Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим салбарын ААН-үүдийг ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТӨД ХАМРУУЛАХ санал дэмжигдлээ

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Уг хуулийн төсөлд жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалт хийхээр тусгасан. Хуулийн хэрэгжих хугацаа 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл байх юм.

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс гаргасан “эсгий, эсгий эдлэл, мод, модон эдлэлийн үйлдвэрлэл” эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг нэмж хамруулах зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэн юм.

Харин өнөөдөр чуулганы хуралдаанд гишүүд дээрх 4 чиглэлээс гадна үйлчилгээний байгууллагууд болон мэдээлэл технологийн салбарыг хөнгөлөлтөд хамруулах саналтайгаа хэлж байлаа.  

Чуулганы хуралдаанаар дэмжигдсэн саналууд:

  • Татварын хөнгөлөлтөд хамрагдахаар төсөлд тусгасан салбарын ангиллын “Барилгын материалын үйлдвэрлэл” гэсэн ангилалд “мод, модон эдлэлийн үйлдвэрлэл”,
  • “Газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл болон түүнд холбогдох туслах үйл ажиллагаа” гэсэн ангилалд “эсгий үйлдвэрлэл”-ийг нэмж тусгахаар боллоо. 
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Д.Ганболд, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Л.Оюун-Эрдэнэ нар “нийтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээ”, “эрүүл мэндийн салбарын үйлчилгээ”,
  • УИХ-ын гишүүн Г.Занданшатар “мэдээллийн технологийн үйлчилгээ”, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Н.Амарзаяа, Л.Оюун-Эрдэнэ нар “программ хангамжийн үйлдвэрлэл, интернэт худалдаа”,
  • УИХ-ын гишүүн О.Батнасан “мод, жимс, жимсгэнэ үржүүлэх” аж ахуй эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтөд нэмж хамруулахаар гаргасан саналууд дэмжигдлээ.

Мөн алслагдсан аймгуудад үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөл хамрагдах боломж бүрдэв.

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын гишүүдийн саналаас:

 

Ц.Гарамжав: Засгийн газрын хуулийн төслийг дэмжиж байна. Харин газар тариалан, мал аж ахуй, барилгын материалын салбар гээд дөрвөн салбарыг оруулж ирж. Гэвч эдгээр салбар ялангуяа газар тариалангийн салбар дээр маш олон төрлийн татаас, сангууд байдаг. Тиймээс салбараа сольж болдоггүй юм уу. Импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг жижиг аж ахуй нэгжүүдийг хамруулж болохгүй юм уу.

Т.Аюурсайхан: ААН-ийн орлогын албан татварын тухай хууль. Онцгой албан татвар биш. Онцгой албан татварыг бараа бүтээгдэхүүнээс хамааран ялгавартай тогтоодог. Харин энэ бол орлогын албан татвар. Салбарынх биш. Тиймээс олж байгаа орлогоос нь хамааруулж ялгавартай тогтоож болно. Түүнээс биш салбарыг ангилж аваад ялгавартайгаар тогтоовол татварын үзэл санаанд нийцэхгүй.

Л.Мөнхбаатар: Үйлчилгээний салбар бол том салбар. Энэ салбарыг хөнгөлөлтөд хамруулбал их үр дүнгээ өгнө.  Яагаад гэвэл хөнгөлөлт хамгийн их шаардлагатай хүмүүс энэ салбар байгаа шүү дээ.

Л.Энх-Амгалан: Мэдээллийн технологийн үйлчилгээний салбарын компаниуд жижиг компаниуд байдаг. Улс орны өрсөлдөх чадвар нь мэдээллийн технологи хэр хөгжсөнөөс хамаардаг. Мэдээллийн технологи орж ирсэн салбарууд тэр салбар нь өрсөлдөх чадвартай байдаг гэсэн логик бий. Програмистууд төрөөс юу ч гуйдаггүй, өөрсдөө ажлын байраа бий болгодог. Тиймээс Мэдээлэл технологийн салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулахыг дэмжиж байна.

Н.Учрал: Мэдээлэл технологи дээр зөвлөх үйлчилгээ, оюуны үйлдвэрлэл эрхлэгчдийг нийлүүлээд нэг агуулгаар оруулбал зөрчилдөх зүйл байхгүй гэж харж байна. Энэ салбарынхныг татварыг хөнгөлөлтөд оруулснаар манай улс бодлогын хувьд зөв болно гэж бодож байна.

М.Билэгт: Энэ хуульд анх 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой ААН байгаа гэж байтал татвар ноогдох орлого гээд ороод ирж. Яг энэ хэвээрээ явчихвал юун жижиг ААН болчихно. Тиймээс Засгийн газар энэ хуулиа татаж аваад, дахин залруулах талаар бодооч.

Д.Дамба-Очир: Татвартай холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газар оруулж ирж байх нь зүйтэй. УИХ-ын гишүүд бүр өөрсдөө нэгийг нэмэх, нэгийг хасах гэх нь зохимжгүй.

Ж.Энхбаяр: Монголын ДНБ Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэттэйгээ нийлээд дөнгөн данган 10 тэрбум ам.долларт хүрч байгаа. Бид энэ хүрээндээ төсөв мөнгөний бодлогоо ярьж байгаа. Гэтэл дэлхийн ертөнцийн эдийн засгийн салбарт программ хангамж, интернет худалдаа гэсэн цоо шинэ салбар бий боллоо. Бидний сайн мэдэх хүн бүрийн хэрэглэдэг нэг аппликейшний үнэ 5.9 тэрбум долларт хүрч байна.

Программ хангамжийн үйлдвэрлэл, интернет худалдааны салбарыг татвараас чөлөөлмөөр байна. Уул уурхай, уламжлалт эдийн засгийн салбараа ярьсаар байгаад бид дэлхий ертөнцийн салбараас дэндүү хоцроод байна.

З.Нарантуяа: Засгийн газар энэ хуулийг гаргах гэж байгаагийн эцсийн зорилго нь ажлын байраа хадгалах юм бол аль салбарт ажлын байр хамгийн их байна вэ гэдгээ бодож үзэх ёстой. Сангийн сайд хэлэхээрээ ажлын байраа хадгалах гэж байгаа. Гэтэл хамгийн олон ажлын байртай салбар нь зөвхөн оруулж ирсэн дөрвөн салбар биш. Хэрэв экспортыг дэмжих энэ чиглэлийн үйлдвэрийг дэмжье гэж байгаа бол босго чинь ч илүүдээд, салбар чинь ч таарахгүй байна.

Л.Болд: Энэ хууль хэрэгжихдээ юу болно гэж бодож байна. Бүгд энэ салбарт ямар нэг хэлбэрээр багтахыг хичээнэ. Орлого ногдуулах гэхээр 100 тэрбумтай ААН 1 тэрбумд багтаагаад л том ААН бүгдээрээ авлигын тогтолцоонд орно. Уг нь бүгдийг нь хамруулчихвал 27 тэрбумын асуудал. Одоо бол цөөхөн ААН хамруулах уралдаан чинь энэ улсыг сөхрүүлэх болчихоод байна.

Б.Саранчимэг: Мод үржүүлэг бол бүх л ургамал, жимс жимсгэнэ тариалалтын эхлэл. Тиймээс мод үржүүлгээ дэмжчихвэл ногоон бүс нэмэгдэнэ. Мод үржүүлгийн бизнес нэмэгдэнэ.