Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Технологийн чимээгүй хөнөөл

Г.Сайнзаяа, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 22
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Ухаалаг гар утас хүүхдийн нүдийг амархан гэмтээж, хараа муутгадаг. Үүнийг сүүлийн үеийн судалгаанууд баталсаар байгаа юм. Гар утас, таблет, зурагт, компьютерийн дэлгэцээс цэнхэр туяа ялгардаг. 

Хуучны төхөөрөмжүүд цэнхэр туяа бага ялгаруулдаг байв. Харин одоо өнгө дүрсний ялгарал, тод гэрэл зэрэг нь сайжирч, тэр хэрээр цэнхэр туяа ч нэмэгдсэн.

Гэтэл эцэг, эхчүүд хүүхдэдээ ухаалаг гар утсаар хүүхэлдэйн кино үзүүлж, тоглуулж байгаа нь төсөөлснөөс ч илүү уршигтай аж. 

Дэлгэцийн цэнхэр туяаг удаан харахад нүдний эвэрлэг бүрхэвчид эрт үеийн өөрчлөлт ордог. 

Дэлгэцийн цэнхэр туяаг удаан харахад нүдний эвэрлэг бүрхэвчид эрт үеийн өөрчлөлт ордог.

Улмаар өнгө ялгахаа больж эхэлдэг ажээ. Одоо АНУ-д л гэхэд цэцэрлэгийн насны 12 хүүхэд тутмын найм нь харааны шил зүүх шаардлагатай хэмжээнд очжээ.

Техник, технологи хөгжиж, ухаалаг гар утасны хэрэглээ нэмэгдсэн аль ч орноос мөн адил дүн хүлээхэд хол зөрөхгүй л болов уу. Хүн ердийн үед нэг минутад 15-20 удаа нүдээ анивчиж, шаардлагатай тос, чийгээ нөхдөг.

Харин ном унших, утас ширтэх, зурагт үзэхэд 3-8 удаа л анивчдаг нь ердийнхөөс 60 хувиар бага үзүүлэлт юм. Энэ нь нүд хуурайшиж, загатнах гол шалтгаан болно.

Нүд бол булчинлаг эрхтэн. Тиймээс дасгал хийлгүй удахад булчин сулардаг шиг нүдний хараа ч мууддаг. Гэхдээ хараа муудах нь төрөлхийн, ослын, өвчний зэрэг олон хүчин зүйлээс хамааралтайг мартаж болохгүй. Японы хараа зүйн эмнэлгийн монгол эмч “Сүүлийн үед хүмүүс алсын бараа ширтэх нь багассан. Ном уншина, зурагт үзнэ, компьютерийн урд олон цагаар сууна. 

Эдгээр нь бүгд ойрын зайд байрлах зүйл. Хотын амьдралын хэв маяг ч үүнд хамаатай” гэв.

Нээрээ л завсар зайгүй шигсэн барилгууд алсын бараа ширтэх боломжийг хязгаарладаг шүү дээ. Гадаа тоглож наадах насан дээрээ зурагт, гар утас шагайгаад сууж байгаа хүүхдүүдийн хараанд тэгэхээр өөрчлөлт орохоос ч яах вэ. 

Энэ талаар “Орбита” эмнэлгийн ерөнхий эмч С.Удвал “Одоо цагт ээж, аав нар гурван настай хүүхдийнхээ уйлахаас нь айж, гар утас өгдөг болжээ. Энэ бол байж болшгүй зүйл. Хүүхэд  16,17 нас хүрч ахуйн хэрэглээнд зайлшгүй шаардлагатай гэсэн үед нь л гар утас өгөх нь зүйтэй гэж би зөвлөдөг. Харин тэр үед туяаны хамгаалалттай шил зүүх хэрэгтэй” гэлээ.

Зөвхөн эцэг, эх гэлтгүй эмээ, өвөө нар ч ойр зуурын ажлаа амжуулах, амрах зэрэгтээ хүүхдэдээ гар утас өгдөг. Харин бага насны хүүхэд үзэж байгаа зүйлээ ойлгодоггүй, олон хурц өнгөнд нь л татагддаг аж. М.Ганбилэг 1-6 насны гурван хүүхэдтэй. Тэрбээр хоёр бага хүүхдэдээ гар утас өгдөг тухайгаа бидэнд ярилаа. “Гар утас хүүхдийн эрүүл мэндэд муу нөлөөтэй гэдгийг мэддэг. 

Тийм болохоор хааяа нэг, ажил ихтэй үедээ түр саатуулах гээд утсаа өгдөг юм. Нэг удаадаа дээд тал нь 10-20 минут л үзүүлнэ. Хүүхдүүд маань их дуртай, утсаа өгөөч гэж гуйдаг ч би зөвшөөрдөггүй” гэв. Харин С.Үүриймаа хоёр ой гарсан охинтой. Тэрбээр “Өмнө нь гар утасны хор уршгийг төдийлөн сайн мэддэггүй байсан.

Тухайн үед холын замд явах, автобусанд суух зэрэгтээ хүүхдэдээ утсаа өгдөг байсан. Уг нь уйлахгүй амар байдаг ч, одоо өгөхөө больсон. Өдөрт таван минут л шүдээ угааж байгаа хүүхдийн бичлэг үзэж, дуурайж угаадаг” хэмээлээ. Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гар утас байтугай зурагтыг ч хоёр нас хүрээгүй хүүхдэд огт үзүүлж болохгүй гэж анхааруулдаг.

БУЦАХ ЗАМ ҮГҮЙ

ICARE эмнэлгийн ахлах зөвлөх, хүүхдийн нүд судлалын доктор Гита Сринивазан “Энэ трэнд үнэхээр аюултай. Дөнгөж гурван настай хүүхдүүд гар утсаар бичлэг, кино үзсэнээс болоод нүд нь өвчлөн, эмчлүүлэх болсон. Зарим нь утас өгөхөөс нааш тогтож сууж, хоолоо иддэггүй гэж эцэг, эхчүүд учирладаг” гэв.

Барууны болон нүдний эмчилгээгээр тэргүүлдэг Энэтхэг улсын хараа зүйн мэргэжилтнүүд ухаалаг гар утас, таблетаар тоглодог, хүүхэлдэй үздэг хүүхдүүд эмчлэх аргагүйгээр нүдээ гэмтээх эрсдэлтэй байгааг сэрэмжлүүллээ. Энэ нь өнгө ялгах чадвараа алдах өвчин юм.

Сүүлийн үед хүүхдүүд унтахын өмнө гар утсаар хүүхэлдэй үзэх болсон.

С.Удвал “Өнгө ялгахгүй байх өвчин эр хромосомыг дагаж удамших явдал бий. Үүнийг эмчлэх ямар ч аргагүй. Дижитал төхөөрөмжийн туяанаас үүдэлтэй өнгө ялгахгүй байх өвчнийг эмчлэх арга судалж байгаа байх. Гэхдээ бараг л боломжгүй” хэмээв.

Цэнхэр туяанаас үүдэлтэй эмгэгийн шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа. Дашрамд дурдахад, цэнхэр туяа мелатониныг хүчтэй дарангуйлдаг аж. Энэ нь унтах, сэрэх циклийг зохицуулдаг гормон юм. 

Сүүлийн үед хүүхдүүд унтахын өмнө гар утсаар хүүхэлдэй үзэх болсон. Гэтэл хүн унтахаас өмнө гар утасны дэлгэц ширтэхэд гүн нойронд автахаа больдгийг судалгаагаар тогтоогоод буй. Гэтэл хүүхэд өдрийн турш идэвхтэй байхын тулд өдөр бүр найман цаг тайван унтах ёстой байдаг байна.

ЦЭНХЭР ТУЯАНЫ НӨЛӨӨЛЛҮҮД

Цэнхэр туяаны хараанд үзүүлэх нөлөөлөл хүүхдийн гар утас ширтэх цагаас хамааран олон янз байна. Удаан хугацааны нөлөөлөл нь эвэрлэг бүрхүүлд өөрчлөлт үзүүлж, өнгө ялгаж чадахаа болино. 

Харин богино хугацаанд илрэх нөлөөлөл нь нүд улайх, анхаарал төвлөрөл муудах, нойр хулжих, бие хөших, зан үйл, мэдрэлд өөрчлөлт орох зэрэг юм. С.Удвал эмч “Гар утас, зурагт, таблет зэргийг удаан ширтэхэд нүд ядарлаа гэдэг. Гэтэл нүд бол хүлээж авах, тархинд мэдээлэл дамжуулах үүрэгтэй эрхтэн. Үнэн хэрэгтээ нүднээс илүүтэй мэдрэл, тархи их сульддаг юм хэмээлээ. 

Компьютер, гар утсыг хэтрүүлэн хэрэглэвэл мэдрэл ядрахаас гадна зан үйлийн өөрчлөлт ажиглагдана. Ингэснээр гар утас авч, компьютер тоглохын тулд эвгүй авирлах, худлаа ярих, түрэмгий зан гаргах зэрэг үйлдэл хийж эхэлдэг байна.

Цэнхэр туяа хүүхэд болон насанд хүрсэн хүний нүдэнд адилхан хэмжээний сөрөг нөлөө үзүүлдгийг С.Удвал эмч хэллээ.

Бид фэйсбүүк дэх нийт 44 мянган гишүүнтэй ээжүүдийн хоёр группээс бэсрэг судалгаа авав. Тэгэхэд, судалгаанд оролцсон ээжүүдийн 86.3 хувь нь 1-4 настай хүүхдэдээ ухаалаг гар утас өгч тоглуулан, хүүхэлдэй үзүүлдэг гэж хариулсан юм. Үүний дотор 7.4 хувь нь өдөр бүр, 59.9 нь хааяа, 32.7 хувь нь маш ховор өгдөг хэмээлээ.

“Хоёр, гурван настай хүүхдэдээ гар утас өгөхийг 20 гаруй жил мэргэжлийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд би 1,000 хувь эсэргүүцдэг.

Гар утас хараанд муу, нүд өвчлүүлдэг гэдэг бол 1/10 ойлголт. Цаашлаад төв болон захын мэдрэлийн системд нөлөөлнө, ер нь бүх талаар муу. Том болсон хүүхдүүд бол өөр шүү дээ” хэмээн С.Удвал эмч нэмж хэлэв.

Техник, технологийн хөгжлөөс зугтах аргагүй. Гэхдээ үр хүүхдийн эрүүл мэндийг хөгжлийн шуурганд туух эсэх нь бидний сонголт. Хүүхэд хэлд орохдоо утас нэхдэггүй. Бид л хүүхдэд зааж, замыг нь чиглүүлж өгдөг шүү дээ. Тиймээс технологийн энэхүү чимээгүй хөнөөлөөс хайртай нэгнээ хамгаалж, хүүхдээ зөв хайраар хайрлахыг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Зураг