Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Нямдорж: Би “Эрдэнэт” үйлдвэрийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар VTV телевизийн сэтгүүлч Б.Болдбаатарын "Шударга ярья" ток шоунд оролцож, байр сууриа илэрхийллээ. Түүний хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ-ийг хүргэж байна. 

“Эрдэнэт”-ийн асуудалд намын харьяалал хамаагүй, дарга цэргийн харьцаа хамаагүй шүү. Би энэ асуудал дээр энэ хоёрыг мартана. 
Эрдэнэбилэг гээд яриад байгаа. Энэ хүн дангаараа ийм юм хийж чадахгүй ээ. Өндөр хэмжээний дэмжлэгтэй байж ийм юм хийнэ.
Энэ бол өндөр дээд түвшинд хийгдсэн үйл ажиллагаа. Гурван томтой ярьж байж л ийм юм болно шүү дээ. 
Засгийн газар энэ булхай луйврыг зогсоох юм байлгүй гэж бид найдаад байгаа. 
Миний үгнээс илүү хүчтэй мөнгө, сүлжээ гэж нэг юм байна.
Засгийн газраас нь зөвшөөрөл авалгүй хоёр жил хойд айлтай хэлэлцээ хийсэн гэж ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон гэж нөхөр хэлсэн дээ. Манай бүх том дарга нартай тохирчихсон байж таарна.
Ганцхан хүнтэй компани болгочихоод “Эрдэнэт” үйлдвэр Монголынх гэж ярьж болохгүй биз дээ. 
Оросын тал бол их сонин санал тавьсан. Зургаадугаар сарын 1-нд “Ростех” нь Монголын Засгийн газарт санал тавихдаа хоёр сонин юм бичсэн байгаа юм. Нэгдүгээрт танай Засгийн газар 49 хувийг худалдаж авах давуу эрхээсээ татгалз. Хоёрдугаарт Mongolian Copper Corporation-д бид зарна гэсэн агуулгатай бичиг явуулсан.
Одоо 49 хувийг худалдаж авсан гэх этгээдүүдтэй 51 хувийг эзэмшигч Засгийн газар яаж харьцах вэ гэдэг асуудал л үлдсэн. 
“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд үлдээх хувилбарыг би яриад байгаа. Энэ үйлдвэр цаашдаа ч 40 жил Монголын ард түмнийг тэжээнэ.
Эрх барьж байгаа нам зургаадугаар сарын 28-нд үүнийг засна гэдэг мэдэгдэл хийчихсэн шүү дээ. Одоо манай Засгийн газар тэр мэдэгдлээ ажил хэрэг болгох байлгүй. 
65 суудал авсан явдал чинь “Эрдэнэт”-ийн луйврыг эсэргүүцсэн илэрхийлэл байсан. Энэ нам л энэ луйврыг зогсоож өгч магадгүй гэсэн ард түмний итгэл байсан гэж би ойлгодог. 
Үүний цаад талд “Эрдэнэт”-ийг “Эрдэнэт”-ийн мөнгөөр өөрийн болгох гэж байгаа.
Зарим Засгийн газрын гишүүнтэй би айхтар муудалцаж байгаа. 
“Эрдэнэт” гэдэг чинь Монгол хүн бүрийн амины өмч болчихсон зүйл. “Эрдэнэт”-ийн хүчээр өдий дайтай явж байна гэдэг жирийн малчин хүний тархинд нь суучихсан явж байгаа байхгүй юу. 
Би “Эрдэнэт” үйлдвэрийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал үзэлцэнэ.
“Эрдэнэт” үйлдвэрийг худалдаж авсан мөнгийг нь шалга. Үнэхээр мөнгө нь шилжсэн юм уу үгүй юм уу.
Нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани яахаараа нэг өдрийн дотор 100 тэрбумаар дүрмийн сангаа нэмэгдүүлдэг юм. 
ХХБ нэг сая төгрөгийн дүрмийн сантай Mongolian Copper Corporation-д яахаараа 200 сая ам.долларын зээл олгодог юм? Жирийн зургаар нь харвал энэ бол санхүүгийн луйвар.
Засгийн газрынхаа 51 хувийн эрх мэдлийг тэр үйлдвэр дээрээ тогтоо. Одоо Засгийн газар тийшээ орох нүх байхгүй болсон. 
Сангийн сайд Б.Болор “Эрдэнэт” үйлдвэрийн дүрмээр бүх эрх мэдлийг ТУЗ-ийн даргад өгчихсөн. 
“Эрдэнэт”-ийн ТУЗ-д ХХБ-ны О.Орхоноос эхлээд мөнгө гаргасан бүх банкны төлөөлөл орчихсон.
Одоо “Эрдэнэт” үйлдвэр нэг л эзэнтэй болсон. Тэнд нэг хүний хаант засаглал тогтсон байна. Засгийн газрыг ч тоохгүй, авч хэлэлцэхгүй байна лээ.
Засгийн газар онцгой дэглэм тогтоож байж энэ бүхний учрыг олох хэрэгтэй.
Гурван сая хүнд мафийн сүлжээ хэзээ ч бий болгож болохгүй. 
Надад амбиц байхгүй. Би Монголын ард түмний зүрхэнд шингэсэн "Эрдэнэт" үйлдвэрийг луйварчдын гарт алдчихгүй юмсан гэсэн ганц л мөрөөдөлтэй.