Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Куба улс элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга нийлүүлэхээр тохиролцлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 16
iKon.MN
 

- Монгол Улсын Төрийн тэргүүн 50 жилийн дараа КУБА-д айлчилж байна -

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж албан ёсны айлчлал хийхээр Бүгд найрамдах Куба улсын Гавана хотноо хүрэлцэн ирлээ.

Угтах ёслолын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Кубын үндэсний баатар Хосе Мартигийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөв.

Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан авч, мэндчилсэний дараа Хүндэт харуулын дарга илтгэл өгч хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.

 

Угтах ёслолд Монголын талаас  УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Монгол Улсаас БНКУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Батбаяр, Кубын талаас БНКУ-ын Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Тэргүүн дэд сайд Марселино Медина, БНКУ-аас Монгол улсад суух   Элчин сайд Раул Делгадо болон албаны төлөөлөгчид оролцлоо.

 
Монгол, Куба  хоёр улсын улс төрийн харилцаа 1960 оны 12 дугаар сард дипломат харилцаа тогтоож,  1962 оны 7, 9 дүгээр сард харилцан бие биеийн нийслэлд ЭСЯ-аа нээснээр эхэлсэн. 1990-ээд оноос өмнө социализмын жилүүдэд Монгол, Кубын хооронд нам, төрийн шугамаар бүх шатны түвшинд харилцан айлчлалыг өргөн хэрэгжүүлж байсан. Үүнээс Монголын нам, төр, засгийн удирдагч Ю.Цэдэнбал 1972 онд, Ж.Батмөнх 1984 онд тус тус Куба Улсад, Кубын Коммунист намын 2 дугаар нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд Раул Кастро 1970 онд Монгол Улсад хийсэн айлчлал голлох байр суурь эзэлдэг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн энэхүү айлчлал нь  дээрх айлчлалаас хойш хагас зуун жилийн дараа хийгдэж байгаа албан ёсны айлчлал гэдгээрээ онцлог юм.

Элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо
 

Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Бүгд Найрамдах Куба Улсын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нар албан ёсны хэлэлцээ хийв.

Уулзалтын эхэнд Эрхэмсэг ноён Раул Кастро Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд 1970 онд Монголд Улсад айлчилж байсан дурсамжаасаа хуваалцаж, энэ тухай дурсахад үргэлж таатай байдаг тухайгаа ярилаа. Тэрээр манай хоёр улс дэлхийн бөмбөрцөгийн хоёр талд байдаг ч олон улсын тавцанд бие биеэ харилцан дэмжиж ирсэнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж цаашид ч энэхүү уламжлалаа хадгалах нь чухал болохыг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлэхдээ Эрхэмсэг ноён Раул Кастро болон найрсаг Кубын ард түмэнд найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд Куба улс нь Латин Америкийн бүс нутгийн орнууд дотроос Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс бөгөөд өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд хоёр орны найрсаг харилцаа батжин хөгжиж ирснийг онцлов.

 

Уулзалтын үеэр хоёр тал боловсролын салбар дахь хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш Монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлэгийг цаашид нэмэгдүүлэхээр боллоо. 1994 оноос Кубын засгийн газар жил бүр 2-3 оюутан шүдний эмч, хүний их эмч болон эмчилгээний чиглэлээр Монголын оюутан залууст сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд 2016 оны байдлаар 140 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байгаа юм.  

Мөн хоёр орны хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, Элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

Албан ёсны хэлэлцээ болон уулзалт таван цаг гаруй үргэлжилж маш өргөн хүрээний сэдвээр санал солилцлоо.


Эх сурвалж: ЕТГ-ын ХМА