Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ромын папыг цочирдуулсан МОРЬТОН ДАЙЧИД

МОНСУДАР
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дундад зуун бол бүхэлдээ шашны үзэл сурталд нэрвэгдэж, өөр зуураа тэмцэлдсэн зуун байв. Энэ үед монголчууд хүчирхэгжин мандах олон талын нөхцөл боломж бүрдээд байлаа.

Ихэнх улс түмнүүд монголчууд бол булаан эзлэгчид, тамын морьтон дайчид, бурханы тэнгэрийн гэсгээл мэтээр ойлгож байв. Одоо ч гэсэн монголчуудыг зэрлэг бүдүүлэг ард түмэн хийгээд тэд дэлхийн соёл иргэншилт олон үндэстнийг мөхөөж, эд баялагийг нь тонон дээрэмдэж байв хэмээн бичих нь цөөнгүй. 

Гэвч монголчууд олон улс түмнийг нэгэн захиргаан дор нэгтгэж худалдаа, эдийн засгийн томоохон төвийг цогцлоон бүтээв.

Монголчууд бүх л шашинд “хүлээцтэй” хандаж түүнийг өөрсдийн эрх ашигт ашиглахдаа гарамгай байлаа.

Торгоны замаар худалдаачид айх аюулгүйгээр зорчин явж, хятадын торго дурдан, цэнхэр шаазан дорно дахинд түгэн дэлгэрч, Ромын пап монголчуудын тухай тандах зорилгоор өөрийн элч төлөөлөгчдийг илгээж байв.

Үүний үр дүнд Европ, Ази хоёр тив илүү ойртон холбоо харилцаа тогтоож эхэлжээ. Нөгөө талаар энэ л үед монголчууд оршин амьдарсаар ирсэн орчин ахуйгаасаа гарч, эргэн тойронд нь орших улс түмнүүд хийгээд олон соёл, заншилтай танилцан нүд нээжээ. Ингэхдээ монголчууд бүх л шашинд “хүлээцтэй” хандаж түүнийг өөрсдийн эрх ашигт ашиглахдаа гарамгай байлаа.

Мөн аливаа нэгэн улсын эрдэмтэн мэргэдийг өөрсдийн дэргэдээ авч төрийн хэрэгтээ туслуулж байв.

Жишээлбэл, Ахмад Фанакати, Марко Поло, Масуд бег, Махамуд Ялавач, Сангха, Рашид ал-Дин зэрэг хүмүүсийг дурдаж болно. Мөн монголчууд тухайн нутаг орны байр байдал, эдийн засаг, ахуй соёлыг сайн мэдэх хүнд бүс нутгийн хэргийг эрхлэх, татвар гааль хураах үүргийг ноогдуулж байв.

Монголчууд дан ганц эвдлэн сүйтгэж байсангүй орост Сарай Бат, Сарай Бэрх, Дундад Азид Султания, Хятад Шанду, Даду зэрэг хотуудыг барьж байгуулан олон улсын хооронд өртөө замыг байгуулсны үр дүнд тэрхүү замаар Гиймо де Рубрук, Ибн Баттута, Раббан Саума зэрэг олон аялагчид нааш цааш хэрэн явж байжээ.

Тэдгээр аялагчдийн тэмдэглэл өдгөө Монголын эзэнт гүрний тухай чухал сурвалж хэрэглэгдэхүүн болж байна. Эзэнт гүрэн байгуулсан монголчууд шинжлэх ухааны хөгжилд ихээхэн анхаарч Юань улс, Илхаадын улсад одон орон судлалын төв байгуулж дэлхий нарыг тойрох хугацааг орчин үеийн шинжлэх ухаанаас 22 секундийн зөрөөтэй тогтоожээ.

Энэ бүгдээс үзвэл Монголын эзэнт гүрэн бол зөвхөн цэрэг зэвсгийн хүчээр тогтсон гүрэн бус дэлхий худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан, гадаад харилцааг бүхэлд нь эрхшээсэн МОРЬТОН ДАЙЧДЫН ГҮРЭН байжээ.

Гэвч аливаа улс үндэстэн мандан хүчирхэгжсэний дараагаар бууран доройтдог  жам ёсны гэмээр үзэгдэлийн дагуу эзэнт гүрэн хэд хэдэн хэсэгт хуваагдан Хубилай хааны байгуулсан Их Юань улсын төр монгол нутагтаа дахин төвлөрсөн ч Монгол угсааны улсууд дэлхий дахинд өөрсдийн засаглалаа тогтоосоор байлаа.

Эх нутагтаа төвлөн суусан монголчууд хятадын Мин улстай тэмцэл өрнүүлж, Мин улс монголчуудын довтолгооноос сэргийлэн Цагаан хэрэмийг засаж сайжруулснаар өнөөгийн өнгө төрхөө олсон бол Цагадайн улсын монголчууд XIV зуунд Төмөрийн удирдлаган дор дахин хүчирхэгжин Дундад Азийг захирсны зэрэгцээ хожим XVI зуунд Энэтхэгт Их Могол улсыг байгуулав.

Харин Чингис хааны ууган хөвгүүн Жочийн угсааныхны байгуулсан Алтан Орд улс Оросын эзэнт гүрэн байгуулагдах хүртэл оршин тогтножээ. Оросын эзэнт гүрэн Алтан Орд улсын төрийн зохион байгуулалт, алба татвар зэрэг олон зүйлсийг өвлөн авсан байна.

Энэ бүхнийг буюу XII-XVII зуун хүртлэх 500 гаруй жилийн түүхийг багтаасан “Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн” номын нээлт 2016/08/18 буюу өнөөдөр 16:00цагт Shangri La Mall-ын 3 давхарт Интерном номын дэлгүүрийн шинэ салбарт болох гэж байна.