Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн шилдэг нислэгийн компаниар АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний хамгийн том ололт бол орон зай, цаг хугацааг туулах чадвартай оньсон хөлөг билээ. Бид амьдралаа алс холын нислэг, аялалгүйгээр төсөөлөхийн аргагүй...

Турк улсад төдийгүй дэлхий дахинд нислэгийн хүртээмж, чанар, аюулгүй байдлаараа алдаршсан Turkish Airlines компанийн үйл ажиллагаатай танилцах боломж Ази, Номхон далайн бүсийн орны 100 гаруй сэтгүүлчдэд олдсон юм.

Бидэнтэй хамт Хятад, Хонг-Конг, БНСУ, Энэтхэг, Бангладеш, Филиппин, Тажикистан, Киргизстан, Сингапур улсын хэвлэл мэдээллийн багийнхан аяллаа.

Turkish Airlines бол дэлхийн 116 орон руу 291 чиглэлд нисдэг, Туркийн төрийн 49 хувь, хувийн хэвшлийн 51 хувийн эзэмшилтэй компани. Тус компани 1998 он хүртэл Турк улсын төрийн мэдэлд байсан хэдий ч хувьчлагдсаныхаа дараа дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой нислэгийн компани болж чаджээ.

Менежментийн энэхүү шинэчлэл нь Туркийн ард түмнийг “онгоцонд ойртуулсан” бөгөөд нислэгийн үнэ хямдарч, хүртээмж нэмэгдсэнээр зөвхөн баячууд биш хүссэн хүн бүр агаарын тээврээр үйлчлүүлэх боломжтой болсон байна.

Мөн дэлхийн нислэгийн “Skytrax” авардсаар зургаан удаа Европын шилдэг авиа компани шагналыг хүртжээ.

ГРАФИК: Turkish Airlines-ийн зорчигчдын өсөлт /сая хүн/

 

Тurkish Airlines Монголын зах зээлд нэвтрээд таван жил болсон бөгөөд зорчигчдод эчнээ танил болсон байгууллага юм. Тэд долоо хоногийн гурван өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатараас Ази, Европыг холбосон эртний түүхт Истанбул хотын чиглэлд чиглэлд зорчигчдоо тээвэрлэдэг.

Монголчууд ч энэ компанийн үйл ажиллагааны үнэ цэнийг мэдэрч Турк улс руу шууд нисдэг болсондоо сэтгэл хангалуун байдаг аж. Учир нь Монгол-Турк улсууд эртний түүхт харилцаа холбоо, хамтын ажиллагаа сайтай бөгөөд Монголоос тус улсыг зорих оюутнууд, худалдаа наймаачид их юм.

Компанийн үйл ажиллагаатай танилцахаар гарсан Монголын баг Даваа гарагийн өдөр 11:00 цагт Улаанбаатараас хөдөллөө.

Бид замдаа Киргизстаны нийслэл Бишкек хотын Манас олон улсын нисэх буудалд 45 минут зогсож түлшээ цэнэглэснээр цааш хөөрөв. Ингээд 17:00 цагт Истанбул хотын Ататуркийн олон улсын нисэх буудалд газардлаа.

Ататуркийн олон улсын нисэх буудал нь дэлхий хамгийн хөл хөдөлгөөнтэй нисэх буудлуудын нэг ажээ. Учир нь энэ бол 291 гаруй чиглэлд нисдэг Turkish Airlines компанийн үйл ажиллагаатай холбоотой.

Төрийн эргэлт хийх оролдлого гарсны дараа анх удаа тус улсад зочлохдоо бага зэрэг айдастай байсан боловч Истанбулд буугаад бүх юм өөр байгааг мэдээд тайвшрав.  Истанбул хот бүхэлдээ тайван байлаа.

Ази, Европыг холбосон алдарт Босфорын хоолой, эртний түүхт Константинополь хотын туурь, исламын шашны сүмүүд, худалдаа наймаачид, завь, цахлай, амттай хоол, найрсаг зангаараа алдартай энэ хотод хийх зүйл маш их ажээ.

14 сая хүн амтай хэрнээ жилдээ 15 сая жуулчин хүлээн авдаг гэхээр энэ хотын алдар нэр, цар хүрээ харагдана.  Истанбул хотын аяллын тухай нийтлэлийг дараагийн цувралаар хүргэх болно.

Харин одоо дэлхийн шилдэг нислэгийн компанитай танилцацгаая.

ОНГОЦ “ЖОЛООДОЖ” ҮЗСЭН МИНЬ...
 

Turkish Airlines-тай танилцах бидний эхний зогсоол Истанбул хотноо байрлах 1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулсан Нислэгийн сургалтын төв байлаа.

Turkish Airlines өдгөө 4,000 гаруй нисэгч, инженер, техникийн ажилтан, 8,000 гаруй үйлчилгээний ажилтантай.

Нислэгийн сургалтын төв нь Истанбул хотын төвд 15,600 шоо метр талбайг хамран байрлажээ. Энд технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшлийг харуулсан 21 симулятор бий. Мөн 60 гаруй сургалтын өрөө, нэг хурлын танхимтай бөгөөд нэг дор 1,500 гаруй хүн хичээллэх хүчин чадалтай.

Дэлхийд тэргүүлдэг энэ нислэгийн төвд очсон зочид онгоцны нисэгчдийн ур чадвараа сайжруулах, шалгуулах зорилготой Airbus A320 симуляторыг жолоодож үзэв.

Энэхүү симуляторуудыг тус компанийнхан нисэгчиддээ зориулжээ. Онгоцны нисэгчид зургаан сар тутамд энд ирж ур чадвараа шалгуулж, цаашид ажиллах эрхтэй болдог гэхээр сайн нисэгч байна гэдэг байнга суралцаж байхын нэр ажээ.

Сумиляторт орж үзэхэд онгоцны цонхоор хиймэл орчин үүсгэж, яг л онгоц жолоодож буй мэт мэдрэмжийг төрүүлдэг. Симулятороос гараад бид ослын үед хэрхэн ажиллах талаар сургалт явуулдаг Boieng 737-400 онгоцонд суув.

Энд онгоцонд гарч болзошгүй эрсдлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлж, зорчигчдын эрүүл мэнд, амь насыг хамгаалах талаар сургалтууд ордог бөгөөд бодит орчинд дадлага хийлгэдэг ажээ.

Дээд зэрэглэлийн сургалт, үйлчилгээний цогц системийг бүрдүүлж чадсанаараа энэ компани дэлхийн хамгийн аюулгүй агаарын тээвэрлэгч гэдгээрээ буурал тивд танигдсан байдаг.

ӨДӨРТ 200,000 ХООЛ ҮЙЛДВЭРЛЭДЭГ DO&CO-Д ЗОЧЛОВ
 

Урт холын аялалд хоол хүнс хамгийн чухал. Тэр ч утгаараа зорчигчид онгоцны хоолонд анхаарлаа ихээр хандуулдаг билээ.

Бид Turkish Airlines компанийн 50 хувийн эзэмшилд байдаг онгоцны хоол үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч DO&CO компанийн үйлдвэрт зочиллоо.

Уг үйлдвэр 2007 онд байгуулагдсан бөгөөд өдгөө өдөрт 200,000 зорчигчийн хоол үйлдвэрлэж байна.

DO&CO Туркдээ төдийгүй дэлхийд тэргүүлэгч юм. Учир нь эдний бүтээгдэхүүнүүдийг дэлхийн 60 гаруй нислэгийн компани зорчигчиддоо хүргэдэг. 2016 онд гэхэд бизнес ангиллын катерингаар дэлхийд нэгдүгээр байр эзэлсэн бол экономи ангиллын катерингаар гуравдугаарт жагсжээ.

Жилд 65 сая гаруй хоол үйлдвэрлэж байгаа бөгөөд Туркийн зах зээлийн 80 хувийг дангаараа эзэлжээ. Мөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг 46 хувиас 96 хувьд хүргэж чадсан амжилттай.

Үйлдвэрт зочлогчдод тусгай ариутгалын хувцас өмсүүлж, цааш нэвтрүүлэхдээ ч ариутгах өрөөгөөр дамжуулдаг. Үүний дараа бид зорчигчдын амтархан зооглодог төрөл бүрийн амтат хоол, идээ ундааг үйлдвэрлэн, савлаж, дамжуулах хэсгээр зочилсон юм.

DO&CO бол зөвхөн хоол үйлдвэрлэл төдийгүй хадгалалт, хүргэлт, ложистик, менежмент зэргээрээ гайхуулсан том компани байлаа. Ажиллагсдын цонхоор Ататуркийн аварга том нисэх буудалд онгоц тасралтгүй хөөрч, буух нь харагдана.  

Ер нь Турк орон хоол унд их сайтай. Газар дундын тэнгис орчмын таатай уур амьсгал нь жимс, ногооны болц, амтыг нэмнэ. Мөн дарсны эх орон буурал тивд оршдог тул уух юм, Төв Азийн нүүдэлчдээс гаралтай тул махыг боловсруулах, амтлах аргаараа гайхагдах ажээ.

ЕВРОПЫН №1 БИЗНЕС ЛОУНЖ
 

Урт аяллын дараа алжаасан бидний Истанбул дахь эцсийн зогсоол Turkish Airlines-ийн бизнес лоунж байлаа. Ататуркийн нисэх буудал маш том. Хөл хөдөлгөөн ч барагдахгүй их. Гэхдээ энд хамгийн сайхан амарч болох газар бий.

5,900 мкв зай талбайг эзэлсэн, 1,000 гаруй хүн амрах боломжтой уг лоунж Европдоо нэгдүгээрт бичигддэг. Үүдээр нь ороход л тус бизнес лоунжийн дотоод засал нүдэнд тусна. Бүхэлдээ ой модонд сууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхийн зэрэгцээ тансаг орчинг бүрдүүлж чаджээ.

Энд номын сан, саун, гольфийн симулятор, тоглоомын өрөө, цайны өрөө, цэцэрлэг, тайз байх ажээ. Мөн үйлчлүүлэгчдээ дайлах халуун, хүйтэн уух зүйлс, сэндвич, зууш, төрөл бүрийн шарсан мах, зутан шөл тэргүүтэн бий.

Үүн дээр нэмээд мартаж болохгүй нэг зүйл бол Турк хүний зочломтгой, найрсаг зан билээ. 

 

#Үргэлжлэл бий...

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.