Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/11-НД НИЙТЛЭГДСЭН

4 ТЭРБУМыг хэвлэл мэдээлэлд зарцуулсан Хөгжлийн банкны тансаглал

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 10 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг Хөгжлийн банканд хийсэн шалгалтын тайлангаа танилцуулаад байгаа билээ. 

Уг шалгалтаар олон ноцтой зөрчил илэрсний дотор олны анхаарлыг татах асуудлуудыг тодотгож байна. 

Тус банкнаас 2012-2015 оны хооронд олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад 4 тэрбум орчим төгрөг зарцуулсныг шалгалтаар тогтоожээ. Үүнд зөвхөн “Блүүмбэрг” телевизтэй мэдээлэл сурталчилгаа хийлгэх зорилгоор 1.8 сая ам.долларын гэрээ хийсэн байна. Гэхдээ 2013 онд 816 мянган ам.долларыг шилжүүлсэн баримт олджээ. 

 

Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Энэ мөнгө бол Хөгжлийн банкийг сурталчилсны төлбөр биш юм. 2013 онд Монголыг олон улсад сурталчлах зорилготой "Inside mongolia" рекламыг бүтэн жилийн турш “Блүүмбэрг” телевиз цацсан. Энэ сурталчилгааны төлбөр юм. Бодит үнэ нь 2-3 сая ам.доллар болох байсан ч Монголд салбар нь байдаг учраас дискаунт хийж үнийг нь багасгасан. 

Тэр гэрээг хэн нь хэнтэй хийсэн нь цагаан дээр хараар бичигдсэн, бүх учир нь тодорхой байгаа” гэсэн юм. 

ХЗДХ-ийн дэд сайдын дэлгэсэн баримт дээр Хөгжлийн банкийг төлөөлж гүйцэтгэх захирал Н.Мөнхбат гарын үсэг зурсан бол нөгөө талаас “Bloomberg LP”-гийн Ази, Номхон далай хариуцсан хэлтсийн дарга Mark Froude гарын үсэг зурсан байна. 

Уг нь Хөгжлийн банк нь арилжааны банк бус эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хөрөнгө оруулалтыг дунд болон урт хугацааны санхүүжилтээр хангах зорилготой үндэсний хэмжээний санхүүгийн байгууллага юм. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банканд арилжааны банкуудынх шиг ямар нэгэн сурталчилгаа огт хэрэггүй. Гэтэл олон нийтэд мэдээлэл түгээх гэдэг нэрийн дор бүхэл бүтэн 4 тэрбум төгрөг зарцуулжээ. 

 

3.5 саяар үнэлэгдсэн дээл 

Мөн тус банкны шалгалтын ажлын хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярын хэлснээр “Эдийн засаг, хөгжлийн сайдтай цагаан сараар золгох үед гоё дээл хувцастай байсан” гээд нэгнийгээ 3.5 сая төгрөгөөр шагнасан явдал ч гарсан байна. 

Үүнийг тодруулбал, Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа байгууллагуудын дунд зохион байгуулагдсан үндэсний хувцас, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх уралдаанд оролцон тэргүүн байр эзэлсэн Барилга захиалагчийн албаны дарга Т.Самбасанчирыг сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгохыг Хөгжлийн банкны Гүйцэтгэх удирдлагын хорооны хуралдаанаас шийдвэрлэжээ.

Ийнхүү тус банкны нэг дарга үндэсний хувцасны уралдаанд түрүүлж сарын цалин болох 3.5 сая төгрөгөөр шагнуулсан байна

Гадаад томилолтын зочид буудлын төлбөрөөс гадна бусад зардалд 5,000$ төсөвлөжээ 

Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мөнхбатын 2014 онд Санкт-Петербург хотод хийсэн албан томилолтын 3 хоногийн зочид буудлын төлбөрт гэхэд 11 сая 925,000, нислэгийн тийзэнд 8 сая 985,000 төгрөг төсөвлөн баталсан байжээ.

Мөн уг айлчлалаар Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаяр болон Блүүмбэрг телевизийн хөтлөгч, зураглаач нарын буудлын төлбөр болох 1 хүний хоногийн 1 сая 224,300 төгрөг болон замын зардлыг Хөгжлийн банкнаас гаргасан байна.

 

Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатын Хонконгод чуулга уулзалтад оролцох 3 хоногийн нийт зардал 8 сая 691,703 төгрөг, нэг хоногийн буудлын төлбөр 786 ам.доллараар төсөвлөгдсөн байна

Мөн 2013 онд БНХАУ-д Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон дагалдан явах орчуулагчийн 1 хүний хоногийн зочид буудлын төлбөрт 2 сая 908,350 төгрөг, бусад зардалд 5,000 ам.доллар төсөвлөсөн гээд тансаг хэрэглээний үрэлгэн зардлын жагсаалт хөвөрнө.

Энэ бол Хөгжлийн банктай холбоотой олон зөрчлүүдийн зөвхөн гурав нь. Харин зээл нэрээр ямар ямар аж ахуй нэгжид хэдэн төгрөг тараасныг ажлын хэсгийнхэн удахгүй дэлгэхээ мэдэгдээд байгаа билээ.