Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Ганхуяг: "Эрдэнэт үйлдвэр хувийн хэвшилд очих ёстой ч яаж хийсэн бэ гэдэг нь ЭРГЭЛЗЭЭТЭЙ"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн ордны их танхимд өнөөдөр “Нэг зорилго, Нэгдсэн шийдэл” нэртэй хөрөнгийн зах зээлийн форум боллоо. Уг форумыг Санхүүгийн Зохицуулах Хороо, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын Хөрөнгийн Бирж, ЖАЙКА-гаас хамтран зохион байгуулсан юм.

Хурлын үеэр Монголын томоохон компанийн захирлууд хөрөнгийн зах зээлийн хөгжил, тулгардаг бэрхшээл, хувьцаа, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэднээс ОНЦЛОХ БАЙР СУУРИЙГ танд хүргэж байна. 

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Засгийн газрын бондыг аваад оронд нь “Эрдэнэт”-ийг авчихсан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа

 
Гэрэл зургийг mpa.mn

"Ил тодын хуулиар хөрөнгө нь ил болсон 33 мянган компанийн дараагийн асуудал бол засаглалаа сайжруулах асуудал юм. Компанийн засаглалыг сайжруулах хамгийн хурдан хэлбэр нь ХК болох юм. Гэтэл ХК болох гэхээр Хөрөнгийн бирж нь болохгүй байна. Үүнийг 1997 оноос хойш төр авч явах гээд дампууруулчихсан байхгүй юу. Хөрөнгийн бирж гэдэг ямар ч ойлголтгүй нөхдүүд Хөрөнгийн биржийг байгуулж, хуулийг нь баталсан.

Өнөөдөр листэнд байгаа 299 компанийн 99 нь бараг байхгүй. Ядаж листнээсээ тэрийг хасахгүй л явж байгаа байхгүй юу. Манай хөрөнгийн биржийн загвар нь өөрөө асуудалтай.

Хажууд нь банк 12 хувийн хүүтэй мөнгө хадгалаад байхад хэн хөрөнгийн биржид очих вэ. Үүнээс болж банк зах зээлийн 95 хувийг нь эзлээд байна.

Мөн хадгаламжийн хүүг 2-3 дахин бууруулах хэрэгтэй. Жилийн 12 хувийн хүүг өгөөд явбал жилийн дараа банктайгаа бүгд сүйрнэ.

Үүнээс гадна концессийн гэрээг хийж байгаа компаниудыг ХК болгох ёстой. Хамгийн гол юм нь газрын доорх баялгийг ашиглах бүх компаниудыг ХК болгох хэрэгтэй. Ингэж Хөрөнгийн биржээ амьтай болгохгүй бол болохгүй.

Өнөөдөр Засгийн газрын бондын 95 хувийг арилжааны банкууд авч байгаа. Түрүүний арилжааны банк нь гадаад зах зээлд 500 сая ам.долларын бонд гаргасан. Засгийн газар баталгааг нь гаргаж өгсөн. Одоо Засгийн газрын бондыг аваад оронд нь “Эрдэнэт”-ийг авчихсан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ. Ийм том тоглолтыг манай арилжааны банкууд хийж байна.

Манайх том мөнгөн дээр тоглодог тоглогч нартай болсон нь аягүй чухал юм байгаа. Энэ тоглогч нараа бүгдээрээ бараадъя. Тэр улсуудтайгаа бүгд нэгдэх хэрэгтэй байна” гэв.  

Ард Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг: “Эрдэнэт” үйлдвэр хувийн хэвшилд очих ёстой ч яаж хийсэн бэ гэдэг нь эргэлзээтэй

 

Хямрал бидэнд боломжийг олгодог. Хямраагүй байсан бол дарга нар иргэддээ мөнгө тарааж өгөөд чимээгүй яваад байна. Нээлттэйгээр хувьчлах боломжийг олгож байгаа дээр нь төрийн өмчийн компаниудын хувьчлалыг явуулчих хэрэгтэй.

Үүнийг би “Эрдэнэт”-ийн асуудалтай хольж хутгамааргүй байна. “Эрдэнэт” үйлдвэр хувийн хэвшилд очих ёстой ч яаж хийсэн бэ гэдэг нь эргэлзээтэй. Тийм эргэлзээ төрүүлэхгүйгээр нээлттэйгээр хувьчлал хийх ёстой.

Шударгаар явуулъя гэвэл засаг 500 сая ам.доллар зээлээд авчиж болох байсан. Тийм учраас л Ц.Нямдорж дарга, МАН-ын бүлэг бухимдаад байгаа болов уу гэж би харж байна.

Хувьчлалыг хэвлэх үйлдвэр шиг ил тод явуулах ёстой. Монголчууд бүсээ чангалж байгаад “Эрдэнэт” үйлдвэртээ 100 мянган төгрөг өгчихнө. Тийм боломжуудыг нь өгөх үүрэгтэй шүү дээ энэ төр засаг.

Тэгвэл бид “Эрдэнэт”-ийнхээ хувьцааг хүүхдүүддээ өгөх боломжтой болно.

“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г. Батцэнгэл: Компани хувьцаагаа гаргана гэдэг хүнд таалагдах гэж хийдэг ажил биш

 
Гэрэл зургийг mpa.mn

Манай компанийн хувьд дотоодын хөрөнгийн зах зээлд гарах хүсэл байдаг. Гэхдээ 2012 онд бодит нөхцөл байдалтай тулгарахад Монголын зах зээл дээр эргэлдэж буй хөрөнгийн хэмжээ нь их хэмжээний мөнгийг гаргах боломжгүй байсан. Бид Хонг Конгийн хөрөнгийн бирж дээр 700 сая ам доллар босгосон.

Мөн дотоодын зах зээл дээр гарахад хууль эрх зүйн орчин хаалттай байсан. 2015 онд давхар бүртгэлтэй байх боломж бүрдсэн юм.

Дөнгөж 2014 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдаж гарсан. Үүнийг туршаад, эрсдлийг нь үүрээд явчихсан компани одоохондоо байхгүй байна.

Компани хувьцаагаа гаргана гэдэг хүнд таалагдах гэж хийдэг ажил биш. Үнэхээр компанийн бизнесийн урт хугацааны төлөв байдал, зэх зээл, улс төрийн нөхцөл байдлаа харж байж шийдвэр гаргадаг.

“Энержи Ресурс”-ийн зүгээс дотоодын хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа гаргах хүсэлтэй байсан, цаашид ч байх болно. Зөв, оновчтой зах зээлийн мөчлөг таарвал үүнийг хийнэ гэж бодож байгаа” гэсэн юм.