Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ДАДЛАГАЖИГЧ АЖИЛЧДЫГ илгээх саналыг Японы тал дэмжихээ илэрхийлжээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад Харилцааны Яамны "Мэдээллийн цаг" хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хурлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийсэн айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Айлчлалын талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Ерөнхий сайдын Япон улсад хийсэн айлчлал олон талын ач холбогдолтой үйл явдал боллоо. Тухайлбал,

  • Газар тариалан, Хөдөө Аж Ахуйн салбарыг хөжгүүлэх тал дээр хамтарч ажиллах, ажлын хүрээнд ойрын хугацаанд судалгааны баг ирүүлж, хамтын ажиллагааныхаа хүрээг тодорхойлох,
  • Японы технологийг ашиглан Монголын түүхий эдийн боловсруулалт хийх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх,
  • Японы цэвэр нүүрсний технологийг ашиглан нүүрснээс бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрс химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх ажлыг судалж, хамтран ажиллах,
  • Монгол Улсын боловсролын салбарыг дэмжиж, ЕБС-ийн барилгын төслийн судалгааны багийг Японы Засгийн Газраас ойрын хугацаанд ирүүлэх,
  • Түншлэлийн хэлэлцээрийн дагуу цаашид хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг улам боловсронгуй болгох “Давхар татвар”-ын хэлэлцээрийг байгуулах,
  • Монгол Улсын хөгжилд нэн хэрэгцээтэй байгаа мэргэжилтнүүдийг Япон улсад суралцуулах, оюутан, дадлагажигч ажилчдыг илгээх тал дээр хоёр тал хамтран ажиллахаар тохиролцлоо” хэмээн тайлбарлалаа.

Дадлагажигч ажилчин илгээх асуудлаар хоёр орны Хөдөлмөрийн яам, холбогдох бусад байгууллагуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр хоёр тал ярилцсан бөгөөд энэ хүрээнд Японы олон улсын сургалтын хамтын ажиллагааны ЖИТКО байгууллагын удирдлага энэ оны сүүлээр манай улсад айлчлахаар болжээ. 

Монгол, Японы Худалдаа, эдийн засгийн форум

Ерөнхий сайдын айлчлалын үеэр Монгол Улсын 50 гаруй, Японы 200 гаруй бизнесмен оролцсон Монгол, Японы Худалдаа, эдийн засгийн форумыг зохион байгуулсан.
 
Гэрэл зургийг mpa.mn

Тус форумын хүрээнд Монгол, Японы хамтын ажиллагааны гурван санамж бичгийг байгуулсан байна. 

  • "Энержи Ресурс" компани "Сүмитомо" корпарацитай нүүрсний борлуулалт болон маркетингийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. 
  • Монгол "Драй Милк ко" компани Японы "Присай" хувьцаат компанитай онцгой эрх бүхий түгээлтийн гэрээнд гарын үсэг зурж, хүйтний улиралд нэмэгддэг хуурай сүүний импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болов.
  • "Цагаан чулуут" компани "Сүзүки Шукай" компанитай хаягдлыг дахин боловсруулах, буцаан экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

"Сүмитомо" корпарацитай байгуулсан санамж бичгийн талаар Ази, Номхон далайн орнуудын газрын дэд захирал Э. Сарантогос “Нүүрс худалдаалах буюу урд хөршөөс гадна Ази, Номхон далайн нүүрс хэрэглэгчдэд Монголын нүүрсэн бүтээгдэхүүнийг хүргэх чиглэлд "Сүмитомо" корпараци хамтарч ажиллах болно. 

Манай нүүрсэн бүтээгдэхүүнийг Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад борлуулалтын сүлжээгээр дамжуулан хэрэглэгчдэд таниулах, дээжийг хүргэж, борлуулах гэсэн агуулга бүхий хамтын ажиллагааны баримт бичгийг айлчлалын хүрээнд байгууллаа” гэлээ.