Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: С.БАТЦЭЦЭГ, Э.СУМЪЯА нарын ӨРСӨЛДӨГЧИД хэн бэ?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 18
iKon.MN

Эмэгтэйчүүдийн 63 кг: С.Батцэцэг олимпийн хос медальтан болох уу?

Энэ жинд зодоглож буй 19 бөхийн 8 нь МУГТ С.Батцэцэгийн багтсан А хэсэгт багтсан. Эхний тойрогт гоц мөргөсөн С.Батцэцэг шөвгийн 16-д нигерийн бөх Блессинг Оборудудутай оноолт таарсан байна. Энэ бөх Лондоны олимпод зодоглож, шөвгий 16-аас мултарч байсан гэнэ. Тэрээр энэ жилийн Африкийн аварга болж, олимпийн эрхийн тэмцээнд үзүүрлэн Риод ирсэн бөгөөд хамтын нөхөрлөлийн орнуудын наадмаас хүрэл медаль хүртэж, тивдээ 4 удаа түрүүлчихсэн босоо бөх. 

Түүний дараагаар буюу шөвгийн наймд тэрээр ДАШТ-ий 3 удаагийн мөнгө, нэг удаагийн хүрэл медальт болгарын Тайбе Юсейн болон АНУ-ын бөх, дэлхийн аварга Елена Пирожкова нарын аль ялсантай барилдах юм. Дэлхийн бөхийн холбооны олимпийн өмнө гаргасан чансаагаар Болгарын бөх 8-д, Нигерийн бөх 9-д эрэмблэгджээ. Харин дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг 2-р байрт бичигдсэн юм. 

А хэсэгт ДАШТ-ий хүрэл медальт казахстаны Е.Ларионова, ДАШТ-ий хүрэл медальт шведийн Х.Иоханссон нарын шилдгүүд багтсан байгаа. Харин Б хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга, украйны Ю.Ткач, ДАШТ-ий мөнгөн медальт, японы Р.Кавай нар манлайлан барилдах оноолт гарчээ.

БИЧЛЭГ: Манай бөх С.Батцэцэг өнгөрсөн жилийн ДАШТ-ий финалд японы бөхийг ялан 2 дахь удаагаа дэлхийн аварга болсон билээ.

Эмэгтэйчүүдийн 53 кг: Э.Сумъяа цахиур хагалах уу?

Допингийн асуудлын улмаас олимпод оролцох эсэх нь эцсийн мөч хүртэл тодорхойгүй байсан ОУХМ Э.Сумъяа Б хэсэгт багтан анхны олимпдоо оролцох боллоо. ДАШТ-ий мөнгөн медальт манай тамирчин эхний тойрогт хийлж 2-р тойрогт армийн дэлхийн аварга, европын наадмын мөнгөн медальт польшийн бөх Катарзина Кравчуктай оноолт таарсан байна. Польшийн нээлттэй тэмцээн болон европын бүсийн олимпийн эрх олгох тэмцээнүүдэд дараалан түрүүлчихсэн байгаа польш бүсгүй дэлхийн чансаанд 10-р байрт бичигджээ.

Түүнийг ялбал Э.Сумъяа нигерийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Одинауо Адекуороуе болон шведийн бөх дэлхийн аварга, европын наадмын аварга Софиа Маттсон нарын ялсантай барилдах болно. Матссон дэлхийн чансаанд 2-р байрт, Адекуороуе 3-р байрт бичигдэж байгаа учир гал гарсан барилдаан энд өрнөх учиртай. Энэ хэсэгт тэднээс гадна ДАШТ-ий хүрэл медальт БНАСАУ-ын бөх Ён Мюн Сук, мөн ДАШТ-ий хүрэл медальт Канадын бөх Ж.Галлаус нарын бөхчүүд багтжээ.
Нөгөө хэсгийн олимпийн 3 удаагийн, дэлхийн 12 удаагийн аварга Саори Ёшида тэргүүлэн барилдана.

БИЧЛЭГ: Э.Сумъяа 2013 оны ДАШТ-д 51 кг-ийн жинд зодоглон мөнгөн медаль хүртэж байв.