кин, Нью-Рошель дахь коллежийн ерөнхийлөгч Энн Келли, гэлэнмаа лалын шашинтан эмэгтэйчүүдийн лигийн дэд дарга доктор Лейла Эль-Мараяти нар орсноос гадна НҮБ дахь АНУ-ын албан ёсны төлөөлөгч хатагтай Мадлен Олбрайт төлөөлөгчдийг тэргүүлэх болов.

Вуг баривчлагдсаны дараа НҮБ-ын болон бусад орны уулзалт, зөвлөгөөн хийж өнгөрүүлсэн олон cap хий дэмий үрэгдсэн цаг хугацаа болон хувирч болзошгүй байлаа. Тус бага хуралд АНУ төлөөлөгчөө явуулах ёстой юу, үгүй юү гэдэг талаар маргалдсаар зургаан долоо хоногийг өнгөрүүлсэн бөгөөд хэрэв явуулах ёстой бол намайг түүнд оролцуулах эсэх талаар бас ярилцав. Ялангуяа эр нөхрийнхөө хувь заяаны төлөө санаа зовниж, бага хурлын ажилд миний оролцох нь “Харрийг суллуулахын төлөө тэмцэхээсээ АНУ татгалзаж байгаа мэтээр эрх баригчдад ойлгогдож мэдэх юм” гэдгийг сайн мэдэрсэн хатагтай Вугийн хувийн захидал намайг онцгой түгшээсэн юм.

Чухам эл хууль зүйн тал л намайг болон Цагаан ордон, төрийн департамент дахь бусад хүмүүсийг юу юунаас илүү зовоож байлаа. Хятадын засгийн газар өөрийн орны олон улсын нэр хүндийг дээшлүүлэхэд энэ арга хэмжээг суртал ухуулга болгон ашиглах сонирхолтойг би ойлгож байлаа. Хэрэв би тийшээ явтал Хятадыг аль болох сайн сайхан харагдахад нь тусална, харин тийшээ явахаасаа би татгалзвал энэ нь Хятадын удирдлагуудын хувьд тааруу сурталчилгаа болох байв. Бид чухамдаа дипломат ажлын нэг завинд суучихаад байгаа бөгөөд Харри Вуг шоронд хорих, бага хуралд миний оролцох хоёр хоорондоо нягт уялдаатай болоод байлаа. Хэрэв ноён By хориотой байх хэвээр бол Тэргүүн хатагтай хаашаа ч явахгүй гэдгийг манай засгийн газар дипломат болон хувийн шугамаар дахин дахин мэдэгдсэн билээ.

Санал зөрөлдөөн улам даамжирсаар нэлээд аюултай хэмжээнд хүрч, ер нь огт шийдвэрлэгдэшгүй мэт болж хувирахад надад ямар ч гэсэн, бүр болохгүй бол хувийн шугамаар явсан ч яадаг юм бэ гэсэн бодол төрөх болов.

Америк-Хятадын харилцааны статуст тодорхой бус ноцтой олон зүйл бугшсан нь байдлыг улам хурцатгаж байлаа. Түгшүүртэй нөхцөл хэд хэдэн шалтгаантай байсан юм. Тайваний статусын талаар санал зөрөлдөөнтэй, цөмийн зэвсгийн хөтөлбөрөө өргөжүүлж байгаа , Пакистан улсад М-11 пуужингаа Хятад худалдсан, хүний эрх байнга зөрчигдөж байгаа гэдгийг нэрлэж болно.

Бага хурал эхлэхэд нэг cap хүрэхгүй хугацаа үлдээд байхад Хятадын засгийн газар өөрийн нэр хүндийг цаашид унагаад байх шаардлагагүй гэж үзсэн бололтой, Харри Вуг 8-р сарын 24-нд шүүхээр “тагнан турших ажил гүйцэтгэсэн” хэмээн буруутгаад, улс орноосоо гаргалаа. Зарим нэг тайлбарлагчид, түүний дотор ноён By өөрөө ч гэсэн Америкийн засгийн газрыг Хятадтай улс төрийн хэлэлцээ хийж, хэрэв Тэргүүн хатагтайг бага хуралд хүрэлцэн ирж, өөрийг нь хүлээж авч байгаа талаар ямар нэг шүүмжлэл хэлж ярихгүй байх нөхцөлд Вуг суллахаар тохиролцсон гэж үзэж байлаа. Энэ бол эмзэг, эгзэгтэй яриа мөн боловч манай засгийн газар, Хятад хоёрын хооронд ямар ч хэлэлцэж тохиролцсон явдал гараагүй юм. Вугийн асуудлыг ийнхүү шийдсэний дараа Цагаан ордон болон төрийн департаментаас намайг тийшээ явах ёстой гэж үзсэн билээ.

Калифорнид эргэж ирээд ноён By миний шийдвэрийг буруутгаж, бага хуралд би оролцох нь Хятад дахь хүний эрхийн байдлыг чимээгүй зөвшөөрсөн хэмээн тооцогдох болно гэлээ. Түүний конгрессвумен Нэнси Пелоси бага хуралд миний оролцох явдлыг Хятадын хувьд сайн сурталчилгааг амжилттай хийсэн хэрэг болно гэж мэдэгдэв. Энэ үед Билл бид хоёр Вайонминг муж улсын Жексон-Холлд амарч, асуудлын эерэг, сөрөг талуудыг дэнслэн үзсэн юм. Нэгэнт By суллагдсан болохоор хүний эрхийн асуудлын талаар Хятадыг эсэргүүцэх хамгийн сайн арга бол үүнийгээ шууд, өөрийн нь нутаг дэвсгэр дээр хийх явдал юм гэсэн миний санааг Билл дэмжлээ.

Америкийн Үндсэн хуульд эмэгтэйчүүдийг сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй болгосон нэмэлт оруулсны 75 жилийн ойд зориулан Вайомингэд хийсэн хүлээн авалт дээр Билл санал зөрөлдөөнийг арилган, эмэгтэйчүүдийн эрхийг бататгах үйл хэрэгт чухал байр суурь эзлэх арга хэмжээ хэмээн үзэж, АНУ тус бага хуралд оролцох явдлыг сайшаасан юм. “Энэ бага хурал нийгэмд эмэгтэйчүүдийн статусыг улам дээшлүүлэх чухал боломжийг бүрдүүлж байна” гэж тэрээр хэлсэн билээ.

Наймдугаар сарын сүүлчээр Тетонд бидний гэр бүлийн амралт дуусах тийшээ хандаж байлаа. Бид сенатч Жей Рокфеллер, түүний гэргий Шарон нарын өрнөдийн хэв маягаар барьсан тохилог байшинд буулаа. Цагийн ихэнхэд нь би номон дээрээ ажиллан, Америкийн хамгийн гайхамшигтай газрын нэгээр дугуйгаар юм уу, мориор зугаалах Билл, Челси хоёрыг атаархангуй ажиглаж суух болов. Үүнээс өмнө, өмнө зүгийн Коларода муж улсад таван долоо хоног жуулчны лагерт байсан Челси маань камераар бичлэг хийж, хад цохионд авиран, ууланд урц оромж барьж, аялал жуулчлалын аливаа юманд суралцсаныхаа хувьд бяцхан аялал хийе гэж биднийг ятгалаа.

Би коллежид байснаасаа хойш аялалд яваагүй, Билл маань болохоор биднийг Америк даяар явах үед Йосемитийн үндэсний паркийн зогсоол дээр машиндаа хоносныг эс тооцвол ерөөсөө аялалд явж байгаагүй ажээ.

Бид юү ч хийхэд бэлэн байсан боловч ер олигтой юм болсонгүй. Бид унадаг дугуйгаар зугаалж, задгай талбайд хээр хонохоор зэхэж байгаагаа аюулгүйн албаныханд хэлчихсэн чинь ажил гэдгийг ундруулж өгсөн билээ. Биднийг товлосон газартаа хүрч ирэхэд тэд эргэн тойронд нь цамхаг босгочихсон, шөнийн хараатай харуул энд тэндгүй тавьчихсан байв. Чамин тансаг амарна гэсэн маань модон шалтай майхан, хийлдэг гудас төдий л болж хоцорсонд Челси бараг элгээ хөштөл инээж билээ.

Вайомингаас бид Хавайд нисэж ирсэн бөгөөд тогтсон зан үйлийн дагуу, 1995 оны 9-р сарын 2-нд Билл Перл-Харбор болон үндэсний дурсгалын булшин дээр Японыг ялсны 50 жилийн ойд зориулан үг хэлэх байв. Унтарсан галт уулын тогоонд байрласан учир “аяга” нэр авсан энэ булш дэлхий 2-р дайны үед Номхон далайд болсон байлдааны үеэр, түүний дотор Перл-Харборын бөмбөгдөлтийн үед, дараа нь Солонгос, Вьетнамд амь үрэгдсэн 33,000 гаруй хүний нойрсож буй газар байлаа. Энд байгаа булш бунхнууд, тэрчлэн уг ёслолд гэр бүлээрээ оролцож байгаа ахмад дайчид манай эрх чөлөөний төлөө бид бүхний амссан хүнд хэцүү гарз хохирлыг чимээгүйхэн сануулж өглөө.

Би шөнийн турш Канеохе дахь цэргийн баазын нутаг дэвсгэр дээрх бидний байрласан бяцхан зочид буудалд нойргүй суун номон дээрээ ажиллаж, бас Бээжинд хэлэх үгийнхээ сүүлчийн хувилбарыг боловсруулав. Харри Вутай холбоотой бүх түүхийн цорын ганц сайн тал нь гэвэл НҮБ-ын бага хуралд асар ихээр анхааран сонирхох явдлыг бий болгосон юм. Бүхний хараа Бээжингийн зүг, бас миний зүг чиглэсэн байлаа. Би аппаратынхаа хамт хүний эрхийн салбар дахь АНУ-ын байр суурийг тов тодорхой тайлбарлан таниулах мэдэгдэл дээр ажиллаж, хэвшил болсон тодорхойлолт дээр эмэгтэйчүүдийн эрхийг нэмж оруулав. Хятадын засгийн газрыг эрх мэдлээ хэтрүүлж байгаа, тухайлбал үр хөндөлтийг хүчээр хийдэг, тэрчлэн үг хэлэх, хурал цуглаан хийх эрх чөлөөг хэзээнээс нааш хавчин боогдуулсаар ирснийх нь төлөө шүүмжлэх хүсэл надад төрсөн билээ. Удалгүй би агаарын цэргийн нисэх хүчний онгоцонд сууж, 14 цагийн нислэгтээ бэлдлээ. Энэ удаа хайртай хүмүүс минь хамт явсангүй. Челси удахгүй хичээлдээ орохоор аавтайгаа нисэв.

Хоол өгсний дараа онгоцны танхимын гэрлийг унтрааж, зорчигчид бүтээлгээр биеэ хучин, Номхон далайн дээгүүр унтаагаараа нислээ. Харин үг хэлэх хүмүүс л ажилласаар байлаа. Хэлэх үгийн маань тав дахь ч билүү, зургаа дахь ч билүү удаагийн засвар хийсэн хувилбар боловч бид түүнийг засаг захиргааны бусад шинжээчдэд үзүүлэх хэрэгтэй байсан юм. Төрийн нарийн бичгийн даргын Дорнод Ази, Номхон далайн бүс нутгийн хэрэг эрхэлсэн туслахаар Билл томилсон, Хятад дахь элчин сайд асан Уинстон Лорд, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хүний эрхийн мэргэжилтэн Эрик Шварц, Мадлен Олбрайт гурав бүүдгэр гэрэлтэй ширээн дээр тонгойн, хэлэх үгийн эхийг засварлалаа. Дипломат аливаа алдаа ташаарал, санамсаргүй гаргасан эндэгдлийг нэг бүрчлэн засах үүргийг тэд хүлээсэн юм. Үүний өмнө юу боллоо гэдгийг бүгд мэдэж байсан болохоор ганц хуудуу үг хэлэхэд л дипломат шуугиан гарна гэдгийг ойлгож, шинжээчид үг нэг бүрийг өөлж байлаа. Мэргэжилтнүүд хэрэгт хутгалдаад эхэлмэгц л миний дургүй хүрч эхэлдэг юм. Тэд заримдаа хэтэрхий өөнтөгч, дэндүү их чармайдаг болохоор сайхан үгний оронд шал дэмий санаа гарч ирдэг байлаа. Энэ удаа арай өөр байлаа.

-Та хэлэх үгэндээ чухам юуг илэрхийлэх гэсэн юм бэ? гэж Мадлен өмнө нь надаас асуусан юм.

- Эмэгтэйчүүд, хүүхдийн төлөө хүч хүрэх болгоноо л хийх гэсэн юм гэж би хариулж билээ.

Мадлен, Вин, Эрик гурав надад хүний эрхийг тодорхойлсон хэсгийг арай хүчтэй болгож, Венад саяхан хүний эрхийн асуудлаар хийсэн дэлхий дахины бага хурлаар уг тодорхойлолтыг баталгаажуулсан тухай сануулахыг зөвлөв. Тэрчлэн дайны үед эмэгтэйчүүд ямар байдалтай байсан талаар, цэргийн тактикийн нэг элемент болсон хүчирхийлэх явдал амьдрал дээр yrcaм олширч байгаа, тэрчлэн харгис хатуу мөргөлдөөнөөс зайлсхийж, хөрш зэргэлдээх улс орнууд руугаа дутаах эмэгтэйчүүдийн тоо өсөж байгаа явдалд нэлээд анхаарч, дэлгэрэнгүй өгүүлэх зөвлөгөө өгсөн билээ. Гэхдээ хамгийн гол нь хэлэх үгийн маань хамаг хүч чадал түүний энгийн бас сэтгэл хөдөлгөсөн шинж чанарт байгааг шалгасан хүмүүс ойлгосон юм. Гарч болзошгүй таагүй байдлаас намайг ангижруулах ажлаа тэд гүйцэтгэхийн ялдамд үгийг маань нэг их өөрчилж хөндөхийг бодсонгүй.

Миний багийг толгойлж байсан Висконсин муж улсын өмгөөлөгч Брэнди Уильямсон миний хэлэх үгийн агуулга ямар байхыг сонирхсон лавлагааг Хятадын албан ёсны хүмүүсээс авчээ. Тэд намайг тус бага хурал дээр өөрийн биеэр оролцож байгаад талархахын зэрэгцээ хэлсэн үгэнд маань гонсойж хоцрох хүсэлгүй байгаа, тэрчлэн “Хятад зочломтгой зан”-г үнэлж хүндэтгэнэ гэдэгт найдаж буйгаа ойлгуулсан байв.

Иймэрхүү аялалд нойр гэдэг маш нарийн хэрэгцээ байдаг. Нойр сайн авахгүй бол уулзалт яриа, зоог дайллага болон бусад аливаа арга хэмжээн дээр нүдээ аньж, толгойгоо донхолзуулсан амьтан үүрэглэн суух болдог юм. Бээжингийн хамгийн тансаг “Хятад ертөнц” зочид буудалд биднийг ирэхэд шөнө дүл нэгэнт өнгөрчээ.

Хэдхэн цагийн нойр авсны дараа Мягмар гарагийн өглөө би хамгийн анхны албан ёсны арга хэмжээ болох эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд зориулсан зөвлөгөөнд оролцохоор явлаа. Эл зөвлөгөөнийг Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагаас зохион байгуулсан бөгөөд миний хэлэх үгийн сэдэв бол баян чинээлэг болон ядуу орнууд дахь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар анхаарч буй зааг ялгааны асуудал байлаа.

Ийм байтал ерөнхий хуралдаан хийх танхимд байраа эзлэх цаг нэгэнт болов. Энэ танхим НҮБ-ын хамтарсан хуралдааны танхимын жаахан багасгасан хувилбар мэт ажээ. Амьдралдаа би хэдэн мянган удаа үг хэлж байсан ч энэ удаа их л тэвдлээ.

Миний ярих зүйл өөрийн минь хувьд их чухал байснаас гадна би улс орноо төлөөлөх үүрэг хүлээсэн билээ. Энэ бол АНУ-ын хувьд ч, тус бага хурлын хувьд ч дэлхийн эмэгтэйчүүдийн хувьд ч, миний өөрийн хувьд ч туйлын чухал арга хэмжээ байсан юм. Хэрэв бага хурал ямар ч үр дүнд хүрэхгүй бол авьяас чадвараа хэрэгжүүлэх бүрэн бололцоог эмэгтэйчүүдэд аль болох бүрэн дүүрэн олгох асуудалд дэлхий олон нийтийн анхаарлыг татах гэсэн ээлжит бүтэлгүй оролдлого хэмээн түүнийг үзэх болно. Би улс орноо, эр нөхрөө, өөрөө өөрийгөө эвгүй байдалд оруулахыг огтхон ч хүсээгүйн дээр эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудлыг сөхөж тавих ийм ховор боломжийг алдахыг бүр ч хүсээгүй юм.

Манай төлөөлөгчид бага хурлын хэлэлцэх асуудлын талаар зөвшилцөж, зарим төлөөлөгчид Америкийн төлөөлөгчдийн саналыг хүлээж авахыг хүсэхгүй байлаа. Эмэгтэйчүүдийн эрхийн тухай сэдэв хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөн нөлөөлж байсан нь миний зорилтыг улам түвэгтэй болголоо.

Эрүүлийг хамгаалахын шинэчлэл хийх талаар хүссэн бодсоноо олон нийтийн сонорт хүргэхэд сэтгэл хөдлөл их тус дөхөм болдгийг би сайтар ойлгосон юм. Дуу хоолойны минь өнгө, сэтгэл догдлол маань миний хэлсэн ярьсан үгнээс үүдэн хүмүүст төрсөн санаа бодлыг үгүйсгэчих вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй байсан бөгөөд эмэгтэйчүүдийг яагаад ч юм нийгмийн дунд сэтгэлийн хөдөлгөөнөө дэндүү илэн далангүй илэрхийлдэг хэмээн шүүмжилдэг билээ.

Танхимд суух олныг би хараад зүсэн зүйлийн өнгө будгийг хослуулсан өөр өөр арьстан эмэгтэйчүүдийг олж харав. Зарим нь европ хувцастай, зарим нь үндэснийхээ хувцастай ажээ. Ихэнх нь шууд орчуулгын чихэвч зүүсэн ба энэ байдал нь урьдаас бидний олж хараагүй нэг нарийн учрыг бий болгож байлаа. Үг хэлэх үедээ би ганц хариу үг сонсоогүй бөгөөд сонсогчдынхоо хэмнэлд орж зохицон, тэдний хариу урвалыг ойлгож чадахгүй байсан бөгөөд зогсолт, үгээ таслах зэрэг нь хэдэн арван хэлний хувьд таарч тохирохгүй байсан юм.

Бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Гертруд Монжеллад би талархлаа илэрхийлээд, дэлхий дахины эмэгтэйчүүдийн энэ хуралд оролцох бололцоо олгосныг нь их өндөр үнэлж байгаагаа мэдэгдэв.

Энэ  бол үнэхээр баяр ёслол, эмэгтэйчүүдээс орон гэртээ, ажил дээрээ, нийгэмд гэх мэт амьдралын бүх тал дээр золиос шаардаж байдаг тэр золиослох, золиослогдох ёсны баяр ёслол байлаа. Эхчүүд, эхнэрүүд, эгч дүүс, охид, суралцагчид, ажилчид, удирдагчид... эд бүхний эмэгтэй шинж чанар, төрх байдал. Эмэгтэйчүүд бид харилцан адилгүй өөр өөр мэт боловч бидний нийтлэг шинж илүү олон юм.

Бидний ирээдүй ч ав адилхан: дэлхий даяар эмэгтэйчүүдийг илүү хүндэлдэг болгоход, улмаар гэр бүлийн институтын бат бэх, тогтвортой байдлыг хангахад тус болох тийм нийтлэг байр суурийг бид олох ёстой байв.

 

Үг яриа маань энгийн бөгөөд ойлгомжтой байгаасай гэж би бодсон бөгөөд эмэгтэй хүний эрх гэдэг бол хүний эрх гэдгээс ялгаагүй ав адилхан зүйл гэдэг энгийн санаа бодлыг бүгдэд хүргэж ойлгуулахыг хүслээ. Эмэгтэйчүүдийн хувьд өөрийнхөө амьдралын замыг өөрөө сонгодог байх нь ямар чухал гэдгийг би цохон тэмдэглэх ёстой байв.

Би амьдралынхаа туршлагаас хуваалцан, дэлхийн янз бүрийн газар оронд надтай уулзаж байсан эмэгтэйчүүд хүүхнүүдийн талаар, боловсрол олж авах, эрүүл мэндээ хамгаалуулах, эдийн засгийн хараат бус байдлыг олж авах, иргэний эрхээ бататгаж, улс төрийн амьдралд оролцох, чухам эмэгтэйчүүдийн нуруун дээр ачаа болон үүрүүлдэг нийгмийн тэгш биш, шударга бус байдлын эсрэг тэмцэх зэргийн төлөө хүч чармайлтаа шавхаж буй тэр хүмүүсийн талаар ярилаа.

Уг чуулга уулзалтыг бага хурлын үндсэн үйл ажиллагааны хүрээнд хийхэд засгийн газрын бус байгууллагууддаа саад учруулж байсан Хятадын албаны хүмүүст миний яриа бараг таалагдаагүй биз. Амаржихын өмнөх үеийн ариун цэврийн асуудлаас жижиг зээл олгох хүртэлх үй олон асуудал хэлэлцэх хүсэлтэй байсан засгийн газрын бус байгууллагууд Бээжингээс хойш 40 км орчим зайд орших Хуайроу хэмээх жижигхэн хот руу аргагүйн эрхэнд шилжин байрлажээ. Би хэлсэн үгэндээ Хятадыг ч юм уу, өөр ямар нэг улс орны нэр заагаагүй хэдий ч хүний эрх зөрчдөг талаар ярихдаа хэнийг хэлж байгаа нь эргэлзээгүй илэрхий байсан юм.

“Бидний энэ дуугүй, чимээ аниргүй байдлыг шинэ мянганы эхэн дээр эвдэх цаг нэгэнт иржээ гэдэгт би итгэлтэй байна. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хүний эрхээс салангид хэлэлцдэг эл практикийг цааш тэвчин хүлцэх аргагүй гэдгийг энд Бээжинд, улмаар дэлхий дахинаа хэлж ярих цаг болжээ... Эмэгтэйчүүдийн түүх дэндүү удаан хугацаанд аниргүй байдлын түүх байсаар ирлээ. Бидний амыг барихыг оролддог хүмүүс одоо ч байгаа билээ.

Энэ бага хурал дээр, Хуайроуд хийсэн уулзалт дээр цуурайтаж байгаа дуу хоолойг тов тодорхой сонсож мэдсэн байх ёстой. Хүүхдийг хооллож тэтгэхээс татгалзаж, ердөө л охин хүүхэд болж төрсний нь төлөө живүүлэх юм уу, боож ална гэдэг бол хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг юм.

Эмэгтэйчүүд хүүхнүүдийг боол болгож худалдаж, албаар янхан болгож байгаа явдал бол хүний эрхийг зөрчиж буй хэрэг.

Эмэгтэй хүнийг инж нь бага байгаагийн улмаас бензин цацан шатааж байгаа хэрэг бол хүний эрхийг зөрчиж буй хэрэг.

Эмэгтэйчүүд өөрсдийнхөө хэсэг бүлгийн гишүүдийн хүчирхийлэлд өртөх юм уу, хэдэн мянган хүн түүний тактикийн зорилгоор буюу цэргийн олз омгоо болгон хүчирхийлж байгаа явдал ч хүний эрхийг зөрчиж буй хэрэг мөн. 14-40 насны эмэгтэйчүүдийн үхлийн үндсэн шалтгаан нь тэд өрсдийнхөө орон гэрт, өөрсдийнхөө төрөл садны зүгээс хүчирхийлэлд өртөж байгаа нь хүний эрхийг зөрчиж буй явдал.

Залуухан хүүхнүүдэд ихээхэн өвдөж шаналгадаг, доромжлон гутаасан шинжтэй гениталь мэс засал хийдэг болсон нь хүний эрхийт зөрчиж буй явдал.

Эмэгтэйчүүд өөрөө өөрсдийнхөө хувь заяаг төлөвлөдөг байх эрхийг хасаж, өөрсдийнх нь дур зоригоос ангид үр хөндөж, үргүй болгож байгаа нь хүний эрхийг зөрчиж буй хэрэг мөн.

Энэ бага хурлаас бидний хийх ёстой, даян дэлхийгээр нэг цуурайтах гол зүйл бол хүний эрх үүрд мөнхөд эмэгтэйчүүдийн эрх болж, эмэгтэйчүүдийн эрх хүний эрх болох болтугай! гэсэн мэдэгдэл юм  гэж би хэлсэн билээ.

Цөмөөрөө өөр өөрсдийн улс оронд буцаж очмогцоо эмэгтэйчүүдийн эрхийн төлөө хийх тэмцлээ нэгтгэхийг би тэдэнд уриалаад, “Та бүхэнд их баярлалаа! Та бүгдийг, та нарын ажил үйлсийг, бас өмнөөс нь та бүхэн энэ бүгдийг хийж байгаа тэр бүх эмэгтэйчүүдийг бурхан ивээх болтугай” хэмээн үгээ дуусгасан юм.

Огт санаандгүй юм болж, миний яриаг анхаарлаа төвлөрүүлэн сонссон төлөөлөгчид суудлаасаа босон нижигнэтэл алга ташлаа. Тэд надад хүрэхийг чармайж, сайшаан талархсан үг хашхиран, энд ирсэнд минь талархал илэрхийлсэн бөгөөд бүр Ватиканы төлөөлөгч хүртэл ийм үг хэлсэнд маань талархаж байв. Танхимын гадна байсан эмэгтэйчүүд хашлаган дээгүүр тэгнэн зүтгэж, шатаар доош гүйлдэн гарыг минь атгахыг хичээж байлаа. Ингэж хүлээн авна гэж санаагүй болохоор энэ бүхэнд маш цочирдсон бөгөөд хэвлэл мэдээллийнхний санаа бодол ч баярлахаар байсан юм. “Нью-Йорк таймс” сонины редакцийн өгүүлэлд “Түүний хэлсэн үг түүний улс төрийн ахиц дэвшилд хамгийн гайхамшигтай агшин ч байж болох юм” хэмээн бичжээ. Хорин нэгэн минут үргэлжилсэн миний үг бүх дэлхийн эмэгтэйчүүдийн тунхаг болж хувирна гэдгийг тэгэхэд мэдээгүй билээ. Одоо ч гэсэн намайг хилийн чанадад явж байхад тааралдсан эмэгтэйчүүд Бээжинд хэлсэн үгнээс минь эш татах юм уу, энд тэнд бичсэн хуулбар дээр нь гарын үсэг зурахыг хүсдэг.

"Хорин нэгэн минут үргэлжилсэн миний үг бүх дэлхийн эмэгтэйчүүдийн тунхаг болж хувирна гэдгийг тэгэхэд мэдээгүй билээ" Хиллари Клинтон

Хятадын засгийн газар тийм ч таатай хандаагүй бөгөөд бага хурлын танхимд болж байгаа үйл явдлыг танхимын гаднах өрөөнүүдэд дамжуулж байсан телевизийн дотоод холбоог албаны хүмүүс тасалсныг би дараа нь мэдсэн юм.

Эгэл олон түмнийхээ хүлээж авах мэдээллийг хязгаарлахыг Хятадын эрх баригчид эрмэлздэг, өөрсдөө харин маш сайн мэдээлэлтэй байсныг бид хэдэн цагийн дараа зочид буудалдаа эргэж ирээд мэдэв.

Хавайн арлаас ниссэн цагаасаа хойш би сонин олж хараагүй явсан бөгөөд “Интернейшнл геральд трибюн” байвал нэг харах юмсан хэмээн нэг туслахдаа цухуйлгав. Хэдхэн минутын дараа хаалга тогших чимээ гарч, шидэт саваагаар дохисон мэт сонин бий болов. Миний хүсэлтийг хэн сонсоод, хэн түүнийг авчирч өгсөн нь ерөөсөө мэдэгдэлгүй хоцорч билээ. 

Дипломат болон протоколын асуудлын зэрэгцээ аюулгүй байдлын зарим асуудлыг тусгасан зааврыг би Хятад руу мордохынхоо өмнө төрийн департамент болон аюулгүйн байдлын албаныхнаас хүлээж авсан бөгөөд миний бүх үг яриа, үйл хөдлөл, ялангуяа зочид буудлын өрөөнд цаг үргэлж бичигдэх болно гэж бодож явах ёстойг минь тэнд сануулсан байв. Сонин гэнэт гарч ирсэн нь ердийн нэг тохиолдол уу, эсвэл Хятадын аюулгүйн албаныхны шуурхай, оновчтой ажиллагааны нэг илрэл жишээ юү гэдгийг би мэдээгүй боловч энэ явдал бидний инээдийг их хүргэж бас ямар түгшүүртэй байдалд бид байгааг, биднийг цаг үргэлж харж сонсож буйг сая л яс махандаа шингэтэл ойлгосон юм. Энэ үеэс эхлэн миний ажилтнууд телевизийн дэлгэц руү ирмэх юм уу, гэрлийн чийдэн рүү хандан пицца, бифштекс, сүүнин коктель зэргийг биднийг ажиглаад байгаа тэр хүмүүс авчраад өгчих болов уу хэмээн найдсан хэдий ч мөнөөх сониноос өөр юуг ч бид хүлээж аваагүй болой.

Бага хурал дээр үг хэлснийхээ маргааш нь би бага хуралд оролцох зөвшөөрөл олж авч чадаагүй засгийн газрын бус байгууллагуудын төлөөлөгчдийн өмнө үг хэлэхээр Хуайроуд ирэв. Манай төлөөлөгчдийн бас нэг гишүүн, Цагаан ордны эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний албаны тэргүүн, Биллийн танхимд найман жил ажилласан Донна Шалала намайг дагалдан явлаа. Донна америкчуудын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг бататган бэхжүүлэхийг шантралгүй зорьдог, бас ааш зан яхир хатуугаараа нэлээд зартай нь Хуайроуд тодхон харагдсан юм. Бүрхэг өдөр болж, бороо орж бүх юм чийгтэй нойтон болжээ. Манай бяцхан цуваа цагаан будаа тариалсан тэв тэгшхэн талбайн дэргэдүүр умар зүгт, засгийн газрын бус байгууллагуудыг эрх баригчид хөөж аваачсан тэр газар луу хурдалж явав. Урьдчилан болгоомжлох арга хэмжээг авсан хэдий ч ар талын албаныхан Хуайроугийн орчимд цугларсан хэдэн мянган идэвхтнээс сэрэмжилж байсны дээр тэнд миний очих нь тэдний бодлоор бол нөхцөл байдлыг даамжруулах байжээ. Урьд өдөр нь тэдний засгийн газрыг шүүмжилсэн нь тэдэнд тийм ч их баяр хөөр авчраагүйгээс гадна Бээжингээс хөөгдсөн энэ эмэгтэйчүүдэд би одоо юу хэлэх бол гэдэгт тэд илүү санаа зовж байсан аж.

Бороо орсны улмаас чуулга уулзалтыг яаран сандран өөрчилсөн кино театрт хийхээр болж, тооцоолсноос хоёр дахин олон буюу гурван зуу гаруй хүн биднийг очих үед дотор нь чихчихсэн байлаа. Гадаа нь хэдэн зуугаараа, усан бороонд шавар шавхайд хутгалдан зогсох эдгээр идэвхтэн эмэгтэйг Хятадын цагдаагийнхан тогтоон барьж байв. Миний машиныг харангуутаа тэд бороохойгоороо хүмүүсийг чичлэн хатгаж, хойш түрж харагдана. Эмэгтэйчүүдийн зарим нь шавхай дунд унаж байх ажээ.

Мелани энд надаас арай түрүүлж, уран цэцэн үг яриатай, хэвлэлийнхэнтэй маш чадварлаг харьцаж чаддаг хэвлэлийн нарийн бичгийн даргын маань орлогч Нил Латтиморын хамт ирсэн байв. Аюулгүй байдлын ажилтны нэг нь үймэлдэн шавааралдсан олны дотроос Меланийг олж харангуутаа урт гараа сунган, бараг л угз татан дотогш оруулсан гэнэ. Буцаж няцдаггүй зантай Келли Крейгхед аюулгүй байдлын хэдэн ажилтны хамт төөрч орхисон Донна, бүлгийн маань бас өөр хэдэн гишүүнийг олж авах зорилгоор олны дунд хутгалдан орж явчихав. Тэд бидэнтэй ирж нийлэх үедээ голдоо ортол нэвт норсон байлаа. Нил биднийг дагалдан яваа хэвлэлийнхэнд санаа тавьж, автобуснаас нь гарган, хэнийг ч үлдээхгүйн тулд хамгийн ард нь явжээ. Гэвч тэрээр усанд норж шолбойсон бөөн хүмүүсийн дундуур нэвтэрч чадсангүй. Тэгэхэд нь Нил хүмүүсийг тогтоон саатуулж байсан цагдаа нарын нэгэнд хандсан боловч урдаас нь зандран хашхичин, байсан газраас нь бүр холдуулж орхисноор мань хүн Бээжин хүртэл хоёр зээрдээрээ явсан билээ.

Хятадын цагдаагийнхны бүдүүлэг үйл ажиллагаа засгийн газрын бус байгууллагуудын төлөөлөгчдийг улам ч дэвэргэснээр намайг тайзан дээр гарч ирэхэд тэд алга ташин дуу дуулж, орилж хашхирч байлаа.

Нэгдэн нийлэх энэ бодол санаа надад таалагдсан бөгөөд эдгээр байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд, иргэний нийгэм болон ардчиллыг тогтоохын төлөө заримдаа бүр аюултай нөхцөлд тэмцэж байгаад бахдан биширч байгаагаа би илэрхийлэв. Засгийн газрын бус байгууллагууд бол хувийн сектор болон төрийн аппаратыг хяналтдаа байлгахад тус дэм үзуулж байдаг энхийг сахиулагч хүч билээ.

Дэлхий дахины ийм байгууллагуудын явуулдаг үйл ажиллагааны талаар ч би тэдэнд ярихдаа Нью-Дели хотын сургуулийн сурагч охины бичсэн “Аниргүй байхуй” гэдэг найраглалаас уншиж өгөв. Энэ нь уг чуулга уулзалтыг тасалдуулан, энэ олон эмэгтэйчүүдийн үг хэл, үзэл санааг хааж боох гэсэн Хятадын засгийн газрын оролдлогын эсрэг сайн ерөндөг болох мэт надад санагдсан юм.

Аниргүйн хөшгийг хуу татан хаяж, үйл хэргийнхээ төлөө дуу хоолойгоо өргөхийн тулд хэдэн мянган миль газрыг туулж ирсэн энэ эмэгтэйчүүдийн зориг зүрх, хүсэл эрмэлзэл намайг зоригжуулж байсан билээ. Хуайроуд миний харсан тэр дүр зураг дараа дараагийн жилүүдэд ч нүдэнд минь харагддаг байлаа. Чөлөөт нийгэм дэх амьдрал, засгийн газрынхаа хяналтад байх хоёр ямар ялгаатайг нэг газар олж харах боломж тэр болгон олдоггүй биз ээ.

МОНГОЛД АНХ УДАА

Намайг Хятад руу явах нь тодорхой болмогц урьд нь ЗХУ-ын хараат улс байгаад 1990 онд хөрш коммунист Хятад орны жишээг үл даган, ардчиллын замыг сонгон авсан Монголд нэг өдөр саатах саналыг засаг захиргаанаас надад санал болгов.

Гэвч дөнгөж эхэлж байсан тэдний ардчилал ихээхэн бэрхшээлтэй учирсан аж. ЗХУ-ын тусламж ирэхээ больж, тус орон эдийн засгийн ноцтой хүндрэлд орсон байв. АНУ-ын хувьд Монголын ард түмэн болон түүний сонгогдон гарч ирсэн удирдагчдад тусламж дэмжлэгээ ил тодоор харуулах явдал нэн чухал байсан болохоор дэлхийн хамгийн алс холын нийслэлийн нэгэнд Тэргүүн хатагтай айлчлан очих нь энэ тусламж дэмжлэгийг илтгэн харуулах нэг арга байлаа.

Улаанбаатар хамгийн хүйтэн хотын нэг ажээ. Есдүгээр сард энд цас унах нь тийм ч ховор биш гэнэ. Гэвч биднийг энд ирсэн тэр өдөр тэнгэр цэв цэлмэг, наран тодоос тод ээж байв. Машинаар 45 минут яваад бид нэг өндөрлөг газарт хүрч, мянга мянган нүүдэлчин монгол айлын нэгнийд зочиллоо. Энэ гэр бүлийн гурван үеийнхэн яс модон дээр зузаан эсгийгээр бүрэн битүүлсэн хоёр том гэрт амьдрах аж. Би бэлгэнд зориулж гар хийцийн эмээл авчирснаа энэ айлын хамгийн ахмад хүнд өгөөд, эр нөхөр минь мал аж ахуй эрхэлдэг нутагт төрж өссөн болохыг тайлбарлав. Би орчуулагчаараа дамжуулан асууж лавлаж, энэ айлын одоо байгаа нутаг бол эдний зусдаг газар юм байна, удахгүй тэд говь руугаа дөхөж, арай дулаан өвөлжөөндөө буух юм байна гэдгийг ойлголоо. Айлууд мал сүрэг, аж ахуйгаа цөмийг нь авч нүүдэг бөгөөд мах, айраг, сүүгээр хийсэн бүтээгдэхүүнээр хоол хүнсээ хийн, хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан өвөг дээдсийнхээ адил хэв маягаар амь зуудаг ажээ.

Тэдний нутаглаж байгаа газар орны уужим цэлгэр, нам гүм, байгалийн унаган гоо сайхан төрх үнэхээр гайхам бишрэм ажээ. Бүр жаахан хүүхдүүд морь унан давхиж явах бөгөөд тэдний залуухан, царайлаг ээж гүү яаж саадгаа харуулав. Энд соёл иргэншлийн ганцхан илэрхийлэл байгаа нь хуучирч муудсан нэг хүлээн авагч байлаа. Тэд зочломтгой зангаараа намайг гүүний сүүгээр исгэж хийсэн идээгээр (айраг) дайлав. Амт нь миний бодсоноос огт өөр, бүлээвтэр, йогурт маягтай бөгөөд гараа гарган өгч байхад нь шууд татгалзмаар ундаа биш аж. Биднийг дагалдаж явсан, бидний нэрлэдгээр доктор Погибель маргааш нь миний айраг амссаныг сонсоод сүйд майд болж, хүчтэй антибиотик курсээр уухыг шаардав. Тэрээр,

-Түүхий сүү уувал бруцеллёз өвчин тусаж болзошгүй гэдгийг та мэдэх үү? хэмээн намайг зэмлэж билээ.

Би энэ газар нутаг, ийм эгэл жирийн амьдралыг ихэд биширч байсан ч хуваарь ёсоор Ерөнхийлөгч П.Очирбаттай зоог барьж, дараа нь эмэгтэйчүүдийн төлөөлөгчидтэй уулзаж хамтдаа цайлах, мөн үндэсний их сургуулийн оюутнуудад үг хэлэх болохоор эндээс даруй хөдлөх хэрэгтэй боллоо.

Улаанбаатар хотод жинхэнэ монголчуудын соёлын ул мөр ч үлдсэнгүй, яагаад гэвэл зөвлөлтийнхөн хуучны бүх түүх дурсгал, байшин барилгыг нь юу ч үгүй нураагаад, Сталины үеийн нэг хэв загварын барилгуудаар сольсон аж. XIII зуунд асар том Монголын эзэнт гүрнийг захирч явсан Чингис хааны нэрийг дурсахыг хүртэл хоригложээ.

Улаанбаатарт бидний явж өнгөрсөн гудамжны дагуу бөөн бөөн хүмүүс зогсож байсан боловч бусад орныхонтой адил гараараа даллаж, орилж хашхирсангүй, зүгээр л чимээгүй харан хүндэтгэлээ илэрхийлэх ажээ. Америк орноос ирсэн өндөр хэмжээний зочныг угтахаар хуран цугларсан хүмүүсийн олныг хараад би үнэлсэн ч сүүлд нь дуулбал тэд намайг өөрийг минь хүндэтгэхээсээ илүү бидний сууж явсан машиныг сонирхсон байж магадгүй гэнэ.

Их сургууль дээр би үг хэлэхдээ үгээ таслан, орчуулагчийг монгол хэлээр орчуулж дуусахыг нь хүлээж байв. Би Монголын ард түмний эрэлхэг зоригийн тухай ярьж, ардчиллын төлөө тэмцлээ үргэлжлүүлэхийг тэдэнд уриалав. Ардчиллын хүч чадалд эргэлзэгч, түүнийг хамгийн хүнд хэцүү газар оронд ч батжин бэхжиж чадна гэдэгт тээнэгэлзэж буй хүн бүхэнд Монголыг жишээ болгон дурдаж байх саналыг Уинстон Лорд дэвшүүлжээ. Лайза маань ч “Монголд ирцгээгтүн!” гэсэн уриаг гаргаж ирэв. Тэр цагаас хойш ардчиллын төлөө тэмцэж байгаа улс оронд бид очсон үедээ цөм дуугаа нийлүүлэн “Монголд очигтун!” хэмээн уриалдаг болсон билээ. Үнэхээр ч тэнд очигтун!

Нутагтаа буцаж явахдаа би надтай уулзаж учран, санаа бодол итгэл үнэмшлээ хуваалцсан тэдгээр эмэгтэйчүүдийн талаар бодож байлаа. Тэр бүх бодол санаа минь ертөнцийн бүх эмэгтэйчүүдтэй холбоо хэлхээтэй, эв нэгдэлтэй байгааг минь надад мэдрүүлж өгсөн юм. Энэ удаа бүх нэр алдар нь надад ногдсон хэдий ч чухамдаа тэдгээр эмэгтэйчүуд, тэдний бүх амьдрал, ажил үйлс л хамаг бартаа саадыг нэвтлэн, нийт дэлхий дахины агуу их хүндлэлийг хүртэж буй болой.

Миний хүндэтгэлийн хувьд эргэлзэх юун билээ.

x