Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Жирэмсний хяналтад орохын АЧ ХОЛБОГДОЛ

ikon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Жирэмсэн эмэгтэй жирэмсний эхний гурван сар дотор заавал эмчид үзүүлж төрөх хүртэлх үед эрүүл мэндийн цогц үйлчилгээг авахыг жирэмсний хяналт гэж нэрлэнэ. Жирэмсэн эмэгтэй өөрөө жирэмсний хяналтанд эрт орох идэвх, санаачлагатай байх, нөхөр /найз залуу/ ээж, аав, хамт олон,найз нөхөд нь анхаарал халамж тавьж  туслаж дэмждэг байх нь чухал.

Жирэмсний хяналтад орох нь жирэмсний хугацаа, жирэмсний чөлөө авах, хүүхэд төрөх хугацааг үнэн зөв тогтоох, янз бүрийн халдварт өвчний шинжилгээнд тогтмол хамрагдах, төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт орж, эрүүл мэндээ эрт мэдэх ач холбогдолтой.

Мөн ямар нэг өвчин илэрвэл шуурхай эмчлүүлэн эрүүлжинэ.Үүнд:

  • Бэлгийн замын халдвар болон үрэвсэлт өвчин.
  • Хэвлий дэх ургийн өсөлт хөгжилтийг хянах
  • Жирэмслэлт, төрөлтийн үед тохиолдож болох хүндрэлүүдээс сэргийлэх, цаг алдалгүй тусламж авах
  • Жирэмсэн үеийн дэглэм, төрөлтөд бэлтгэх, нярай хүүхэд асрах талаар мэдлэгтэй болох.

Жирэмсэн үед хийгддэг шинжилгээнүүд ямар ач холбогдолтой вэ?

  1. Цусны ерөнхий шинжилгээ: Цус багадалт, үрэвсэлт өвчин, цусны бүлэгнэлт, цусны болон бусад өвчин эмгэгүүдийг илрүүлэх
  2. Шээсний ерөнхий шинжилгээ: Бөөр, шээсний замын эмгэг, жирэмсний үеийн бөөрний хүндрэлийг илрүүлэх
  3. Цээж гэрэлд харах шинжилгээ: Амьсгалын замын эмгэгүүдийг илрүүлэх
  4. Үтрээний наацын шинжилгээ: Төрөх замын эмгэг, бэлгийн замын халдварыг илрүүлэх
  5. Тэмбүүгийн сорил: Тэмбүү өвчнийг илрүүлэх
  6. ХДХВ илрүүлэх сорил: ДОХ-ын халдварыг илрүүлэх
  7. Хэт авиан шинжилгээ: Ургийн өсөлт, хөгжил, удамшлын болон олдмол гажиг, эхэсийн байдал, ургийн усны талаар мэдээлэлтэй болох
  8. Бусад нарийвчилсан шинжилгээнүүд: шаардлагатай тохиолдолд хийгдэнэ.
Сэргийлж болох гурван хожимдол:

Хожимдол 1: Эмчид хандахгүй, эмнэлгийн тусламж хайхгүй буруу зан үйлийн хожимдол

Хожимдол 2: Эмнэлэгт очихоо хойшлуулж, алгуурлаж цаг алдах хожимдол

Хожимдол 3: Эмнэлэгт шаардлагатай тусламжийг яаралтай, чанартай үзүүлэхгүй хожимдол үүсэх зэрэг юм.

 

Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн