УБТЗ-ын удирдлагын багийг цомхотгоно
Улаанбаатар Төмөр Зам Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал ирэх сарын эхээр Улаанбаатар хотноо болох гэж байна.
Хоёр талын хамтарсан хурлаар УБТЗ-ын удирдлагын багийг цомхотгох тухай хэлэлцэх аж.
УБТЗ Монгол-Оросын ХНН нь 15 мянган ажилтантай, 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй удирдлагын багтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ энэ удаагийн цомхотголоор жирийн ажилтнуудыг бус удирдлагын багийн орон тоог 50 хүртэл хувиар цөөлөхөөр төлөвлөжээ.
Тодруулбал, тус байгууллагын есөн орлогч даргыг тав болгож цомхотгохоор болоод байгаа юм байна. Таван орлогчийн гурав нь Монгол, хоёр нь Оросын талаас байхаар төлөвлөжээ. Эх сурвалжийн өгүүлж буйгаар зарим дарга нар ажлаас чөлөөлөх тухай албан бичгээ аль хэдийнэ аваад байгаа аж.
Монголын талын Ерөнхий хорооны орлогч даргаар томилогдсон ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэл ажлаа авсныхаа дараахан УБТЗ-д томоохон цомхотгол хийхээ мэдэгдэж байсан. Тэгвэл энэхүү мэдэгдэл ирэх сарын ихээр хэрэгжиж эхлэхээр болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
