Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт"-ийн асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулахыг даалгалаа

ikon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэт”-ийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-д танилцуулна

“Эрдэнэт”, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдах, худалдан авах үйл ажиллагааг шалгасан Ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар сонслоо.

Уг асуудлаар гаргасан өмнөх Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтооомжийг зөрчсөн эсэх, тухайн үеийн Сангийн сайд, Гадаад хэргийн сайд, Аж үйлдвэрийн сайд нарын тушаал, “Эрдэнэт” үйлдвэрийн шинээр томилогдсон ТУЗ-ийн шийдвэрүүд нь холбогдох хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хууль хяналтын байгууллагад хандахыг холбогдох сайд нарт даалгалаа.

 Дүгнэлтээ УИХ-д танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Чойжилсүрэнд Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо.

Бодлогын 104 арга хэмжээг хэрэгжүүлнэ

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн барихаар болов. Төсөлд  104 арга хэмжээний хүрээнд  нийт 5.5 их наяд төгрөгийн санхүүжилт хийх бөгөөд улсын төсвөөс 352.2 тэрбум, гадаад эх үүсвэрээс 933.6 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 4.1 их наяд төгрөг, бусад эх үүсвэрээс 117.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

20 сая ам.долларын санхүүжилттэй хамтарсан төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын Хөгжлийн ассоциацитай хамтран хэрэгжүүлэх “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэлэлцээд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр болов.

Таван жилийн хугацаанд хэрэгжих төслийн хүрээнд  экспортод чиглэсэн үндэсний аж ахуйн нэгж, үндэсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Зээлийн хэмжээ 20 сая ам.доллар, жилийн 1.25 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай байх юм.

Товч мэдээ

-  Боловсролын салбарт 2017 онд хэрэгжүүлэх Концессын төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. 

-  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталлаа.

-  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Куба Улсад хийсэн албан ёсны айлчлал болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.