Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн байгууллагад “шургалсан” бөхчүүдийг халъя

О.Уянга
2016 оны 10 сарын 28
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Баяр наадмын манлай болсон олон сайхан бөхчүүд маань нутаг ус, цол чимгээ дуудуулахаас гадна харьяалагддаг компани, аж ахуйн нэгж, байгууллагаа хүртэл хэлүүлээд байдаг даа. Улсын наадмаас авахуулаад л жижиг барилдаануудад оролцохдоо хүртэл өнөөх хэдэн компанийн нэрийг нь тайлбарлагч нар нь хэлсээр байгаад хүмүүс цээжилчихсэн байдаг.

Бүр тийм компани байдаг гэдгийг бөхөөр дамжуулан мэдэх нь ч бий. Нэг ёсондоо сурталчилгааны нэлээд шалгарсан арга болчихоод байгаа юм. Яах вэ, зах зээлийн нийгэмд нэг аятайхан компанид харьяалагдаад, цалин цагаа аваад, барилдах болгондоо нэрийг нь гаргаж, сурталчлаад явбал аятай юу.

Хэн хэндээ хэрэгтэй л байх. Харин төрийн байгууллагууд нэр дээрээсээ бөх гаргаад, дуудуулаад байх шаардлага ер нь байна уу, энэ чинь.

Тэр дундаа цэрэг, цагдаагийн байгууллагууд баахан бөхтэй байна. Мөн цахилгаан станцуудын бөх ч гэж байна. Гэхдээ тэд цагдаад ажиллаад, эргүүлд явдаг уу гэвэл үгүй.

Эсвэл цахилгаан станцад ажиллаад, хөдөлмөрлөөд явж байдаг гэж бодож байна уу, бас л үгүй. Тэгсэн мөртлөө л цагдаагийн, зэвсэгт хүчний, станцын бөх гээд л яваад байдаг.

Бас далин урамшуулал авна. Цол нэмнэ. Өнөөдөр бараг тэр яамны бөх гэж цоллуулах нь холгүй байгаа. Нэг ёсондоо улсын төсөвт бага хэмжээгээр ачаалал нэмээд л байгаа байхгүй юу. Гэтэл яг ажлаа хийгээд явж байгаа төрийн албан хаагчид ямар цалин авдаг билээ дээ.
Ийм шударга бус байдлыг халах цаг болсон юм биш үү. Өмнө нь АН эрх барьж байхдаа энэ талаар яриад л өнгөрч байсан, хэрэгжүүлж чадаагүй.

Тэгвэл одоо МАН-ынхан энэ асуудлыг нэг тийш нь болговол яасан юм бэ. Өнөөдөр төрийн байгууллага бөхөөр яах вэ дээ, илүү ачааны нэмэр. Тэгээд ч бөхчүүд шиг баян хүмүүс алга байна. Зарим нь хоёр гурван компанийн нэр дуудуулаад л явж байгаа. Тэр хэрээрээ овоо хэдэн төгрөгийн цалин авдаг байлгүй дээ.

Дээрээс нь наадамд барилдаад нэг цол авахаар нь нутгийн зөвлөлөөс нь, дэмждэг компаниас нь баахан бэлэг сэлт, мөнгө төгрөг, машин, байр өгчихдөг. Ерөөс хамгийн боломжтой, баян хүмүүс нь бөхчүүд болчихоод байгаа. Тэгээд наадам болоод заалны барилдаанд гайгүй үзээд,бай шагналаа аваад, цалингаа нэмчихээр болоод явчихалгүй яах вэ дээ.

Тэд л төрийн байгууллагын цалингаар дутав гэж. Өнөөдөр эдийн засаг ямар хүнд байгаа билээ. Тэвчиж болох бүх зардлаа хэмнэе гээд л байж байна. Хөрөнгө оруулалтын зардлыг тултал танахаар байгаа. Шинээр байшин барилга барихгүй л гэж байна.

Ийм үед төрийн байгууллагууд, цэрэг, цагдаад харьяалагдаж байгаа хэдэн бөхчүүдийн цалинг байхгүй болгочиход яагаад болохгүй гэж.
Яах вэ, тэр байгууллагаар овоглуулж, дуудуулж явах сонирхолтой бол цалин цагаагүй л байна биз. Түүнээс биш өнөөдрийн хувьд лав бөхчүүдэд өгөөд байх илүүдээ гарсан мөнгө улсад баймааргүй санагдах юм.

Энэ асуудалд Ерөнхий сайд нэг анхаарлаа хандуулна байгаа. Хэрвээ төрийн компаниуд ч гэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлах ёстой гэдэг талаас нь харвал бөхчүүдийг биш их спортын тамирчдаа дэмжих хэрэгтэй шүү дээ.

Жүдо, чөлөөт, боксоос авахуулаад олон их спортын тамирчин залуучууд боломж хүлээгээд, хөрөнгө мөнгөгүйн улмаас тэмцээнд явж чадахгүй л байгаа. Тэднийгээ дэмжмээр байна. Түүнээс биш баяжчихсан хэдэн бөхчүүдээ“бордох” илүүдээ гарсан мөнгө энэ улсад байхгүй л байлтай.

Зураг