Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Иргэд хэмнэлээ гээд хэнд ашигтай юм бэ?

З.Боргилмаа
2016 оны 8 сарын 29
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

-Иргэд хүссэн хүсээгүй хэмнээд эхэлбэл татвар төлөгчдийг “тэжээдэг” орлогыг хэн өгөх юм бэ? Орлогогүй татвар төлөгчдөөсөө төр яаж өндөр татвараа авах юм бэ? Нэг үгээр бол эдийн засгийг хумих, идэвхгүй царцаах үр дагаврыг уриалж байгаа улстөрчид Сангийн сайдад таалагдахаас илүүтэй улс орны маргаашийг харсан бодлого боловсруулах үүрэгтэй-

...Эдийн засгийн үзүүлэлтүүд цаашид уруудах дохио хангинуулж буй ийм үед улс орнууд, тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рейган татварын хувь хэмжээг харин ч бууруулах, зээлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн идэвхжилийг бий болгож хямралыг богино хугацаанд гэтэлгэсэн түүх бараг л сурах бичигт тэмдэглэгдэн үлджээ...

Эдийн засаг их муу байгааг илчилсэн статистик дунд хамгийн сайн яваа үзүүлэлт нь инфляц нэг оронтой тоонд буюу 2.2 хувь гэх тоо. Эдийн засаг судлаачдын үзэж байгаагаар инфляц ийм нам түвшинд хүрсний шалтгаан нь эрэлт бага буюу хүмүүсийн гар дээрх бэлэн мөнгөний орлого ипотекийн зээлийн төлөлт рүү шилжиж буйтай нэг талаар холбоотой аж.

Эрэлт бага байна гэдэг нь нөгөө талаар эдийн засгийн идэвхжилийг сааруулж, дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний салбар, цаашлаад импортлогчдын ашиг орлого буурах нэг шалтгаан болох юм. Эцсийн дүндээ энэ нь татвар төлөгчдийн орлого буурах, зарим нь үйл ажиллагаагаа хаахад хүргэж мэдэх ба үүнээс үүдээд татварын нэр төрөл цөөрөх, татвараас улсын төсөвт орох хувь хэмжээ багасна аа л гэсэн үг.

Засгийн газраас боловсруулан УИХ-аар хэлэлцүүлж байгаа бодлого хэдийгээр татварын хувь хэмжээг нэмэх алхмыг санал болгож буй ч эдийн засгийн эрэлт, идэвхжил буурсан тохиолдолд энэ нь үр дүнгүй шийдэл болж таарна.

Монголын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн 10 жилийн үзүүлэлтүүдтэй харьцуулахад хамгийн муу үе нь биш. Бусад улс орнуудын эдийн засгийн хямралын түүхтэй харьцуулахад ч бас л хамгийн мууд орохгүй аж.

Харин ийм саарал үед эдийн засгийг дээш татах уу, доош нь түлхэх үү гэдэг бодлогоос шууд хамааралтайг удирдагчид нь хэрэв сонсдог бол судлаачид хэлсээр байна. Эдийн засгийн үзүүлэлтүүд цаашид уруудах дохио хангинуулж буй ийм үед улс орнууд, тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Рейган татварын хувь хэмжээг харин ч бууруулах, зээлийг дэмжих бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн идэвхжилийг бий болгож хямралыг богино хугацаанд гэтэлгэсэн түүх бараг л сурах бичигт тэмдэглэгдэн үлджээ.

“Хэмнэлт" гэдэг үг төсвийн орлого нь тасалдсан Сангийн сайдад л таалагдаж магадгүй болохоос биш эдийн засаг гадарладаг бусдад бол “non" хамтлагийн дууны шүлэг шиг л сонсогдож байгаа.

Харин өнөөдөр Ж.Эрдэнэбатын Засгийн газар Төв банкны бодлогын хүүг түүхэнд байгаагүй огцом нэмснээр арилжааны банкнууд гадагш иргэд, аж ахуйн нэгж рүү зээл гаргасан дор төв банкны өндөр хүүтэй үнэт цаас худалдаж аваад эрсдэлгүйгээр мөнгөө хадгалах нь дээр гэсэн сонголтыг бий болгочихлоо.

Үр дагаварт нь өнөөдөртөө шууд биш ч дунд, урт хугацаанд зээл хумигдах, эс бөгөөс зээлийн хүү өсөх “онолын үндэслэл” харагдаж буй. Гинжин урвал шиг хамаарал дунд ямар нөхцөл байдал үүсэхийг бодоод үзээрэй. Хамгийн товчхоноор бол банкны зээлээр л үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах хөрөнгө оруулалтаа шийддэг баялаг бүтээгчид маань үйл ажиллагаа хумьж, үүний цаана ажлын байр цөөлөх, цалин хөлс бууруулах асуудал сөхөгдөнө.

Иргэдийн бэлэн мөнгөний хомсдол нь хэрэглээгээ танахад хүргэж, зах зээл дэх эрэлтийг улам бүр бууруулж, эдийн засгийг царцааж эхэлнэ.

Эдийн засгаа солонгоруулж, уул уурхайгаас өөр бүтэц бий болгоё гэж өнөөдрийг хүртэл ярьж ирсэн төр засгийн бодлого сонгуулийн үр дүнгээр нэг л өдөр нүүрээ сольчхоод эдийн засгаа хумих, идэвхжилийг сааруулах алхам руу түлхэж буй нь энэ.

УИХ-ын шинэ гишүүдийн нэг Б.Дэлгэрсайхан улайм цайм иргэддээ хандан “эдийн засгийн хямралыг хэмнэлтийн горимоор даван туулах”-ыг уриалан ерэн оныг жишээнд татан байж чуулганы танхимд мэдэгдэл хийж байх аж. Тэртэй, тэргүй хоёр идэхгүй, хоосон хонохгүй яваа иргэд илүү хэмнэлээ гээд яах ёстой юм бэ гэх энгийн асуултыг мань гишүүнд тавих нь ч энд хангалтгүй.

Хэмнэнэ гэдэг нь хэрэглээгээ танана гэсэн үг бөгөөд илүү зардал төлөвлөж чадахаа больтлоо эмзэг болсон иргэд энэ тохиолдолд ходоодоо тайрах хэрэг үү?!

“Хэмнэлт" гэдэг үг төсвийн орлого нь тасалдсан Сангийн сайдад л таалагдаж магадгүй болохоос биш эдийн засаг гадарладаг бусдад бол “non" хамтлагийн дууны шүлэг шиг л сонсогдож байгаа.

Иргэд хүссэн хүсээгүй хэмнээд эхэлбэл татвар төлөгчдийг “тэжээдэг” орлогыг хэн өгөх юм бэ? Орлогогүй татвар төлөгчдөөсөө төр яаж өндөр татвараа авах юм бэ? Нэг үгээр бол эдийн засгийг хумих, идэвхгүй царцаах үр дагаврыг уриалж байгаа улстөрчид Сангийн сайдад таалагдахаас илүүтэй улс орны маргаашийг харсан бодлого боловсруулах үүрэгтэй юм шүү.

Өрсөлдөгчийнхөө муу муухайг хангалттай чичилсэн төр засаг одоо иргэдийнхээ амьдралыг ярих хэрэгтэй биш үү?

Зураг