Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Архи, тамхийг Чингис хааны нэрээр нэрлэхгүй байх тухай зарлиг гаргахыг хүслээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 28
iKon.MN
 

“Төрт Ёс, Хаадын Cан”-гаас Чингис хааны нэрийг архи, тамхи бусад зүйлүүдэд хэрэглэхгүй байхыг шаардаж мэдээлэл хийлээ.

Тус сангийн тэргүүн зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс "Чингис хааны нэрээр нэрлэгдсэн элдэв бараа бүтээгдэхүүн хог шороотой холилдож хэвтэж байгаа нь  Чингис хааны түүхэн гавьяа, бэлэгдэл шинжийг алдагдуулж байгаа юм.

Чингис хаан маань архи дарсыг бага хэрэглэ, болж өгвөл битгий хэрэглэ гэж зарлиг үлдээсээр байтал тэр хүний хүсэл эрмэлзлийг үл хайхран үзэл санаагаар нь тохуурхаж байгаа юм шиг архиа Чингис гэж нэрлэх нь зохимжгүй.

 

Нөгөө талаар Чингис гэдэг архинаас болж хэчнээн хүний, айл өрхийн амьдрал сүйрснийг бид таашгүй. Архи согтууруулах ундаа ямар хор уршигтайг бид бүгдээрээ мэднэ. Тиймээс архи, тамхийг Чингис хааны нэрээр эс нэрлүүлэх үндэсний хөдөлгөөнийг дахин зарлаж байна" гэлээ.

Үндэсний хөдөлгөөн маань архи, тамхийг Чингис хааны нэрээр нэрлэхгүй байх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулах зорилготой ажээ.

"Өвөг дээдсийнхээ байтугай аав ээжийнхээ бүтэн нэрийг хамаагүй хэлдэггүй, цээрлэж авгайлдаг уламжлалтай ард түмэн Монгол гэдэг нэрийг ертөнцөд дуулгасан хүнийхээ нэрээр архиа нэрлэнэ гэдэг ёс уламжлал алдагдсаны шинж.

Нэгэн үе Монголын ард түмэн Чингис хаан гэж ярих эрхгүй байсан. Харин одоо Их хаанаа нэрээр нь дуудах эрхтэй болсон. Хааныхаа нэрийг огт дурсахгүй хорьж чадаж байсан ард түмэн өнөөдөр яагаад нэрийг нь зохистой хэрэглэх тухай хуультай байж болохгүй гэж" хэмээн Түүхийн шинжлэх ухааны доктор Х.Шагдар ярилаа.

“Төрт Ёс, Хаадын Cан”-гийн Эрдмийн Зөвлөлөөс Ерөнхийлөгчид хандан дараах ил захидлыг илгээж байгаа ажээ.
 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЫН ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ТАНАА

Эрхэм Танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Монгол орон бол эрт мандсан түүхтэй, хүчирхэг дээдэстэй, агуу дэлгэрэнгүй ёс уламжлал, гүн ухаантай ард түмэн билээ. Нэгэн цагт дэлхийн бодлогыг тодорхойлж явсан монгол хаадын бүрэн эрхэт, суу билигт төлөөлөл, хүн төрөлхтөний түүхэнд товойн тодорсон Боржигин овогт, Алтан Ургийн цагаан ястан Тэмүжин Чингис хааны алдараар их бага,том жижиг элдэв төрлийн бүтээгдэхүүнийг учир холбогдол, бэлгэдэлт шинж, хүндэтгэлийн агуулга хийгээд зохисыг үл харгалзан нэрлэх болсоор удав. Аливаа улс үндэстэнд юугаар ч сольж арилжих ёсгүй, яагаад ч хөнгөн хуумгай хандах учиргүй үнэт зүйлс байдгийг Монгол Төрийн эрдэнийн сэнтийд морилсон эрхэм Ерөнхийлөгч Та бэлхнээ мэдэх билээ. Чухам тийм л үнэт зүйлсийн opойн сүмбэрт их эзэн Чингис Хаан маань цаг хугацаа, орон зайг үл ажран оршдог.

Учир иймд Чингис хааны нэрээр архи, тамхи болон бүх төрлийн согтууруулах ундааг оноон нэрлэхийг хориглох зарлиг гаргаж, үйл хэрэг болгохыг эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдийн төлөөлөл Танаас хичээнгүйлэн хүсч байна. Ер цаашид их хааны нэрийг хэрэглэх тухайд цогц бодлого боловсруулж, хуулийн хүрээнд шийдүүлэх шаардлагатай байгааг анхааралдаа авна уу. Бид архи согтууруулах ундааг их хааны нэрээр эс нэрлүүлэх үидэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн ба эл хөдөлгөөнийг ард нийтээр халуун дотно хүлээн авч, дэмжиж буйг дашрамд дуулгая. Энэ мэт бүтээгдэхүүнийг их эзний нэрээр эс нэрлэх нь нэг талаас эх түүх, их хаанаа хүндэтгэх, нөгөө талаас монгол түмний хэдэн мянганаар баримталж ирсэн бэлгэдэл хийгээд гүн ухааныг үл зөрчих, ард олноо үлгэрлэн дагуулах зэрэг тоочоод баршгүй зохистой хэрэг болно. Үндэс нэгт өвөр монголчууд маань ч түүх соёлын бүтээгдэхүүнээс бусад төрлийн зүйлийг их хааны нэрээр эс нэрлүүлэх шийдвэрийг гаргуулж чадсан байхад туурга тусгаар бидний улсад ийм бодлого хэрэгжих бүрэн боломжтой хэмээн үзнэ.

“Архийг бага шиг хүрт, болж өгвөл огоот бүү амс!” хэмээн их эзэн маань зарлиглан үлдээсэн байхад үзэл санаагаар нь зориуд тохуурхаж байгаа юм шиг “Чингис” нэртэй архи, согтууруулах төрлийн ундаа гаргадаг нь буруугийн дээд буруу, Чингис нэртэй архинаас болж хичнээн амьдрал сүйрснийг хэн ч таашгүй. Тиймээс “Архи биш, сүү өргөе” хэмээсэн Таны уриалгыг улс хотол даяараа халуун дотно хүлээн авсан билээ.

Их Хааны Сүр Сүлд Та Биднийг Ивээг!

“Төрт Ёс, Хаадын Cан”-гийн Эрдмийн Зөвлөл, Эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдийн төлөөлөл