Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Эрдэнэт" үйлдвэрийн орлогч захирал гэхэд САРЫН 10 МЯНГАН ЕВРОГИЙН цалинтай

Ч.Болортуяа
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Эрдэнэт үйлдвэр, гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалин хөлс, урамшууллын хэмжээг өөрчлөн тогтоох шийдвэр гаргасан билээ. 

Нэг сарын цалин хөлс нь:

  • 5-10 сая төгрөг бол 30 хувь, 
  • 10-30 сая төгрөг бол 50 хувь, 
  • 30 сая  төгрөгөөс дээш бол 60 хувь бууруулахаар болсон талаар iKon.mn мэдээлсэн. 

Мөн эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоогоод байна. 

Энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад, дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болсон юм. Мөн цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болгоод байгаа юм. 

Энэхүү мэдээллийг хийсний дараа Монголд тэр дундаа төрийн өмчийн компаниудад 5, 10 биш 30 саяас дээш төгрөгийн цалинтай хүн байгаа нь ихээхэн сонирхол татаж эхлээд байна. Чухам ямар төрийн өмчит компаниудын захирал ийм хэмжээний цалин авч байгаа талаарх жагсаалт одоогоор олон нийтэд ил болоогүй байна. Хамгийн наад зах нь  "Эрдэнэт" үйлдвэрийн орлогч захирал гэхэд сарын 10 мянган еврогийн цалин аваад нэмж улирал тутам 60 мянган еврогийн урамшуулал авдаг талаар баттай эх сурвалж мэдээллээ. 

Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар яригдсан ч олон нийтэд ил болоогүй бас нэгэн тоо баримт нь 2016 оны улсын төсвөөр бол төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд төсөвт 28 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Гэтэл оны эхний долоон САРЫН байдлаар ердөө 79 сая төгрөг төвлөрүүлсэн байна. 

Ашигт ажиллагаа нь иймэрхүү нөхцөл байдалтай байхад төрийн өмчийн компанийн захирлууд доллар ч бус бүр еврогоор цалинжиж байх юм. 

Тиймээс ч Төрийн өмчийн компаниудын захирлын урамшууллыг ашигт ажиллагаа, гэрээний үр дүнгийн биелэлтийг хянадаг байхыг Ерөнхий сайд үүрэг болгожээ.