Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэм А.Шоовдорын хувь заяаг давтаж мэдэх нь

Р.Саруул
2016 оны 9 сарын 14
MorninigNews.mn
Зураг зураг

Төрийн банкны орлогч захирал Т.Дорждэрэмийг албан тушаалаа ашиглан их хэмжээний найдваргүй зээл олгосон, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэж өнгөрсөн баасан гарагт АТГ-аас цагдан хорьсон.

Одоогоор түүнийг Эрүүгийн хуулийн 268 дүгээр зүйл ангид заасны дагуу банкны хууль тогтоомжийг зөрчиж найдваргүй зээл гаргасан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Энэхүү зүйл заалтыг хэвлэл мэдээллүүд л цацсан болохоос албаныхан одоо болтол энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Гэхдээ түүнийг ийм хэрэгт буруутгаж байгаа нь цаанаа өөр зорилго агуулж байгааг үгүйсгэхгүй гэж зарим банкны захирлууд үзэж байв. Тухайлбал, Т.Дорждэрэмийг найдваргүй зээл олгож, бусдаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглээд байгаа.

Гэтэл зээл гэдэг нь ганцхан хүний өөрийнх нь хүрээнд шийдчих асуудал биш гэж мэргэжил нэгт нөхөд нь онцлон хэлж байсан юм. Банкны эдийн засагчдын хэлж буйгаар банкны орлогч захирал бусдад зээл олгох эрх мэдэл бүхий албан тушаалтан биш.

Аливаа зээлийг олгохдоо салбар болон толгой банкны захирлууд, салбар хариуцсан эрхлэгч, зээлийн ахлах эдийн засагчид гээд олон хүн зээл хүссэн хүмүүсийн бичиг баримтыг судалж, хүссэн зээлийн хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөл нь боломжтой эсэх, орлого, зарлага гээд олон талыг нь харж байж шийдвэрлэдэг хэмээн хэлж байв.

Түүнчлэн банкууд зээлийн маш өндөр шалгуур тавьж байж иргэдэд зээл олгодгийг бид ч бас мэднэ. Тиймээс Т.Дорждэрэм орчин цагийн хэлмэгдүүлэлтэд өртүүлсэн юм биш биз гэсэн хардлага банкны салбарынхны дунд бий болоод байна.

Төрийн банкийг хувьчлах тухай 2010 оноос яригдсан

Тэгвэл төрийн өмчит банкны орлогч захирал төдийхөн хүн яагаад хэлмэгдэлтэд өртөнө гэж. Үүний цаана улстөрийн ямар явуулга, зорилго байгааг харах гээд үзье.

Өнгөрсөн 2010 оноос Төрийн банкийг хувьчлах тухай асуудал яригдаж, өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Төр өөрийн мэдэлд байгаа банкийг хувьчлах эрх мэдэлтэй. Гэхдээ энэ асуудалд орлогч захирал Т.Дорждэрэмийг золиослох шалтгаан юу байж болох вэ гэж бодох хүн ч бий.

Хэрвээ уншигчид санаж буй бол 2013 онд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирал А.Шоовдорыг улсын үйлдвэрийн хөрөнгө мөнгийг хувьдаа завшиж, улсад 38 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр хоёр жил гаруйн хугацаанд цагдан хорьж байгаад өнгөрсөн оны аравдугаар сард шүүхийн шийдвэрээр хэрэг нь цагаадаж байсан түүхтэй.

Ингэхдээ яг түүнийг хоригдож байх хугацаанд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлах асуудлыг шийдвэрлэж байсан юм. Ерөнхийдөө хувьчлалыг саадгүй явуулахын тулд түүнийг хоёр жил гаруй хугацаанд цагдан хорьсон гэж олон нийт хийгээд улстөрийнхөн хардаж, тухайн үедээ мэдээлэл ч өгч байсан удаатай. Тэгвэл энэ удаа ч Т.Дорждэрэмийг энэ аргаар хорьж, эцэст нь гэмт хэрэг хийгээгүй гэж цагаатгаж байж ч мэдэх юм.

Т.Дорждэрэмийн хамсаатнууд хаана байна

Хэрвээ Т.Дорждэрэм найдваргүй зээл гаргаж, хувьдаа олон сая төгрөгийн хээл хахууль авсан юм бол түүний хамсаатнууд гэж байх ёстой. Тэгвэл түүний хамсаатнууд болох банкны албан тушаалтнууд яагаад одоог хүртэл ажлаа хийсээр байна вэ. Энэ асуулт ч мөн хариулт шаардсаар байна.

Анх төрөөс “Зоос” банкны хувьцаа эзэмшигч, хадгаламжтай иргэдийг хохиролгүй болгох үүднээс Төрийн банкийг бий болгож байсан түүхтэй. Харин өдгөө “Зоос”, “Хадгаламж” банкны хүлээн авагч үндсэндээ ажлаа хийгээд дууссан учраас Төрийн банкийг хувьчлах нь зүйтэй гэсэн шийдвэрийг өнгөрсөн Засгийн газрын үед гарч байжээ.

Ийнхүү өнгөрсөн 2010 оноос яригдаж эхэлсэн Төрийн банкны хувьчлал асуудал үүсгэж, захирал нь олон сая төгрөгийн авлига авсан, муу ажиллаж байна гэх нэр зүүж, өмч хувьчлалаар далайлгасан их сүрийн дор ээлжит “хэлмэгдүүлэлт” дахин явагдах нь бололтой гэж хардаж буй юм.

Тиймээс л Т.Дорждэрэмд Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн захирал А,Шоовдорын хувь заяа давтагдах вий гэсэн айдас ч нийгэмд бий болчихлоо.

Энэ мэтчилэн төрийн өмчид хамааралтай аж ахуйн нэгжүүдийг хувьчлахын тулд эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг нь хилсээр гүтгэж, хэрэг тохдог хэв маяг тогтох вий гэдгээс албан тушаалтнууд айж эмээж байна.

Зураг