Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

"ТҮРЭЭСИЙН орон сууц хөтөлбөрийг үргэлжлүүлж, ИПОТЕКИЙН зээлийн санхүүжилтийг нэмэх хэрэгтэй"

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр нар барилгын салбарын төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Засгийн газар УИХ-аар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө батлууллаа. Хөтөлбөр боловсруулах шатанд Барилга, хот байгуулалтын сайдын салбарын төлөөлөлтэй уулзсан уулзалтын дүнд гарсан саналууд хөтөлбөрт тусгагдсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг дангаараа хангаж чадахуйц байсан барилгын салбар доголдож, уналтад орсныг засч, урагшлуулна. Үүсээд байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд салбарын мэргэжилтнүүдийн санал чухал” гэсэн юм.

Монголын барилгачдын холбоо;

Тус холбооны зүгээс аймаг бүрт 1,000 айлын орон сууц, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэх хүсэлт тавилаа. Мөн энэ чиглэлээр гаднын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах эхлэлээ тавиад байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс борлуулалтыг дэмжих үү гэдгийг хөрөнгө оруулагчид сонирхож байгаа учир тэдэнд  итгэл төрүүлэх хэрэгтэй байна гэлээ.

Өнгөрсөн хугацаанд  барилгын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэвч эрэлтээ тооцолгүйгээр нийлүүлэлт хийсэн.

Барилгын салбар бүхэлдээ өрийн сүлжээнд орсон. Арилжааны банкуудын хүүгийн хүүгээс чөлөөлөх, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулах хүсэлтэй байна. Барилгачдыг бүртгэлжүүлэх, чадваржуулах чиглэлд олон улсын байгууллагатай хамтарч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ.

Монголын архитекторуудын эвлэл;

 

Барилгын норм, нормативын баримт бичгийн тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, олон улсын норм, нормативын баримт бичгийг хэрэглэх орчинг бүрдүүлэх асуудал Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нь нүдээ олсон гэдгийг онцолсон юм. Мөн манай архитекторууд олон улсын хэмжээнд ажиллах чадвартай, Засгийн газрын зүгээс бодлогын хэмжээнд дэмжих санал гаргалаа.

Монголын барилгын үндэсний ассоциаци;

 

Өнөөдрийн байдлаар ашиглалтад бүрэн орсон 8 мянга, 50-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 25 мянган орон сууц хүлээгдэж байна. Ипотекийн зээлийг үргэлжлүүлж, орон сууцыг эргэлтэд оруулах шаардлагатайг онцоллоо. Мөн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлж, ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэв.

Төсөвчдийн холбоо;

Газар эзэмшиж, ашиглах эрх аваад хоёр жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар ашиглаагүй бол улс эргүүлэн авдаг. Гэтэл энэ хугацаанд юу ч бариагүй, газраа дамлан зарж буй хүн олон байна. Энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс илүү дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, иргэд өөрийн газартаа тохилог амины орон сууц барих боломжийг бүрдүүлэх нь чухал гэдгийг хэлж байлаа. Мөн зарим шийдвэр дунд, доод шатандаа хэрэгждэггүй, чиглэл, заавар ирээгүй гээд сууж байдаг. Нэгэнт гарсан тогтоол, шийдвэрийг бүх шатанд цаг алдалгүй хэрэгжүүлдэг байх чиглэл өгөхийг хүслээ.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо;

Барилгын салбар өрийн сүлжээнд орсон гэдгийг тэмдэглээд гаднын хөрөнгө оруулалттай зарим компани дотоодоос бүтээгдэхүүн авдаггүй, өөрсдийн улсаас барилгын материалаа оруулж ирдэг. Энэ сүлжээг задалж, тодорхой хувьд нь дотоодод үйлдвэрлэсэн барилгын материал ашигладаг болгох, барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг судлах саналуудыг хэлсэн юм. Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрөл хамгийн их тулгамдаж байгаа асуудал болсон гэдгийг энэ үеэр тодотгов.

Түүнчлэн барилгын салбарт бүтээмж, чанар аюулгүй байдлыг нэмэгдүүлэх ухаалаг тогтолцоог, компаниуд төслийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай талаар уулзалтад оролцогчид хэлж байлаа. Зогсонги байдалд орсон барилгуудыг үргэлжлүүлэх, хилийн чанадад амьдарч байгаа монголчууд эх орондоо ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэх, гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг саналыг сайд нарт уламжлав.
 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон түрээсийн орон сууц, ипотекийн зээлийн хувьд тодорхой өөрчлөлтүүд хийнэ гэдгийг уулзалтын төгсгөлд онцолсон юм.

Хилийн чанадад амьдарч байгаа иргэд эх орондоо зээлээр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэхийг ч судална.

Мөн 2012 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 1,831 аж ахуйн нэгж байсан бол 2014 онд 4,749 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авсан байна. Тусгай зөвшөөрлийг судлах ажлыг удахгүй эхлүүлнэ. Энэ бол дарамт биш, төрийн зохицуулалтаар хийгдэж байгаа ажил гэж хүлээж авах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд  барилгын салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн. Гэвч эрэлтээ тооцолгүйгээр нийлүүлэлт хийсэн нь энэ  салбарыг уналтад оруулах гол шалтгаан болсон гэж хэллээ.

Эхний ээлжинд ажил нь зогссон барилгуудыг судалж, шийдвэрлэнэ. Судалгаа хийж, эх үүсвэрээ тооцож, бодлогоо боловсруулж ажиллана. Хилийн чанадад амьдарч байгаа иргэд эх орондоо зээлээр орон сууц худалдан авах боломжийг бүрдүүлэхийг ч судална гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцолсон юм.

Засгийн газрын зүгээс салбар бүрийн төлөөлөлтэй хийх уулзалтуудыг жил бүр зохион байгуулж, үр дүнг нь тооцох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.