2020/02/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,760.89₮
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-12°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-14°
21:00
S26
-7°
22:00
S26
-7°
23:00
S26
-7°
00:00
S20
-7°
01:00
S20
-7°
02:00
S20
-7°
03:00
S20
-7°
04:00
S20
-7°
05:00
S20
-7°
06:00
S20
-8°
07:00
S20
-8°
08:00
S20
-8°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/08/19 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

БИРТАЛАН АГНЭШ: Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяар соёлын ижилсэл болж байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 19
iKon.MN

Дэлхийн Монгол судлалын төв болох Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Олон Улсын Монголч Эрдэмтний XI Их Хурал"-д 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцсон билээ. Бид энэхүү үйл явдалтай холбогдуулан Унгар улсаас хүрэлцэн ирсэн Өтвөш Лораандын нэрэмжит Их Сургуулийн Монгол ба Төв Ази Судлалын Тэнхимийн эрхлэгч, Унгар дахь Монгол Судлалын Төвийн эрхлэгч доктор, профессор Бирталан Агнэштай уулзаж ярилцлаа.

Нэгэн таатай мэдээ дуулгахад бидний ярилцсан Бирталан Агнэш өчигдөр Олон Улсын Монгол Судлалын Холбооны Ерөнхийлөгчөөр томилогдоод байна. 

- Та Монгол судлалын чиглэлийг яагаад сонгох болсон тухайгаас яриагаа эхэлье? 

- Олон учир бий. Анх Өтвөш Лораандын нэрэмжит Шинжлэх Ухааны Их сургуульд элсэж орохдоо Оросын хэл уран зохиол болон Дэлхийн ба Унгарын түүх чиглэлийг сонгож байлаа. Үүнээс гадна Дорно дахины олон хэл судлах сонирхолтой байсан юм. Тухайн үед манай сургуульд хятад, монгол, төвд, турк, араб зэрэг олон хэл судлах боломжтой байснаас хамгийн их сонирхол татсан нь монгол хэл байсан юм. Учир нь манай сургуульд Дорно дахины судлаач, профессор Кара Дьөрдь монголчуудын хэлдэгээр Хар Дорж ажилладаг байлаа. Түүний гүн мэдлэг, зан ааш, хувь хүн нь маш их таалагдсан юм. Бас бага байхдаа монголчуудын түүхийн тухай уншаад эртнээс монголчуудыг сонирхож эхэлсэн. Тэгээд их сургуульд элсэхдээ бас монгол хэлний ангид орсон. Ингэж л эхэлсэн дээ. 

- Энэ удаагийн ОУ-ын монголч эрдэмтний хуралд ямар зорилго, чиглэлээр оролцов?

- Судалгааны маань гол чиглэл бол монголчуудын аман соёлыг судлах. Миний бүтээлүүдийн ихэнх нь монголчуудын шашин шүтлэг, нутгийн аялгуу, аман зохиолын тухай байдаг боловч энэ удаад  XIX зууны үед Халимаг болон Монгол нутгаар зорчиж, дэлхийд анх удаа халимаг болон монгол ярианы хэлийг тодорхой тэмдэглэж, баримтжуулж авсан Унгарын эрдэмтэн Сэнткатолнаи Баалинт Гааборын үйл ажиллагааг танилцуулж байгаа.

Баалинт Гаабор, гэрэл зургийг google.com-оос авав.

Анх 1879 онд Халимагт, 1873 онд Халхын нутгаар зорчиж Монгол, Халимаг хэлийг эзэмшээд, тухайн үеийн нутгийн ардын хэлний дуудлагыг маш нарийн галигаар тэмдэглэж авсан ч энэ материалаа амьд ахуй цагтаа нийтэлж чадаагүй. Үүнийг манай академийн номын сангийн хуучин номын сан хөмрөгт хадгалдаг юм. Зарим эрдэмтэн энэ материалыг сонирхдог боловч одоог хүртэл нийтлээгүй байна. Би 2009 онд Баалинтын англи хэл дээр бичсэн харьцуулсан хэл зүйн гар бичмэл, 2011 онд халимаг эрдэмтэдтэй хамтарч халимагийн гар бичмэлийг хэвлэж нийтлүүлсэн. Харин одоо Халх аялгууны материалыг боловсруулж байна. 

Ерөнхийдөө Баалинт Гааборын үйл ажиллагаа болон цуглуулсан халимаг, халх, буриад аялгуу судлалын материалын харьцуулсан хэл зүйг товчхон танилцуулж байна. Харин Халх аялгууны материалыг ирэх жил монголд ирж монголын эрдэмтэдтэй хамтран судлах бодолтой байгаа. 

- Ер нь монгол судлалд хээрийн судалгааны ажил чухал шүү дээ. Энэ тухай ярьвал?

- Монголчуудыг судлах гол үндэс бол монгол хэл, соёл. Монголчуудыг судлахын тулд монгол аман болон бичгийн хэл, монгол хэлний янз бүрийн аман аялгуудыг маш сайн эзэмшсэн байх шаардлагатай. Үүний үндсэн дээр судалгаа явуулж болно. Хээрийн судалгааг хэл мэдэхгүй бол хийнэ гэдэг байж боломгүй зүйл. Орчуулагчаар дамжуулж хийвэл судалгааны үр дүн өөр гарна. Харин манай Унгарын Академи Монголын ШУАкадемитай хамтран хээрийн судалгаа явуулах гэрээг 1991 онд байгуулсан.

Унгарын ахмад эрдэмтэд болон миний үеийн эрдэмтэд, манай шавь нар 1991 оноос хойш жил бүр монгол нутгаар, 2006 оноос хойш хятадын нутгаар хээрийн судалгаа явуулж эхэлсэн. Монголын олон угсаатан ястны хэл аялгуу, нутгийн ардын яриаг хээрийн судалгааны гол арга болох дуу хураагчид хадгалж тэмдэглэх, тухайн цагийн ахуй соёлыг судалж бичиж тэмдэглэх, гэрэл зураг хэлбэрээр буулгаж авах зэргээр маш олон баримт материал бүхий судалгааны санг Төв Ази ба Монгол Судлалын Тэнхимд бүрдүүлсэн. Тэдгээр материалыг цуглуулах нь нэг хэрэг. Үүнээс гадна боловсруулах ажил их чухал учраас сүүлийн жилүүдэд хээрийн судалгаа явуулалгүй цуглуулсан материалдаа судалгаа шинжилгээ хийж, боловсруулж эхэлсэн.

 
Гэрэл зургийг ЭЛТЭ Их Сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн Facebook хуудсаас авав.

Миний судалгааны нэг чиглэл бол бөө мөргөлийн зан үйлийг судлах юм. Цуглуулсан Дархадын хар болон Ойрдын шар зайран, удгадаас тэмдэглэж авсан материалыг боловсруулж байна. Энэ нь бас нэг талаараа нутгийн аялгуу судлалын материал болно шүү дээ. Манай Унгарын Монгол судлалын чиглэлээр суралцаж, ажиллаж буй оюутан, залуу судлаачид мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 

 
Гэрэл зургийг ЭЛТЭ Их Сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн Facebook хуудсаас авав.

- Яагаад заавал бөө мөргөлийн тухай сонирхох болсон юм бэ?

- Манай Унгарчууд бөө мөргөлийг их сонирхдог шүү дээ. Унгарын уламжлалт судалгааны салбар байгаа юм. Учир нь Унгарчууд бас эрт цагтаа Урал уулын хавьд нутгалгаж, нүүдлийн соёл иргэншилтэй, бөө мөргөлийн шүтлэгтэй ард түмэн байсан. Энэ учраас бид бөө мөргөлийн зан үйлийг сонирхон судалдаг юм. Унгарын янз бүрийн хуучны уламжлал, шүтлэгтэй холбоотой зүйлийг эндээс судалж, цуглуудаг юм. Гэхдээ сүүлийн үед Унгар болон Монголын бөө мөргөлийн зан үйлийн харьцуулсан судалгаа гэхээс илүү дан ганц монголчуудын бөө мөргөлийн зан үйлийг сонирхон судалж эхэлсэн. Тухайн үед Балжир удган, Баяр удган, Дархадын олон гавъяат удган, зайрантай ажиллаж байсан болохоор би өөрийгөө их азтай хүн гэж боддог.

- Энэ талаар олон талын судалгаа хийж ирсэн гэдгээс үүдээд асуувал өмнөх цаг үеийн бөө мөргөлийн зан үйл болон орчин үеийн бөө мөргөлийн зан үйлийн хооронд ямар ялгаа байна вэ?

- Бөө мөргөлийн зан үйл бол монголын соёлыг төлөөлж, монголчуудыг дэлхийн соёлын ижилслээс хамгаалахад маш чухал байр суурийг эзэлнэ. Монголчууд бөө мөргөлийн зан үйлийн хуучин уламжлалаа хадгалж байгаа ч 1990-ээд оны сүүл, 2000 оны эхээр гадны нөлөө их орж, бөө удган олшрох гэх зэрэг уламжлалт зан үйлээсээ арай өөрчлөгдсөн гэж хэлж болно. Мөн зарим бөө нар домог зүйг өөрсдөө боловсруулж шинэ хандлага бий болгож байна гэж үзэж байна. Тиймээс одоогийн бөө мөргөлийн зан үйлийг судлах нь ч бас чухал юм.

 
Гэрэл зургийг ЭЛТЭ Их Сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн Facebook хуудсаас авав.

- Орчин үед монгол хэл, соёл их өөрчлөгдөж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ? 

- Зөвхөн Монгол гэлтгүй дэлхий даяар соёлын ижилсэл болж байна. Нааштай нөлөө байгаа ч уламжлалт соёл гээгдэхэд хүрч мэднэ. Гэвч монголчууд азтай. Учир нь хөдөө нутагт амьдарч байгаа монголчууд уламжлалт соёл, ахуй амьдралаа хадгалсаар байна. Тиймээс монголчууд энэ тал дээр их азтай ард түмэн. Харин монголын ирээдүй болсон хүүхэд, залуус их хариуцлагатай байж хуучин уламжлалт эдийн болон оюуны соёлоо судалж, эзэмших ёстой. Тэгж байж л уламжлалт соёл ахуй, зан заншлаа авч үлдэнэ шүү дээ.

- Манж судлалын чиглэлээр бас судалгаа хийдэг гэж сонссон. Энэ тухай?

- Манай Унгарын манж судлал 1990-ээд оноос Лайош Лигэти багшийн Алтай язгуурын хэлүүдийг судалж байсан үеэс уламжлалтай юм. Дараа нь түүний шавь болох Көөхалми Каталин гуай Сибирийн Түнгүс ардын уран зохиол болон Манж үндэстнийг судалж байсан. Миний манж хэлний багш байсан юм.

Манай манж судлалын гол чиглэлүүд бол Түнгүс аман зохиол судлал болон одоогийн Хэйлунзян муж буюу Амур мөрний хавьд сууршиж байсан эртний омгуудын холбоог судлах юм. Одоогоор залуу эрдэмтдийн дунд манж судлал, манж сурвалж бичгүүдийг сонирхдог хэд хэдэн залуу оюутан, судлаач байна.

Бөө мөргөлийн зан үйл монголчуудыг дэлхийн соёлын ижилсэлээс хамгаалахад маш чухал байр суурийг эзэлнэ.

- Манж хэл мөхсөн хэл шүү дээ. Гэвч энэ хэлийг судалснаар ямар ач холбогдолтой юм бол?

- Тухайлбал түүхийн судалгаанд хэрэгтэй. Монгол болон хятадын сүүлийн 400 жилийн түүхийг манж хэл мэдэхгүйгээр сайн судалж чадахгүй шүү дээ. Хэрвээ Чин улсын үеийн түүх, тухайн үеийн зан үйл, хэл соёлыг судлахаар зорьсон бол манж хэлний мэдлэггүйгээр сайн судлах боломжгүй. Тийм учраас хятад судлалын чигэлэлээр ч, монгол судлалын чиглэлээр ч суралцаж, судалж байгаа үед манж хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай.

Манай Унгарт жишээ нь бөө мөргөл судлалын лекц, хичээлүүдээр манжийн уран зохиол болох “Нишан Удганы Бичиг”-ийн тухай заавал ярьж байна. Манж нар бөө мөргөлийн шүтлэгтэй байсан гэдгээс үүдээд бөө мөргөлийн талаар судлахад хүртэл манж хэлний мэдлэг чухал болж байгаа юм. 

Монгол хэл сурсан хүн, монгол хэлийг нарийн сайн эзэмшсэн хүн манж хэлийг амар сурдаг. Гэхдээ мэдээж илүү нарийн зүйлийг ойлгоход хэдэн жил хэрэгтэй. Манж хэлний үндсийг сурахад амар боловч манж түнгүс хэлээрх ном, сурвалж бичгүүдийг ойлгоход бас нэлээн хүчин чармайлт хэрэгтэй шүү.

- Унгар бол Дэлхийн Монгол судлалын томоохон төвүүдийн нэг гэгддэг. Тэгвэл Унгарт Монголчуудтай холбоотой үнэт ховор дурсгал бичиг, ном зохиол, баримт сэлт арвин байдаг уу?

- Манай академийн цуглуулга байна. Мөн монгол модон бар, гар бичмэлийн цуглуулга бас бий. Манж хэлний материалууд ч бий. Эдгээрээс гадна манай судлаач, профессор Көөхалми Каталин, Кара Дьөрдь /Хар Дорж/ болон Рона-Таш Андраш нар тавиад жилийн өмнө монголд ирж хээрийн судалгаа хийж байсан юм. Тэдний цуглуулсан материалыг манай сан хөмрөгт хадгалагдаж байгаа нандин ховор материал гэж бодож байна. 

 
Гэрэл зургийг ЭЛТЭ Их Сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн Facebook хуудсаас авав.
 
Гэрэл зургийг ЭЛТЭ Их Сургуулийн Монгол ба Төв Ази судлалын тэнхимийн Facebook хуудсаас авав.

Мөн 1991 оноос хойш хийсэн хээрийн судалгааны үеэр бичиж тэмдэглэж, хадгалж авсан бичлэг, гэрэл зураг гэх зэрэг төрөл бүрийн материалууд одоогийн ч тэр, хойч үеийнхэнд ч тэр ховор нандин өв болж үлдэнэ гэж бодож байна. Тухайлбал 1991 оноос хойш жил бүр Ховд, Увс, Дархадын нутаг болон Баруун Халхын нутгаар явж нэлээн олон судалгааны баримт материалыг тэмдэглэж авсан байна. Энэ баримт материалуудыг үзээд тухайн үеийн нутгийн аялгуудыг тодорхой мэдэж болно. Үүнээс гадна эдгээр баримт бөө мөргөл, домог зүй, овоо тахилга, нүүдлийн амьдралын тухай гэх зэргээр сэдэвчлэн цуглуулсан байдаг учраас зөвхөн нутгийн аялгууны хувьд бус агуулгын талаас бусад салбар судалгаанд чухал баримт болж байгаа юм. 

- Сүүлийн 25 жилийн туршид бий болгосон судалгааны сангаар аль ч улс орны судлаач эрдэмтэд хэрэглэж болохуйц мэдээллийн сан бий болгосон гэсэн. Энэ тухай мэдээлэл өгвөл? 

- Тийм. Гэхдээ цахим орчинд нийтлэхэд арай бэлэн болоогүй байна. Учир нь боловсруулахад маш их хүч хэрэгтэй. Манайд судлаачид цөөхөн байдаг. Бас энэ боловсруулах ажил тийм ч хялбар хийчих зүйл биш. Тиймээс цуглуулсан дуу бичлэгийн баримтуудыг бичгийн хэлбэрт хөрвүүлж боловсруулахад монголчуудын туслалцаа их хэрэгтэй шүү. Тэр бүх баримтын цуглуулгыг цахимжуулж, дуу бичлэгийн баримт, гэрэл зургийн баримт гэхчлэнгээр ангилж олонд нийтэлбэл энэ нь нийтийн хөрөнгө, нийтийн үнэт ховор эрдэнэсийн сан болно гэж бодож байна. 

Монголын ирээдүй болсон хүүхэд, залуус уламжлалт эдийн болон оюуны соёлоо судалж, эзэмших нь хамгийн чухал.

- Дэлхий дахинд Монголчуудыг судлах нь улам гүнзгий болж байна гэж ойлгож байгаа. Та үүнтэй санал нэг байна уу? 

- Монголчуудын тухай сонирхдог хүн олон. Гэхдээ гүнзгий судалгаа явуулж чадах нь өөр хэрэг шүү дээ. Дахин хэлэхэд монголчуудыг судлахад монгол хэл бичгийн ухааны үндэс хэрэгтэй. Үгүй бол монголчуудын тухай гүнзгий судалгаа хийхэд хэцүү. Монгол хэл соёл, монгол хэлний утга агуулгыг сайн мэдэхгүй бол судалгаа хийнэ гэдэг зүгээр л хоосон үг төдий болж хувирна. Тийм учраас монгол хэлний мэдлэг хамгийн чухал.

- Монгол судлалыг илүү сайн хөгжүүлэхэд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

- Технологийн хурдтай хөгжил дэвшлийн үед амьдарч байгаа бид үүнээс хоцрохгүй байх хэрэгтэй. Бидэнд эртний ховор ном зохиол болон шинээр гарч нийтлэгдэж буй бүтээлүүдийг цаг алдалгүй үзэж байх боломж бололцоо хэрэгтэй шүү дээ. Үүний тулд цахим мэдээллийн орчны боломжийг хамгийн түрүүнд ашиглаж, орон оронд байгаа Монгол Судлалын байгууллага өөрсдийн явуулж буй судалгааны ажил, баримт материал зэргийг нээлттэй байлгах нь чухал байна. 

- Энэ удаагийн Олон Улсын Монголч Эрдэмтний Их Хурлийн талаар таны сэтгэгдлийг сонсъё.

 

Би Олон Улсын Монголч Эрдэмтний Их Хуралд 1990-ээд оны үед гурван удаа сууж байсан. Олон жилийн дараа дахин энэ хуралд сууж байна. Маш олон сонирхолтой илтгэл тавигдаж байгаа боловч бүгдийг сонсож чадахгүй байгаадаа харамсаж байна. Харин энэ удаагийн хурал зохион байгуулалтын хувьд их сайн, маш олон эрдэмтэн судлаачдыг ирүүлсэн байгаа учраас хүмүүс зөвхөн илтгэл сонсохоос гадна хоорондоо уулзаж ярилцаж, туршлага солилцож байна. Хамгийн гол нь шинэ залуу судлаачид хоорондоо танилцаж, ахмад эрдэмтэдтэй уулзаж ярилцах болон тэдний хийж байгаа ажлыг бид сонирхож мэдэх боломж бүрэн нээлттэй байна. Залуу судлаач эрдэмтэд ямар судалгааны ажил хийж байгаа нь сонирхолтой шүү дээ. Тэд монгол судлалын ирээдүй болох учраас үүнийг би хамгийн чухал боломж гэж бодож байна. 

 

x