Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банкийг ШАЛГАЖ, ТӨК-иудын захирлын цалинг 30-60 хувиар БУУРУУЛНА

Б.Ану
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийг Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахална

Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийг Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр ахлах аж. Шалгалтын дүн болон цаашид авах арга хэмжээний талаарх саналаа 2016 оны 9 дүгээр сарын 10-ны дотр Засгийн газарт танилцуулахыг ажлын хэсэгт даалгалаа. 

Төрийн өмчит компанийн удирдлагуудын цалинг 30-60 хувь бууруулахаар боллоо

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал болон бусад удирдлагын цалинг 30-60 хувиар бууруулахаар болсон байна. Үүнд:

  • 5-10 сая төгрөг хүртэлх цалинтай бол 30 хувь
  • 10-30 сая төгрөг бол 50 хувь
  • 30 сая төгрөгөөс дээш цалинтай бол 60 хувь бууруулахаар болжээ. 

Эдгээр албан тушаалтны урамшууллыг олгохдоо  үр дүнгийн гэрээний биелэлттэй сайтар уях, байр орон сууцны нөхцөл сайжруулах, нэг удаагийн буцалтгүй тусламж зэрэг бусад их хэмжээний мөнгөн шагнал бүхий нэмэлт хангамж олгохыг зогсоолоо.

Мөн энэ шийдвэртэй холбогдуулан  цалин, урамшуулал, гадаад дотоод томилолт, тавилга эд хогшил худалдан авах  зэрэг одоо зарцуулагдаагүй байгаа зардлуудыг улсын төсөвт татаж авахаар болов. Цаашид төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлагын цалин, урамшууллыг ТУЗ-ийн төвшинд шинэчлэхийг үүрэг болголоо.   

Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй  борлуулалтын орлоготой  нэр бүхий салбарын аж ахуйн нэгжид 1 хувиар орлогын албан татвар ногдуулна

Түүнчлэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг баталлаа.

Баталсан үзэл баримтлалын дагуу хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Сангийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгалаа. Засгийн газрын хуралдаанаас баталсан үзэл баримтлалаар бол жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй  борлуулалтын орлоготой  нэр бүхий салбарын аж ахуйн нэгжид 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байгаа юм.