Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Мэддэггүйд эрээн цоохор тэр юу вэ? ГЭРЭЭ

Зууны мэдээ
2016 оны 9 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд  эрээн цоохор, тэр юу вэ? “Бичиг үсэг” гээд багачууд бид бүгд ам уралдан хариулдаг байсан. Харамсалтай нь өнөөдөр улс орны амин чухал бичиг баримтууд, гэрээнүүд “мэргэн цоохор” байхаа больж “эрээн цоохор” болох нь ихэссэн байна.

Учир нь бичиг үсэгт тайлагдаагүй хүн олширсондоо бус бололтой, харин бичиг баримтуудын учрыг ойлгодог, тайлбарлаж чаддаг хүн цөөрсөн юм уу, эсвэл төрд ажиллахаа больсон ч юм уу. Юу ч юм бүү мэд “эрээн цоохор цаас” болж хувирсан баримт бичгүүдийн нэг жишээ бол манай улсаас бусад улсууд болоод олон улсын байгууллагуудтай нийгэм, эдийн засгийн салбарт хийсэн гэрээ хэлэлцээрүүд юм.

Манай улсын хувьд сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд нийт 275 олон талт гэрээ (multilateral treaties) үүнээс  193 гэрээг буюу 70 хувийг 1990 оноос хойш, нийт 1,080 хоёр талт гэрээ (bilateral treaties) үүнээс  657 гэрээг буюу 60 гаруй хувийг 1990 оноос хойш буюу сүүлийн 26 жилийн хугацаанд байгуулсан байна.

Олон гэрээ хэлэлцээрүүд он жил удсан, олон улс дахь нийгэм, улс төрийн өөрчлөлт, хувьсалын цагийг элээсэн ч албан ёсоор цуцлагдаагүй тул хүчин төгөлдөр гэж үзэж болно.

1990 оноос хойш зурагдсан гэрээнүүд нь улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, гадаад харилцаа гээд нийгмийн бүхий л салбарт хийгдсэн боловч гэрээний тодорхой заалтууд, нөхцөл нь Монголын эдийн засгийн өсөлт, цаашдын хөгжилд шууд буюу шууд бус хэлбэрээр хүчтэй нөлөө үзүүлэх онц ач холбогдолтой  байгаа юм.

1990 оноос хойш зурагдсан олон талт гэрээнүүдээс  11 гэрээ нь  эдийн засгийн салбарт хийгдэж олон улсын худалдаа мөн бизнесийн эрх зүйн зохицуулалтын асуудлуудыг голчлон хөндсөн бол харин хоёр талт гэрээнүүдээс 230 гэрээ нь мөн эдийн засгийн шууд хамаарал бүхий тодорхой асуудлууд болох зээл тусламж, худалдаа, хөрөнгө оруулалт, ашигт малтмал, давхар татвар, гааль, цөмийн энерги, эрчим хүчний асуудлуудыг зохицуулсан шинжтэй байгаа юм.  

Хэдийгээр бүх гэрээнүүд нь юу нь үл ойлгогдох эрээн цоохор цаас болчихоогүй байж болох боловч хөрөнгө оруулалт, эрчим хүч, давхар татвар гээд эдийн засгийн амин чухал асуудлуудыг хөндөн зурагдсан  гэрээнүүд нь ойлгомж муутай, Монголд ихээхэн дарамт, сөрөг үр дагавруудыг авчраад байгаа юм.

Тухайлбал “Хаан Ресүрс ба Монголын Засгийн газар” (2015), Недерланд & Монгол давхар татварын гэрээ (2014), Эрдэнэт ба Швейцарын MRI Trading AG (2016) гээд олон гэрээ тэднээс  үүдэлтэй заргуудыг зах зухаас нь дурдаж болно.

Монголд  уран олборлогч Хаан Ресүрс хэмээх Канадын компани манай улсын хууль тогтоомж өөрчлөгдсөний улмаас лиценз нь хүчингүй болсон хэмээн Монгол Улсыг шүүхэд өгөх болсон байдаг. Канад Монголын хооронд бизнесийн маргааныг зохицуулах хоёр талт гэрээгүй тул арга байсангүй.

Гэлээ ч Хаан Ресүрс энэ удаа олон улсад шалгарсан “treaty shopping” буюу “гэрээ хайх, шоппинг хийх” арга хэрэглэн  Монголын Засгийн газрыг шүүхээр буруутгуулж 100 сая ам.долларын төлбөрийг бидний хармаанаас гаргуулж чадсан юм. Учир нь 2005 онд Монгол Улс Недерланд улстай давхар татварын гэрээ зурсан байна.

Тухайн үед манайхан чухам ямар ашигтай гэж тооцоолж, яах гэж энэ гэрээг зурсан нь тодорхойгүй байгаа төдийгүй 4-5 жилийн дараа манай улсыг олон сая долларын өрөнд унагаж, их хэмжээний хохирол учруулна гэдгийг төсөөлөө ч үгүй явсан байх л даа.

Хаан Ресүрс муу юманд зуршсан үндэстэн дамнасан компаниудын нэг тул компаниа Оффшор-Недерланд улсад мөн бүртгүүлээд авсан аж. Ингээд зарчмын хувьд Нидерландын компани болж хувирсан Хаан Ресүрс хоёр улсын хооронд байгуулсан гэрээг зөрчсөн гэх үндэслэлээр Монгол Улсыг олон улсын шүүхэд өгөх эрх зүйн орчинг бүрдүүлж чадав.

Гэвч 100 сая, өнөөдрийн ханшаар 226 тэрбум төгрөгийн төлбөрийг гаргуулж авах үндэслэл нь өөр нэг гэрээ болсон юм. Энергийн Хартын Гэрээ (Energy Charter Treaty 1999).

Хүн амын эрүүл мэндэд учруулж буй эрсдэл, байгалийн бохирдлын улмаас Улсын Их Хурал 2010 онд цөмийн энергийн тухай хуульд  өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь  манай улсад 1999 оноос хүчинтэйгээр мөрдөх болсон Энергийн Хартын Гэрээ гэх олон талт гэрээг зөрчсөн гэж шүүх үзсэн нь Монголын талыг  буруутгах үндэслэл болсон юм.

16 жилийн өмнө олон улсын байгууллагуудын хүрээнд зурагдсан энэ гэрээ нэгэн үндэстэн дамнасан компанийн эрх ашгийг хамгаалах хэрэгсэл, ядуу буурай Монголыг зуун  сая долларын өрөнд унагах ангал болно гэдгийг бид л таамаглаагүйгээс биш  мэддэг талууд нь мэдэж л байсан юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 26 улстай байгуулсан давхар татварын гэрээ хүчинтэйгээр мөрдөгдөж байна. Ер нь бол 1991-2005 онуудад 35 улстай давхар татварын гэрээ байгуулсан бөгөөд үүнээс Нидерландыг оруулаад дөрвөн улстай байгуулсан гэрээг саяхан цуцалж, мөн таван улстай байгуулсан гэрээг соёрхон батлаагүй.

Манайд хөрөнгө оруулагч нэрээр орж ирж буй компаниуд ялангуяа уул уурхайн салбарт ихэнхдээ ямар нэг хэлбэрийн оффшор бүртгэлтэй, мөн манайтай давхар татварын гэрээтэй улсуудад  давхар бүртгэлтэй  “letterbox operation company” буюу шуудангийн хайрцагнаас үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд байгааг анхааралдаа авч арга хэмжээ авах шаардлагатай байна.

Давхар татварын гэрээний улмаас уул уурхайн өсөлттэй жилүүдэд Монгол Улс жилд хоёр тэрбум хүртэлх долларыг алдаж байсан  ба ер нь муу гэрээнээс болж улсад учирсан алдагдал, хохирлуудыг тооцвол хэдэн арван тэрбум долларын хэмжээнд яригдах бөгөөд  үүнд Дачин тамсаг, Оюутолгой, Таван толгой, Бороо гоулд, Гачуурт гээд олонд танил, томоохон гэрээнүүдийг дурдаж болно.

Саяхан Эрдэнэт үйлдвэр Лондонгийн шүүхэд ялагдаж, найман сая долларын хөрөнгөө царцаалгасан, Лондонгийн металийн бирж дээр худалдаа хийх эрхээ цуцлуулсан талаар уншигч та бүхэн санаж буй байх.  

2009 онд Швейцарын MRI Trading AG компанитай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээнээс үүдэлтэй маргаан байсан юм. Энэ нь хэдийгээр засгийн газрын үзэглэсэн биш, компани хоорондын гэрээ байсан ч бидэнд бас л нэгэн сургамж өгөх асуудал болж өнгөрсөн.

Эрдэнэт үйлдвэрийн  хувьд саяхан нууцлаг байдалд явагдсан хувьчлал,  2007-2010 онуудад Жаст компанийн Өмнөд Африкийн Стандарт банкнаас авсан 131 сая долларын зээлтэй холбогдсон асуудал гээд хэрхэн шийдсэн нь тодорхойгүй будлиан дагуулсан гэрээнүүд  гарч ирэхийг үгүйсгэж болохгүй юм. 

Гэрээ болгон бидний хувьд үл ойлгох “эрээн цоохор цаас” байсан уу гэвэл үгүй. 1990-ээд оноос өмнөх гэрээнүүд бидний хувьд харин ч “мэддэгт мэргэн цоохор” гэгч л байсан.

Тухайлбал 70-аад оны Эрдэнэт үйлдвэрийн бүтээн босголт, хөрөнгө оруулалт, ашиглалтын гэрээнүүд манай талд тун ашигтайгаар хийгдсэн сайны жишиг байсан гэж хэлж болно.

Сайн гэрээний хүчинд Эрдэнэт үйлдвэр бүхэл бүтэн улсаа тэжээсээр ирсэн ганц “саалийн үнээ” болсон хэрэг.  Дээр дурдсан жишээнүүдээс үзэхэд Эрдэнэт  үйлдвэрт хийгдсэн гэрээнүүд сайны ч, мөн муугийн ч (1990 оноос хойш батлагдсан гэрээнүүд) жишиг  болж буйг  та бүхэн харж байна.

1990-ээд оноос хойш Монголчууд бид засгийн газрын түвшинд ч, компани корпорацуудын түвшинд ч хэдэн арав, зуугаар тоологдох гэрээнүүдийг байгуулсан. Бидний хэзээ ч юм, яагаад ч юм бүү мэд тэгэсгээд гарын үсэг зурж орхидог гэрээнүүд нь нөгөө талуудын хувьд тодорхой зорилготой, тодорхой цаг хугацаанд үйлчилдэг, хожмын өдөр өндөр ашиг өгдөг чухал бичиг баримтууд  аж.

Үнэндээ  мэддэгт мэргэн цоохор, мэддэггүй бидэндээ эрээн цоохор болсон гэрээнүүдээс учирч буй хохирол өндөр байна, тоо хэмжээ нь цаашид өсөн нэмэгдэх шинжтэй.

Энэ олон гэрээнүүд  дахин хэзээ, ямар байдлаар биднийг өрөнд оруулж, ямаршуухан хохирол учруулахыг таашгүй. Харамсалтай нь сүүлийн 26 жилд байгуулагдсан  эдгээр гэрээнүүд нь үндсэндээ өнөөдрийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж явах зам голдрилыг зуран залуурдагч бичиг баримтууд  болж байгаа нь санааг минь бүр илүүтэй зовоож байна.

Эдийн засагч Х.Батсуурь

Зураг