Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/05-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Ангар: Банкны эзэд гадны банкыг эсэргүүцнэ. Учир нь тэдний бизнес АСАР ИХ АШИГТАЙ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Монголд гадны банк оруулж ирэх асуудлаар бүх түвшинд маргаан өрнөж байна. Энэ үед банкны бус салбарт ажилладаг эдийн засагч, санхүүч Д.Ангарын байр суурийг сонслоо.

-Монголын банкуудын хүү өндөр байгаа учраас гадаадын банкуудыг оруулж ирэх хэрэгтэй гэсэн байр суурьтай хүмүүс олон байна. Та үүнийг дэмжих үү?

-Гадны банк оруулж ирэх хэрэгтэй юу, хэрэггүй юу гэж маргалдаж суух цаг бидэнд байхгүй болжээ. Монголын банкны хүү хоолоор ярьвал хор болчихоод байна. Идсэн хүн бүр хорддог.

Чанаргүй зээлийн хэмжээ өсөж, ААН-үүд зээлээ төлж чадахгүй болно гэдэг зээлийн хүүнд хордож байна гэсэн үг.

Монголын банкны 30 хувийн хүүтэй зээлээс болж ААН-үүд бүгдээрээ дампуурч байна.  Статистикаас харахад сүүлийн хоёр жилд чанаргүй зээл тав дахин өсөж 1.1 их наяд төгрөг болсон байна лээ.  Чанаргүй зээл сар бүр 50-100 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байна.

Монголын хамгийн том компаниуд банкны зээлийн ихэнхийг нь авдаг. Чанаргүй зээл ингэж өснө гэдэг том компаниуд хүртэл зээлээ төлж чадахгүй байдалд хүрснийг илтгэнэ. Мөн Монголын банкуудын олгож буй зээлийн хүү дааж давшгүй өндөр байгааг зах зээл харуулж байна гэсэн үг.

-Монголын томоохон банкны гүйцэтгэх удирдлагууд гадны банк оруулж ирэх асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлээд байна л даа?

-Тэр ойлгомжтой шүү дээ. Яагаад гэвэл өөрсдийнх нь бизнес маш ашигтай байна. Тооцоо хийж үзье л дээ. АНУ-ын 5 хувийн хүүтэй, Японы 3 хувийн хүүтэй бизнесийн зээлтэй харьцуулахаа больё. Зөвхөн Монголынхоо хувьд авч үзье.

Түүхээс харвал Манжийн дарлалын үед Даашинхүүгийн пүүс /Да Шен Күй/ Монголчуудад өндөр хүүтэй мөнгө зээлээд бүгдийг нь өрөнд оруулчихсан гэсэн байдаг. Тэгвэл тэр пүүс сарын 0.5-1 хувь буюу жилийн 6-12 хувийн хүүтэй зээл олгож байсан. Үүнийг тухайн үед Монголчууд маш өндөр хүү гэж бодож байлаа.

Гэтэл өнөөдрийн манай банкууд сарын 2-3 хувь буюу жилийн 24-36 хувийн хүүтэй зээл олгож байна. Зээлээ төлж чадахгүй бол нэмж алданги тооцдог.

Даашинхүүгийн пүүс орчин үед ирээд хүү нь өсөөд, банк гэдэг нэртэй болоод, өөртөө зориулсан хуультай болчихсон л гэсэн үг.

Банкуудын эзэд гадны банк оруулж ирэхийг хүсэхгүй. Учир нь тэдний бизнес ашигтай байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аваад үзвэл хамгийн их ашигтай ажиллаж байгаа нь банкны сектор.

-Эдийн засгийн хямралын үед ч ашиг нь буурахгүй байгаа нь сонирхолтой?

-Тийм. Ялангуяа сүүлийн 2-3 жил тохиолдоод буй эдийн засгийн хямралын үед бүх ААН-үүд алдагдалтай ажиллаж, ажилтнуудынхаа цалинг ч тавьж чадахаа байлаа. ААН байтугай улс хүртэл дампуурч байна.

Гэтэл эдийн засаг хямарсан ч ашигтай ажиллаж байгаа нь нөгөө л банкны сектор.

Монголд 17-18 банк байгаа гэж ярьдаг боловч зах зээлийн 90-95 хувийг 3-4 банк л эзэлж байна. Тэдний цаана хувьцаа эзэмшигчид гэж 200-300 хүн л байгаа.

Бид 25 жил энэ хүмүүсийн эрх ашгийг л ярьж ирлээ. Анхнаасаа буруу системээр явчихсан, үүнийгээ зөв гээд хуулиндаа тусгачихсан ч гэлээ зах зээлийн хууль болохгүй гэдэг дохиог бидэнд өгөөд байна. Зах зээл гэдэг өөрөө төрийн зохицуулалтаас ч хүчтэй.

Одоо банкны захирлуудын үгийг битгий сонс. Зах зээлээ сонс.

Монгол Улсын ДНБ-д хувь нэмрээ оруулж буй ААН-үүд нь өндөр хүүний дарамтыг дийлэхгүйгээр дампуурч эхлээд байна.

-Манай ААН-үүд жилдээ хэр хэмжээний зээл авч, хүүндээ хэдийг төлдөг вэ?

-Жилдээ манай ААН-үүд 10 их наяд орчим төгрөгийн зээл банкнаас авдаг юм билээ. Зээлийн хүүг хамгийн бага 20 хувиар бодоод үзэхэд жил бүр 2 их наяд төгрөгийн зээлийн хүүг тэд төлж байна.

Эдийн засгийн өндөр өсөлттэй үед зээлийн хүүгээ бүтээгдэхүүндээ шингээгээд зах зээлд гаргахад зарагддаг байсан. Тийм учраас ААН-үүд зээлийн хүүгээ өндөр гэж бодож байгаагүй. Гэтэл одоо эдийн засаг унаад ирэхээр сөрөг нөлөө нь хүчтэй мэдрэгдэж байна.

Эцсийн эцэст зээлийн хүүг иргэд төлдөг. Бидний идэж буй талханд зээлийн хүүний төлбөр шингэчихсэн байгаа. Учир нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй үйлдвэрлэгч банкнаас зээл авчихсан байдаг.

Одоо эдийн засаг удааширч байгаа учраас компаниудын борлуулалт, хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурсан. Компаниуд бараа нь зарагдахгүй болохоор үнээ бууруулаад эхэллээ. 26 жилийн түүхэнд Монгол Улсад анх удаа дефляци боллоо. Дефляци гэдэг барааны үнийн бууралт байхгүй юу.

Татварын газраас тоо баримт аваад үзэхэд л компаниудын орлого яаж буурч, жилдээ хэдэн компани дампуурч байгааг харж болно. Монгол Улс энэ зээлийн хүүг дааж давж чадахгүйд хүрчихсэн байхгүй юу.

Тэгэхээр энэ систем зөв үү буруу юу, гадны банк оруулж ирэх үү, үгүй юу гэж ярьж суух цаг биш. Цаг нь тулчихаад байна.

-Одоо тэгээд яах вэ?

-Төрийн бодлого гарах ёстой. Төрийн бодлогыг гаргахдаа ганц хоёр салбарын ашиг сонирхлын зөрчилтэй дуу хоолойг битгий сонс. Нийт зах зээл, улсын эрх ашигт тохирсон бодлого явуул.

Таван арилжааны банк, 200 хүнд тохирсон бодлого л санхүүгийн зах зээлд явж ирлээ. Гэтэл цаана нь 60 мянган ААН, 500 мянган хүн хохирч байна. Үүнийг засахгүйгээр явж болохгүй.

-Гадны банкууд орж ирвэл үндэсний эрх ашигт сөрөг нөлөөтэй гэсэн асуудлыг тавьж байна. Манай улсад муугаар нөлөөлөх эрсдэл бий юу?

-Цонхоороо нэг хар л даа. Бид бүгдээрээ гадны юм хэрэглэж байна.

Гадны юм муу юм бол бүгдээраа гадны машин унаж, хоолыг нь идэж, хувцсыг нь өмсөхөө больё. Shangri La, Best Western зочид буудлаа хаацгаая. Банкууд ийм л юм яриад байна. Ямар ч логикгүй байгаа биз дээ.

Манай улсад сүүлийн хэдэн жил гадаадын алдартай үйлчилгээний газрууд, хоолны сүлжээнүүд нээгдлээ. Энэ бол хөгжил дэвшил болохоос Монгол Улсыг залгиж байгаа юм биш.

Гадны банк орж ирснээрээ өрсөлдөөн нэмэгдэж, үйлчилгээний чанар стандарт сайжирна. Банкны салбарын гол бүтээгдэхүүн болох зээлийн хүү буурна. Одоо 20-30 хувьтай зээл авдаг бол гадны банк орж ирвэл зээлийн хүү нь 15 хувиас эхэлнэ. ААН-үүд жилийн 5-8 хувийн зээл авдаг болчихвол цаашаа өргөжин дэвших зам нь нээгдэнэ.

Банкууд лоббидож байгаад их хурлаар хууль батлуулж, гадны банк оруулж ирэхээ болилоо гэж бодоход энэ систем чинь цаашаа угаасаа явахгүй.

ААН-үүд жилийн 30 хувийн зээл авчихаад ажилтнуудынхаа цалинг тавьж, үйлдвэрлэлээ өргөжүүлээд, банкныхаа хүүг төлөөд явах боломжгүй болчихоод байна. Эдийн засаг нь өөрөө хүчрэхгүй.

-Эдийн засаг муудсан энэ үед банкууд ер нь ямар байдалтай байгаа бол?

-Одоо банкуудын балансыг харвал зээл ч гаргаж чадахаа байсан. Учир нь зээл гаргасан байгууллагууд нь төлж дийлэхээ байчихлаа. Тэд одоо айлын эрх хүүхэд шиг хэдэн төгрөгөө Монголбанк, Засгийн газрын бондод хуваагаад л өгчихөж байгаа юм.

Энэ хоёр нь банкуудаа дампууруулахгүйн тулд бодлогын хүүгээ хиймлээр өсгөчихлөө.

Одоо арилжааны банкуудын хадгаламжийн дундаж хүү 13 хувь байхад Сангийн яам, Монголбанк хоёр тэр мөнгийг нь 18 хувийн хүүтэй авч байна шүү дээ. Энэ бол зээл гарахгүй байдлыг төрөөс хүчээр санхүүжүүлж байна гэсэн үг.

Сангийн яам, Монголбанк хоёр бодлогын хүүгээ бууруулаад, Засгийн газрын бонд гаргахаа болих юм бол Монголын арилжааны банкууд хоёр сарын дотор л маш хүнд байдалд орно.

Одоо гэхдээ төртэй ч төргүй ч явах замгүй болчихоод байна л даа. Сүүлийн 26 жил явж ирсэн санхүүгийн системийн буруу нь ингэж илэрч байна.

-Хойд Солонгос, Монгол хоёроос өөр гадны банк оруулаагүй улс байдаггүй гэх юм билээ?

-Яг үнэн. Их Британийг аваад үзье. Их Британийн санхүүгийн систем тухайн улсын ДНБ-ий 50 хувийг дангаараа гүйцэтгэдэг. Энэ нь тухайн улсын стратегийн салбар гэсэн үг. Гэтэл Лондонгоор яваад үзэхэд тэнд Итали, Франц, Америк, Хятадын бүх томоохон банкууд нээлттэй үйл ажиллагаа явуулж байгаа.

Лондонд 50 улсын 500 банк ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулдаг гэсэн тоо бий. Банк олон байснаараа Их Британи улс харийн эрхшээлд ороод, эрх чөлөө нь хумигдсан юм алга. Харин ч бүр дэлхийн бүх капитал Лондон хотод очсон.

Олон банк байж өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурч, чанар нь сайжирна. Монголд сонголт байхгүй учраас хүссэн хүсээгүй бид 20-30 хувийн хүүтэй зээлийг нь авч байна.

Гэтэл Лондонд нэг муухай харьцахад л би тэр банкнаас гараад хажууд нь байгаа Италийн банк руу ороод зээлээ авчихна. Италийн банк сайн үйлчилгээ үзүүлэхгүй бол би Францын банкнаас зээлээ авчихна. Ингээд үйлчлүүлэгчид сонголт байгаа тохиолдолд банкууд стандарт, үйлчилгээгээ сайжруулж, уян хатан болдог.

Бүх салбар зах зээлд шилжчихсэн байхад гагцхүү санхүүгийн салбар л Хойд Солонгос шиг хэвээрээ байна.

-Тэгэхээр гадны банкны салбар орж ирнэ гэдэг нь зөвхөн нэг улс биш олон улсынх байх тусмаа үр өгөөжтэй гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Бид дэлхийн маш олон конвенцид нэгдсэн, НҮБ-ын гишүүн улс шүү дээ. Ийм улс зөвхөн нэг улсын банк оруулж ирэхэд зориулсан хууль баталж угаасаа болохгүй.

Бид зүгээр л гадны банк орж ирэх арга замыг нээлттэй болгох хэрэгтэй. Хятадууд нь ч орог. Америкчууд нь ч орог. Цаашлаад Итали, Герман, Франц, Японы банкууд нь ороод ирэг.

-Bank of China гэж Хятадын банк орж ирэхээс болгоомжилж байгаа хүмүүс их байна?

-Нэг улс төрч биднийг арав гаруй жил хятад танкаар айлгаж, төмөр зам барихгүй гацаалаа. Үүний үр дүнд юу болов. Манай нүүрс дэлхийн зах зээл дээр ямар ч өрсөлдөх чадваргүй болчихлоо. Коксжих нүүрсний үнэ 200 ам.доллар хүрчихээд байхад бид төмөр замгүй учраас зөөж чадахгүй байна.

Хятад танкаар айлгасаар байгаад төмөр зам ч үгүй, мөнгө ч үгүй, уул уурхай ч үгүй боллоо. Одоо Хятад банкаар айлгаж яах гээд байгаа юм бэ? Монгол Улс ААН-гүй л болно шүү дээ. ААН-гүй болвол харин ч үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.

-Хадгаламжийн хүү өндөр байгаа учраас зээлийн хүү ийм байхаас аргагүй гэсэн тайлбарыг банкны эзэд тавьдаг?

-Хадгаламжийн хүүгээ бууруул л даа. Яагаад бууруулж болохгүй гэж. Хадгаламж гэдэг чинь хүн бүрт байдаг юм биш. Монголд 8 их наядын хадгаламж байгаа нь үнэн. Гэхдээ эзэд нь 500 гаруй хүн л бий. Яагаад 500 хүний эрх ашиг бүхэл бүтэн гурван сая хүний эрх ашгаас дээр байгаа юм?

Тэр 500 хүн жилийн 15-16 хувийн хадгаламжийн хүү авахаа больчих л доо. Хадгаламжийн хүү бууруулна гэхээр УИХ-ын гишүүд их эсэргүүцдэг.

Хөрөнгө орлогын мэдүүлгийг нь аваад үзэхээр тэд 20-30 тэрбум төгрөгийг дансандаа хадгалчихсан байгаа. Тэд хадгаламжийн хүүний орлогоосоо нэг ч төгрөгийн татвар төлдөггүй. Яагаад гэвэл өөрсдийгөө хамгаалах хууль гаргачихсан учраас тэр.

-Тэгвэл гадны банк орж ирвэл Монголын банкууд дампуурна гэж хэд хоногийн өмнө манай хоёр том банкны гүйцэтгэх удирдлагууд мэдээлсэн. Энэ тал дээр таны байр суурь ямар байна?

-Дампуурахгүй шүү дээ. Зээлийн хүүгээ бууруул. Жилдээ 20-30 хувийн хүүтэй зээлээ өгнө гээд зүтгээд байвал дампуурна.

Харин чанараа сайжруулаад, өрсөлдөх чадвараа нэмээд байвал юу гэж дампуурах вэ дээ. Дампуурах шаардлага ч байхгүй.