Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Шүдгүй МОНГОЛ

Б.Гандолгор, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 23
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Аливаа улс орны шүдний өвчлөлийг 12 настай хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үзүүлэлтээр тогтоодог. Учир нь энэ насны хүүхдийн шүд хамгийн эрүүл байдаг аж. Монгол Улсын хэмжээнд 1976 оны судалгаагаар 12 настай хүүхэд бүр нэг цоорхой шүдтэй гэсэн үзүүлэлттэй байв.

Харин сүүлийн үед гурван шүд нь цоорхой, эсвэл авхуулсан байдаг тухай эмч нар хэллээ. Шүдний цоорол өвчин улсын хэмжээнд 90-ээс дээш хувьтай байна гэдгийг ч онцлов. Шүд өвчилбөл бөөр, зүрх өвчлөх нөхцөл бүрддэг. Иймээс шүдний эмч нар амны хөндийн эрүүл мэндэд илүү анхаарал хандуулах ёстой гэж үздэг.

Нэг сургуулийн нэг ангийнхан, цэцэрлэгийн ахлах бүлгийнхэн дотор эрүүл шүдтэй хүүхэд тун ховор болжээ. 12 настай хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл 94 хувьтай байна.

Монгол Улсын хэмжээнд 1976 оны судалгаагаар 12 настай хүүхэд бүр нэг цоорхой шүдтэй гэсэн үзүүлэлттэй байв. 

Ийн газар авсан амны хөндийн өвчлөлийг таслан зогсоохын тулд Засгийн газраас “Амны хөндийн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 2006-2011, 2011-2015 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн.

Гэвч төдийлөн үр дүн гараагүй гэдгийг дунд сургуулийн багш нар болон шүдний эмч шүүмжилж байв. Уг нь хөтөлбөрийн хүрээнд эрүүл шүдтэй хүүхдийн тоог 24.4 хувиар өсгөнө гэж тооцоолжээ. Гэвч өнөөдрийн байдлаар ийм үзүүлэлтэд хараахан хүрч чадаагүй байна.

Шүд цоорох өвчин элбэг байгааг ундны устай холбон тайлбарладаг. Зарим аймгийн 47.7 хувь нь фторын агууламж багатай ундны ус хэрэглэдэг. Мөн чихэрлэг, өтгөрүүлсэн, хийжүүлсэн ундааны хэрэглээ сүүлийн 20 гаруй жилд 2-3 дахин нэмэгдсэн. Сүү, цагаан идээний хэрэглээ 40 гаруй хувиар буурсан, хүнсний бүтээгдэхүүний зөв сонголт, зохистой хэрэглээний талаарх хүн амын мэдлэг дадал хангалтгүй байна.

Энэ нь шүд цоорох өвчин, цоорлын бус гаралтай шүдний хатуу эдийн эмгэг, яс сийрэгжих өвчнийг үүсгэх гол шалтгаануудын нэг болдог хэмээн дүгнэжээ. Гэтэл өдгөө 5-12 настай хүүхдүүдийн дунд шүд цоорох эмгэг 80 гаруй хувьтай байгааг мэргэжлийн эмч хэлж байлаа.

Шүдний цоорлоос болж бөөр, зүрхний өвчлөл элбэг байгааг ч үгүйсгэсэнгүй. Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судасны өвчин тэргүүлэх зэрэгт бичигдэх болсон. Бөөрний эмгэг ч ялгаа-гүй газар авчхаад байна. Энэ бүхний өвчлөлийн нэг шалтгаан нь шүд цоорох эмгэг аж.

Тиймээс хүүхдүүдийнхээ амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахад бид анхаарах хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдийн шүдний эрүүл, эсэхийг шалгадаггүй. Шүд нь өвчлөөд, бүр хүндэрсэн хойно нь эмнэлэгт ханддаг тухай эмч нар хэлж байсан. Сүүлийн үед сүүн шүд нь дөнгөж ургаж эхэлмэгцээ цоордог болжээ. Энэ нь шөнөжин хөхөө хөхүүлснээс үүдэлтэй гэж шүдний эмч тайлбарлаж байв.

Дэлхийн ихэнх орон хүүхдийн шүдний өвчлөлөөс хамгаалахад ихээхэн анхаарал хандуулдаг. БНСУ л гэхэд амны хөндийн өвчлөлийг бүрмөсөн арилгаж чаджээ. Насанд хүрсэн иргэнийх нь нэг л шүд цоорсон байвал цэргийн албанд явуулдаггүй гэж тус улсад ажиллаад ирсэн эмэгтэй ярьж байсан. Япон ч мөн ижил иргэдээ шүд цооролт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тун санаачилгатай ажилладаг аж.

Харин манай улс сүржин нэртэй хөтөлбөр хэрэгжүүлсэн нэр зүүгээд өнгөрөв. Эцсийн дүнд шүд цооролт өвчний тархалт өндөр хэвээр үлдлээ. Уг нь байшингийн булан хонгил бүрд л шүдний эмнэлэг гэсэн хаяг харагддаг. Угтаа бол энэ нь өвчлөл ямар түвшинд байгааг, эрэлт хэрэгцээ хэр их байгааг батлаад өгөх дүр зураг юм. Хамгийн гол нь цоорсон хойно нь бус өмнө нь хамгаалж сэргийлдэг байх эрүүл ахуйн боловсрол монголчуудад дутагдаж байна. 


П.Дулмаа: Хүүхдийнхээ шүдийг байнга шалгаж байх хэрэгтэй

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх клиникийн шүдний их эмч, анагаах ухааны магистр П.Дулмаагаас дараах тодруулгыг авлаа.

-Танай эмнэлэгт хандаж байгаа хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин хэр тохиолдож байна вэ?

-Сүүлийн жилүүдэд шүдний цооролт өвчин элбэг байна. Засгийн газраас 2012 онд “Эрүүл хүүхэд” аян өрнүүлж, үүний хүрээнд хийсэн судалгаагаар өвчлөлийн байдлыг тогтоосон. 6-8 насны хүүхдийн дунд 74, 8-10 настнуудын дунд 80, 12 настай хүүхдүүдийн дунд 94 хувьтай байна гэсэн дүн гарсан. Хот, хөдөөгүй шүдний цооролт өвчинд өртсөн.

Манай эмнэлгийн нэг эмч өдөрт 15 хүүхэд үзэх нормтой. Гэтэл доод тал нь 18-20 хүүхэд үздэг. Ихэнхдээ шүд цооролтыг хүндрүүлж ирдэг. Шүд цоорсноор нян бактери цус эрхтэн системээр дамжиж, бөөр, зүрхэнд нөлөөлдөг. Зүрх, бөөр, цусны төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дунд шүд цоорох эмгэг элбэг байдаг. Энэ нь цоорхой шүднээс халдвар дамжиж эртхэн системд нөлөөлсөн гэсэн үг.

-Юунаас шалтгаалж шүд цоорох өвчин үүсдэг вэ?

-Ерөнхий хүчин зүйл, хэсэг газрын хүчин зүйл гэж ангилдаг. Тухайн хүүхдийн бие махбодь, дархлаа тогтолцоо, удам зүйн байдал нөлөөлдөг. Гэтэл хэсэг газрын хүчин зүйлд шүдний өнгөр, шүлсний найрлага, шүдний химийн найрлагаас шалтгаалж цооролт үүсдэг. Мөн амны хөндийн эмгэг төрөгч микро элементийн харилцан үйлчлэлийн нөлөөгөөр нян бактери, мөөгөнцрийг устгах урвал явагддаг.

Энэ харилцаа алдагдвал шүд цоорох өвчин үүснэ. Түүнчлэн дан нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэвэл шүд цоорно. Шүлс бол шүдний пааланг эрдэсжүүлж, амны хөндийн салстыг чийглэж, хүчил шүлтийг тэнцвэржүүлэх чухал үүрэгтэй. Гэвч шүлсний найрлага өөрчлөгдвөл шүд цооролт үүснэ.

-Хийжүүлсэн ундаа болон ундны усны эрдэсжилттэй холбоотой юу?

-Холбоотой. Хийжүүлсэн ундаа шүдний орчмыг хүчиллэг болгодог. Ундны усны эрдэсжилт бас нөлөөлнө. Хүн аль болох хатуу ааруул, ээзгий идэх хэрэгтэй. Хатуу хүнс нь шүлсний ялгаралтыг сайжруулж, амны хөндийг цэвэрлэдэг.

Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн ойр ойрхон хэрэглэсэн тохиолдолд шүлс бага зэрэг ялгарч байгаад больдог. Энэ нь ам бохирдох үндэс болж байна.

-Нярай хүүхдийг шөнө байнга хөхүүлснээс болоод шүд цоорч байна гэсэн. Ийм тохиолдол хэр гарч байгаа вэ?

-Ээжийн арчилгаа муугаас болж нярай хүүхдийн шүд цоорох үзэгдэл гарч байна. Шөнөжин хүүхдээ хөхүүлчихээр угжны цооролт үүсдэг. Хүүхдээ шөнө буцалсан усаар угжихад болно шүү дээ.

Шүд ургаж эхлэхээс өмнө нярайн амны хөндийн салстыг угаах хэрэгтэй. Хуруундаа ариутгасан самбай даавуу ороогоод буцалсан усаар чийглэж, амны салстыг нь угаана. Ингээд хоёр нас хүрээд ирэхээр нь шүдний сойз хэрэглүүлж сургах хэрэгтэй.

Хүүхдийг зургаан нас хүртэл нь ээж, аав шүдийг нь хамт угааж өгч байх ёстой. Учир нь зургаан нас хүрээгүй хүүхдийн хурууны өндөгний мэдрэмж сайн хөгжөөгүй байдаг.

-Хүүхдийн шүдний сойзыг хэрхэн сонгох вэ?

-Угаахдаа л гол нь байдаг болохоос сойз чухал биш.

-Шүдний өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор яам болон харьяа газрууд хэр ажил хийдэг вэ?

-“Амны хөндийн эрүүл мэнд” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулдаг. Манай эмнэлэг бол харьяа асрамжийн газрынхаа хүүхдүүдийг л үздэг. Ер нь сургуулиуд өөрсдөө шүдний эмчтэй болсон юм билээ.

-Шүдний эмчилгээний талаар ямар дэвшил гарч байна вэ. Хар өнгийн түрхлэг хэр үр дүнтэй вэ?

-Цооролт зогсоох хоёр төрлийн түрхлэг түрхдэг. Цоорлын эхний шатанд эмчилгээ хийлгэвэл үр дүн сайтай. Гэтэл дандаа хүндэрсэн хойно нь эмчид хандаж байна. Хүүхэд өөрөө шүдээ цоорсон уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй.

Тиймээс эцэг, эхчүүд байнга хүүхдийнхээ шүдийг шалгаж байх хэрэгтэй. Хүүхдээ зургаан сард нэг удаа шүдний эмчид үзүүлж байх нь чухал. Эцэг, эхчүүд л хүүхдэдээ анхаарал сайн тавих ёстой

Зураг