Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газар “давхар дээл”-тэй боллоо

А.Алиман
2016 оны 11 сарын 4
MorninigNews.mn
Зураг зураг

-“Эрдэнэт” үйлдвэрийн бүх шатны эрх мэдлийг улс төрийн томилгоогоор хэрэгжүүлнэ гэсэн Засгийн газрын чиглэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын дахин давтан мэдэгдээд байсанчлан “хувийн хэвшлээ дээрэмдэхгүй” гэсэн зарчимтай нь төдийлөн нийцсэнгүй- 

“Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн төрийн өмчийн 51 хувь, хувийн хэвшлийн 49 хувийн төлөөллүүд уржигдар орой хамтран хуралджээ. Энэхүү хувь нийлүүлэгчдийн хурлаар “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх удирдлагыг томилох эрх мэдлийг Засгийн газраас хэрэгжүүлэх нөхцөлийг нэлээдгүй маргаан дунд тохиролцжээ.

Засгийн газар тус үйлдвэрийн удирдлагын эрх мэдэл, удирдлагад хяналт тавих эрх мэдлийг давхар нэг гарт төвлөрүүлэх нөхцөл тулгасныг 49 хувийг эзэмшигч тал “бизнесийн зарчимд нийцээгүй, хамтран эзэмшигчийн эрх ашгийг хангаагүй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч шийдвэрт нөлөөлөөгүй байна. Хяналтын эрх мэдлийг төрийн өмчит тал, гүйцэтгэх удирдлагын үүргийг хувийн хэвшлийн төлөөлөл гүйцэтгээд явах хувилбарыг ярилцсан ч Засгийн газрын төлөөлөл эрс няцаажээ. 

Харин ТУЗ долоон гишүүнтэй байх, 49 хувиас гурав, 51 хувиас гурван хүн томилохоор тохирчээ. Компанийн тухай хуулиар ТУЗ-ийн шийдвэр 66.6 хувийн саналаар батлагддаг учраас энэ тохиолдолд 49 хувийг эзэмшигч талын санал аливаа шийдвэрт тусгагдана гэсэн үндэслэлийг төрийн өмчийн төлөөлөл илэрхийлээд хяналтын болон гүйцэтгэх эрх мэдлийг төрд авна гэдэг Засгийн газрын чиглэлийг хамгаалан авч гарсан байна.

ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирлын эрх мэдлийг хамтран эзэмшигчид хоёр, хоёр жилээр ээлжлэн хэрэгжүүлэх санал гарсан ч дөрөв, дөрвөн жилээр төрөөс томилох Засгийн газрын чиглэлийг авч үлджээ. 

Хувь нийлүүлэгчид өнгөрсөн хугацаанд арваад удаа албан бичгээр харилцсаны эцэст анх удаа нүүр нүүрээ харан хувь нийлүүлэгчдийн хурлаа хийсэн боловч хамтын шийдэл биш төрийн сонирхолд нийцсэн шийдвэрийг гаргасан байна. Нэг үгээр бол “Эрдэнэт” үйлдвэрийн стратеги, эрх мэдэл, хяналт улстөрчдийн гарт үлдлээ гэсэн үг юм. 

Тэгэхээр цаашид “Эрдэнэт” үйлдвэрийн аливаа асуудлыг 51 хувийг нь эзэмшигч төрийн зүгээс хүч давамгай шийдээд явах юм байна гэдэг дүр зураг эндээс харагдаж байна. Олон нийтийн ажиглалтаар бол “Эрдэнэт” үйлдвэрт хувийн хэвшлийн менежмент нэвтэрснээр эдийн засгийн үр ашиг, хяналт нь сайжирна гэсэн төсөөлөл байсан ч энэ удаагийн шийдвэрээр бол 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” компани менежмент хэрэгжүүлэх бололцоогүй болж буй.

Төр хяналтын эрх мэдлээ авч үлдээд гүйцэтгэх буюу мэргэжлийн удирдлагыг хувийн хэвшилд өгч, тэднээс эдийн засгийн үр ашиг шаардах байдлаар хамтран ажилласан бол аль ч талаар хамгийн боломжтой “хамтын ажиллагаа” болох байсныг үгүйсгэмгүй. 

Лав энэ удаад “Эрдэнэт” үйлдвэрийн бүх шатны эрх мэдлийг улс төрийн томилгоогоор хэрэгжүүлнэ гэсэн Засгийн газрын чиглэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын дахин давтан мэдэгдээд байсанчлан “хувийн хэвшлээ дээрэмдэхгүй” гэсэн зарчимтай нь төдийлөн нийцсэнгүй. Харин ч төрийн төмөр нүүрээ харууллаа гэхэд болохоор.

Нөгөөтэйгүүр төрийн өмчит компаниудын алдагдал 10.8 их наяд төгрөгөөр хэмжигдэж, үр ашиггүй тэдгээр объектүүдээ эхнээс нь хувьчлах тухай ярьж байгаа Засгийн газрын концепци цаашид хол явж амжилтад хүрэхгүй болов уу гэсэн таамаглалыг төрүүлж байгааг ч хэлэх нь зүй болов уу. Учир нь тэдгээр хувьчлалыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хэрэгжүүлнэ гэж тунхаглаж байгаа хэр нь жижиг хувь эзэмшигчийн эрх ашгийг хангадаггүй, хүндэтгэдэггүй жишгийг тогтоож байна.

Уг нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх тухай үе, үеийн Засгийн газрууд ярьсаар ирсэн. Жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хангадаг эрх зүйн тогтолцоо бий болоогүй цагт хэн ч ямар ч компанид хөрөнгөө оруулж, хувьцаа худалдан авахыг хүсэхгүй. АНУ-д хөрөнгийн зах зээл өндөр хөгжсөний шалтгаан, гол хөшүүрэг нь жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг ч хамгаалж чаддаг эрх зүйн тогтолцоондоо байдаг аж.

“Эрдэнэт” үйлдвэрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээс харвал төртэй хамтран хувь эзэмшигч тал 49 хувьтай байна уу, 4.9 хувьтай байна уу ялгаагүй, эрх мэдэл, оролцоогүй байх юм байна гэдэг дүр зураг харагдаж байна.

Зураг