Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

100 ХОНОГ: Монгол Улсын Засгийн газар хаачив?

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Санхүүгийн салбарынхны уншдаг Файнэншл Таймс нүүрэндээ “Монгол: Зээлээс зээлэн дэх амьдрал” нэртэй нийтлэл гаргаж, эдийн засгийн судалгааны Economic Intelligence тэргүүтэй байгууллагуудаас “дампуурах” хамгийн өндөр эрсдэлтэй орны хоёрдугаарт манай улсыг эрэмбэлжээ.

Үүний зэрэгцээ Euromoney-гоос гаргасан эрсдлийн газрын зурагт Монголын эдийн засаг хамгийн эрсдэлтэй буюу Африкийн төв хэсэгт орших Чад, Судан, Этиоп, Кенитэй адил улаан өнгөөр тэмдэглэгдсэн байна.

Ер нь сүүлийн үед Монголоос гадагш гарах муу мэдээ тасрахаа байлаа.

Түүхий эдийн үнийн уналт, засаглалын асуудлаас үүдсэн эдийн засгийн хүндрэл, төсвийн алдагдал, төгрөгийн сулрал зэрэг асуудлыг шийдвэрлэж, гадаадын хөрөнгө оруулалт татах, Монгол хүний амьдралыг сайжруулах тов тодорхой, МАШ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙГЭЭР гарч ирсэн ЗАСГИЙН ГАЗАРАА эрэн сурвалжлахад хүрээд байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ажлаа хүлээн аваад тун удахгүй 100 дахь хоногтойгоо /2016 оны аравдугаар сарын 15-нд/ золгох гэж байна. Тэрбээр ажлаа авсан даруйдаа чуулганы индрээс хэлсэн үгэндээ “Хүндхэн цаг үед Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна" хэмээж байв.

Түүний Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар гаргасан хамгийн анхны захирамж нь Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Г.Батсуурийг, Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшинг томилох асуудал байлаа.

Шинэхэн Ерөнхий сайдын хамгийн эхний том даалгавар нь Ази Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалт байв. Ямартай ч тэрбээр эх орондоо ирсэн дэлхийн улс орнуудын төлөөллийг хүлээн авах ажлаа алдаа эндэлгүй гүйцэтгэсэн.

Харин үүний дараа багагүй шүүмжлэл дагуулсан асуудал бол мэргэжлийн хэмээх тодотголтой Засгийн газрын мэргэжлийн бус томилгоонууд. Гэсэн ч шүүмжлэлд торолгүй багаа бүрдүүлж авсан Ерөнхий сайдын дараагийн алхам төсвийн тодотгол байлаа.

Тодотголоор төрийн тэргүүнээс эхлээд өндөр настан, үр ачийнх нь хүртэл бүсийг чангалахаар дориухан хэмнэлт оруулж ирсэн байсан. Гэвч “УИХ-ын гишүүн ч гэсэн адилхан хүн, хэдэн төгрөгөө хасуулмааргүй байна” хэмээн эсэргүүцсэн гишүүд цалингаа бууруулалгүй үлдээсэн юм.

Саяхан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өөрийн сонгогдсон Сэлэнгэ аймагт зочилж шинэ зам гүүрийн тууз хайчилж, тариаланчидтай уулзав. Харин дараа нь Зүүн аймгуудаар зочилжээ.

Өмнөх Засгийн газруудын жишгээс харахад 100 хоногийн хугацаанд ямар зарчмаар ажиллаж, хаашаа явах зүг чигээ бараг л гаргачихсан байдаг. Н.Алтанхуягийн Шийдлийн Засгийн газар өдийд бонд босгох чиглэлээ тодорхойлчихсон явж байжээ.  

ТЭД ЮУ АМЖУУЛАВ?
 
Гэрэл зургийг MPA.mn

Харин “Мэргэжил”-ийн Засгийн газар өнөөдрийг хүртэл ямар томоохон ажил амжуулсныг харцгаая.

  • 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих байсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг 2017 оны долоодугаар сарын 1-н хүртэл хойшлуулав. Мөн дээрх хоёр хуулийг “амилуулах” таван хуулийг УИХ-аас хууль санаачлагчид нь буюу Засгийн газарт буцаагаад байгаа билээ.
  • Төрхөмдөө буцсан таван хуулийн нэг болох Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн өргөн барив.
  • Айлгах тактик баримталж төсвийн тодотгол, төсөөлөл өргөн барьсан ч талаар болов.
  • Засгийн газраас өргөн баригдсан төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгож, оюутны 70 мянган төгрөгийн тэтгэмжийг зөвхөн шаардлага хангасан оюутнуудад энэ оныг дуустал олгохоор болов.
  • Өмнөх Засгийн газрын зарим хөтөлбөрүүдийг зогсоов.

Үндсэндээ ийм л хэдэн шийдвэр гаргажээ. Харин ард түмэн итгэлээ тээн хүлээсээр байна. Уг нь Ерөнхий сайд эдийн засгийг эрүүлжүүлэх ОНЦГОЙ ХӨТӨЛБӨР ярьж гарч ирсэн юмсан.

Монголын томоохон эдийн засагчид ОУВС-гийн “Стэндбай” хөтөлбөрт орохыг санал болгоод хоёр сарыг ардаа үдлээ. Одоо ч санал болгосоор, зарим нь шахалт үзүүлсээр байгаа хэдий ч манай Засгийн газар дүлий дүмбэ оргин суужээ.

ОУВС-ийнхны зүгээс Монголд хөтөлбөр санал болгоход бэлэн байгаа хэмээн албаны эх сурвалжууд хэлж байна.  Улс орны нөхцөл байдал маш эмзэг байхад тэд юу хүлээгээд байна вэ.

Магадгүй орон нутгийн сонгуулийг харж байж ямар нэгэн шийдвэр гаргахаа хүлээзнэж буй биз. Гэвч өнөөгийн эдийн засгийн байдлыг харвал бүтэн сар орчмын дараа болох орон нутгийн сонгуулийг хүлээж боломгүй юм.

Уг нь өдийд шийдтэй дуугарч, даацтай ажлын эхлэлийг тавьсан баймаар.

Хэрэв юу ч хийж чадахгүй бол Гүйцэтгэх засаглал ямар эрх мэдэлгүй, сул дорой, үүрэг хариуцлагаа хүлээх чадваргүй байгааг ИЛЧЛЭЭД өгөх биз ээ. Эцэст нь ахин асууя. Монгол Улсын Засгийн газар хаачив?