Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Төлбөрийн тэнцэл эерэг хандлагаа хадгалав

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 8 сарын 31
Засгийн газрын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Мөнгөний бодлогын хүүгээ 4.5 нэгжээр өсгөж, 15 хувьд хүргэсэн Монголбанк төлбөрийн тэнцлийн долоодугаар сарын урьдчилсан гүйцэтгэлийг даваа гарагт танилцуулав.

Улсын нэгдсэн төсвийн зардлыг танахаар хэлэлцэж байгаа энэ үед төлбөрийн тэнцлийн үзүүлэлт чухал байх нь мэдээж. Макро эдийн засгийн үндсэн голлох үзүүлэлтийн нэг нь төлбөрийн тэнцэл. Тиймээс ч бодлогын чанартай шийдвэр гаргахад уг статистик нэгтгэл эрэлттэй “гарын авлага” байж ирсэн.

Эдийн засгийн ерөнхий төлөв байдал, хандлагыг харуулдаг төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны долоодугаар сарын байдлаар 166.2 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43 хувиар буюу 125.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт.

Сүүлийн 20 гаруй cap дараалан төлбөрийн тэнцлийн өндөр алдагдал буурч, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх болсон. Энэ утгаараа эдийн засагт ажиглагдаж буй эрүүл тэнцэл болохыг зарим эдийн засагч онцолж байна.

Өнгөрсөн сард барааны гадаад худалдааны дансны ашиг 50.8 сая ам.доллараар өссөн. Харин орлогын дансны алдагдал 218.1 сая ам.доллараар буурчээ. Энэ нь дээрх байдалд нөлөөлсөн байна. Урсгал тэнцэл энэ оны зургаадугаар сарын эцэст 93.6 сая ам.долларын алдагдалтай гарсан.

Сүүлийн 20 гаруй cap дараалан төлбөрийн тэнцлийн өндөр алдагдал буурч, эдийн засгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх болсон.

Тэгвэл долоодугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр алдагдал бараг хоёр дахин өсчихөж. Гэсэн ч төлбөрийн тэнцлийн ерөнхий төлөв нааштай хэвээр.

Уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгслээс эрс татгалзаж байгаагаа зарласан төв банкны хувьд төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг cap бүрийн эцэст гаргадаг. Хөрөнгө болон санхүүгийн тэнцэл долоодугаар сарын байдлаар 399.5 сая ам.долларын ашигтай гарчээ.

Энэ нь өнгөрсөн оны гүйцэтгэлээс 22 хувиар буюу 111.3 сая ам.доллараар буурсан үзүүлэлт болж байна. Багцын хөрөнгө оруулалтын ашиг 154.5 сая ам.доллараар буурсан нь дээрх байдалд ч нөлөөлжээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засагт дутагдалтай байгааг дээрх тоонууд илтгэнэ.

Төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад ам.долларын ашиг тус их.Төлбөрийн тэнцлийн дарамтаас гарч байгаа эдийн засагт төсвийн өндөр алдагдал дарамт үүрүүлэх болсон.

Энэ нь эдийн засгийн нөхцөл байдлыг эмзэг байдалд оруулж байгааг цөөнгүй эдийн засагч учирладаг. Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь товчхондоо, экспорт нь импортынхоо төлбөрийг хийж чадахгүй байна гэсэн үг. 

Урсгал тэнцлийн алдагдал гэдэг нь энгийн үгээр хэлбэл, манай улсын гадаадад гаргаж худалдаж байгаа бараа, үйлчилгээ, шилжүүлгийн орлогоос гаднаас авдаг бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийг хассан цэвэр дүн.

Бид юуг бүтээж, валютын ямар орлого олсон, юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт бол төлбөрийн тэнцэл билээ. Төлбөрийн тэнцлийн хямралаас аажмаар гарч буй эдийн засаг төсвийн хямралтай золгоод байгаа.

Өнгөрсөн онд төлбөрийн тэнцлийн алдагдал 469 сая ам.доллараар буурсан. Харин энэ оны эцэст ашигтай гарахаар хүлээгдэж байгааг зарим тооцоо, судалгаанд дурдсан удаатай. Гэхдээ сарын дотор урсгал дансны алдагдал хоёр дахин нэмэгдсэн нь дээрх төсөөллийг үгүйсгэж мэдэх юм.

Монголбанкны захирлуудын зөвлөлөөс гаргасан Мөнгөний бодлогын мэдэгдэлд “Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал хоёр дахин буурлаа” хэмээн тэмдэглэсэн байна.

Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь товчхондоо, экспорт нь импортынхоо төлбөрийг хийж чадахгүй байна гэсэн үг. 

Уг мэдэгдэлд, валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгааг тодотгожээ. Хэрэв төлбөрийн тэнцлийн алдагдал үргэлжлэн буурч, хөрөнгө оруулалтын орох урсгал нэмэгдвэл төгрөгтэй харьцах ам.долларын ханш сулрах, улмаар валютын ханшийн дарамт саарах юм.

Төгрөгийн бусад валюттай харьцах ханш нь гадаад худалдааны тэнцэлд шууд нөлөөлдөг гэмтэй. Ханшийн сөрөг өөрчлөлтийн үр дүнд манай улс их хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй. Алдагдал нь үнийн өсөлт буюу инфляц болж иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг.

Тиймээс төлбөрийн тэнцлийг алдагдалгүй байлгахад Монголбанкны мөнгөний бодлого сүүлийн гурван жилийн хугацаанд чиглэсэн. Үүний үр дүн эдийн засагт нэг талаар гарч байгааг дээрх эерэг тоон үзүүлэлтүүд илэрхийлж байна.

Монголбанкны зүгээс мөнгөний бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн нь төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй. Энэ нь эдийн засгийн хэвийн байдалд эерэг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулахаар байгааг зарим эдийн засагч тэмдэглэлээ.

Мөн “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтаас 400 гаруй ам.доллар орж ирэхээр хүлээгдэж байгаа юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, оны эцэст алдагдалгүй, улмаар ашигтай гарахад дээрх бодлогын шийдвэр болон “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт голлох үүрэг гүйцэтгэхээр байна.

Зураг