Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Мега төсөл ба мөрөөдлийн төгсгөл

А.Алиман
2016 оны 11 сарын 1
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

- Саяхан л уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан сэтгэлийн их хөөрөл, баярхал монголчуудыг мега төслийн мөрөөдөл рүү нисгэж, тэрхүү төслүүдийн тухай маш гоё кинонууд шил шилээ даран Youtube суваг дээр байршиж байв. Харин өнөөдөр тэр бүхэн юу болж хувирсан бэ?- 

Монголын эдийн засагт үлэмж нөлөө үзүүлэх МЕГА төслүүдийн мөрөөдөл өндрөө аван хөөсөрч байсан цаг үе дуусч, өнөө маргаашийг аргалах өр, зээлийн тухай яриан дээр бид бууж ирлээ. 

Саяхан л уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлтийг дагасан сэтгэлийн их хөөрөл, баярхал монголчуудыг мега төслийн мөрөөдөл рүү нисгэж, тэрхүү төслүүдийн тухай маш гоё кинонууд шил шилээ даран Youtube суваг дээр байршиж байв. Харин өнөөдөр тэр бүхэн юу болж хувирсан бэ?

Оюутолгой, Тавантолгой, төмөр зам... гэх мэт том мега төслүүдийн дуулиан улс төрийн хэрүүл, маргаан, талцал хуваагдал үүсгэж, эцэстээ хууль, шүүх байгууллагын хаалгаар орж, хавтас хэрэгт шургалаад дуусах тийшээ хандаж байна. 

Угаасаа ч мега төслийн шийдвэр зах зээлийн үнэ, ханш өндөр байх үед гардаг жам ёстойг хэлэх үү, монголчууд бид энэ жишгээс гажиж, тойрч чадаагүйн нотолгоо, гэрч болох ТЭЗҮ гэх үнэн, худал нь үл батлагдах хэдэн зуун хуудас цаастай л үлдэж байгаа бололтой. 
Олон улсын жишгээр бол нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт шаардагдах төслийг мега гэж тооцдог.

Тэр хэмжээнд санхүүжилт шаардагдах том мега төслүүдийг дагаж том мөнгө орж ирдэг учраас тухайн төслийг хэрэгжүүлэх “автор” нь болох гэсэн шунал улстөр, бизнесийн бүлэглэлүүдийг хооронд нь хэмлэлдүүлснээс өөр үр дагавар үнэндээ үлдээгүй мэт. Монголчуудын анхны Мега мөрөөдлийн эрин үе ийнхүү бүтэлгүйтлээр дууссан нь иргэдийн итгэлийг үгүй хийж, дахиад ямар ч сайхан Мега төслийн тухай ярьсан үнэмшихгүй болтол нь хашраасан гэхэд үнэнээс хол зөрөхгүй. 

Ямар ч том төсөл хямдхан өртөгтэй байдаггүй атал амжилттай яваа ганц том Оюутолгой төслийг яагаад хямдхан болсонгүй вэ гэж улстөрчид нь ч, иргэд нь ч одоог хүртэл шийдвэр гаргагчдаа загнасаар хэрүүл хийсээр байгаа. Төмөр замын төсөл дээр хамтран ажиллахаар болоод байсан компанийг гэмт хэрэгт холбон шалгаж байгаад эцэст нь гэрээгээ цуцалчихлаа.

Одоо өөрсдөө мөнгөгүй бидэнтэй дараагийн ээлжид мега төсөл дээр хамтран ажиллах гадаадын хөрөнгө оруулагч олдох эсэх ч эргэлзээтэй болжээ. 

Гэтэл бидний хэрэгцээ шаардлага хэдий хэмжээтэй гээч? Судлаачдын тооцоолсноор, улстөрчдийн мэдэж байгаагаар Монгол Улсын хэрэгцээ шаардлага буюу гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад санал болгох төслүүд, стратегийн орд газруудын маань санхүүжилтэд 80-100 их наяд төгрөг шаардагдахаар байгаа.

Зөвхөн Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд л 43 их наяд төгрөгийн хөрөнгийн хэрэгцээ шаардлагатай гэх тооцоо бий. Энэ бүх хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангах вэ, ямар бололцоо бидэнд байгаа вэ гэдэгт төрийн бодлогын үндсийг тодорхойлогч, ээлж дараалан эрх баригч хоёр том намын аль нь хариу хэлж чадалгүй өнөөдрийг хүрч байгаа. 

Хонгилын үзүүрт хөгжлийн гэрэл болон харагдаж байсан мега төслүүдийн мөрөөдөл өндрөөс унан унасаар газардаж, өдгөө эрх баригчид маань өнөө, маргаашийг аргалах өр, зээлийн эрэлд гараад байна. Одоо тэд олон зүйлийг ойлгосон байх аа

Зураг