Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Талийгаач хааныг доромжилсон эмэгтэйг хүчээр хөрөгт нь мөргүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дал орчим жил Тайландын хаан ширээнд суусан Бумибол Адулядетын араас гашуудах ажиллагаа зүүн өмнөд Азийн энэ оронд эрчимтэй өрнөж байна.

Энэ үеэр эзэн хаандаа үнэнч иргэд талийгаачид хүндэтгэлгүй хандсан тохиолдол бүрт эмзэг хандаж байгаа юм.

Саяхан хааны тухай эвгүй сэтгэгдэл Фэйсбүүк хуудсанд бичсэн 43 настай эмэгтэй Умапорн Сарасатыг цагдаа нар баривчилсан байна. Түүнийг хатуу шийтгэхийг шаардсан 500 орчим иргэд цагдаагийн газрын үүдэнд цуглажээ. Тэдний зарим нь талийгаач хааны хөргийг толгой дээрээ залсан байв. Олон нийтийн эсэргүүцлийг намжаахын тулд цагдаа нар эмэгтэйг тэдний өмнө хааны хөрөгт мөргүүлэх арга хэмжээг авчээ.

Жуулчдын ихээр зорчдог Ко Самуй аралд энэ явдал болсон бөгөөд ийм төрлийн хэргүүдийн сүүлийнх нь юм. Тайланд улс эзэн хааныг доромжлохыг хуулиар хориглодог тул Сарасатад ямар нэг шийтгэл оноох нь гарцаагүй байна.

Цагдаагийн ахлагч Тевэс Плеумсуд эмэгтэйг цагдаагийн байранд оруулсны дараа цугласан олонд хандан буруутан зохих шийтгэлээ хүлээнэ гэж амлаад тайвшруулахыг оролджээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт хаан таалал төгссөний дараа Тайланд даяар гашуудлын ажиллагаа эхэлсэн ба хүн бүр хар өнгийн хувцас өмсөж эмгэнэлээ илэрхийлж байгаа. Тэгвэл ийм хувцас өмсөөгүй нэгнийг дарамтлах, айлгах үзэгдэл гарах болсон тул засгийн газраас иргэддээ хандан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлд хүн бүр хар өнгийн хувцас авч өмсөх боломжгүй тул хүмүүсийг бие биенээ ойлгож, тэвчээртэй байхыг сануулсан байна.

Гадаадын хэд хэдэн орон Тайландыг зорих иргэддээ анхааруулга гаргаад байгаа. Мөн Тайландын кабель телевизийн оператор компани гадаадын сувгуудыг хаасан нь гашуудлын энэ үед зохисгүй мэдээлэл гарахаас болгоомжилсон хэрэг юм.

 

Эх сурвалж: Daily Mail