Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Эдийн засгийн БҮТЦЭЭ ЗАСЪЯ гэсэн бодлого хэрэгжүүлж байснаа АН одоо ч зөв гэж үзэж байна"

Ч.Болортуяа
2016 оны 8 сарын 16
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Хуралд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа нар мэдээлэл хийв.

Тэд эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын суурь шалтгаан түүнээс гарах талаар АН-ын ЗГ-ын үед баримталсан гол бодлогуудын тухай тайлбарлалаа. 

З.Нарантуяа "Эдийн засгийн хямрал нь олон жилийн турш үргэлжилсээр ирсэн манай эдийн засгийн буруу бүтцээс улбаатай. Хямралд бага өртдөг, өртдөггүй эдийн засагтай болгоё гэвэл олон жилээр ужгирсан буруу бүтцээ хамгийн түрүүнд засах хэрэгтэй. 

Тиймээс ч дан ганц уул уурхайгаас хамаарсан бүтцээ солонгоруулж, орлого олдог олон салбартай болохын тулд дэлхийн улсуудын жишгээр уул уурхайн уналтын энэ үед нам инфляцийн орчинг бүрдүүлэх, ингэж чадсан тохиолдолд түүн дээрээ суурилаад уул уурхайн бус салбараа дэмжих нь АН-ын хувьд монгол улсын эдийн засгийн урт хугацаанд эрүүлжүүлэх гол арга гэж үзэж, хийж эхлүүлсэн.

 
Гэрэл зургийг mpa.mn

2012 оны эцсээс бүтэн гурван жилийн турш хэрэгжүүлсний үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляци тэглэгдсэн. Инфляци сүүлийн 9 сарын турш гурван хувиас доогуур түвшинд тогтвортой байна. 

Иймээс хувийн салбарт банкны зээл олгох замаар уул уурхайн бус салбараа дэмжье, ажлын байраа хадгалъя, эдийн засгийн бүтцээ засъя гэсэн бодлого хэрэгжүүлж байснаа АН одоо ч зөв гэж үзэж байна" гэв. 

Мөн АН-ын үед санаачилсан Сайн хөтөлбөрүүдийг зогсоож байгаа явдлыг буруутгаж эдгээр хөтөлбөрийн ач холбогдлын талаар З.Нанрантуяа гишүүн ярилаа. 

Эдгээр хөтөлбөр Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд хийгдэх байсан төслүүд хэмээн тэрбээр тайлбарласан юм. 

З.Нарантуяа "Шинэ Засгийн газар Хууль бусаар санхүүжүулсэн, төсөвт тусгагдаагүй мөнгө гэж үзэн эдгээр 4 хөтөлбөрийг зогсоохоор шийдвэрлэсэн төдийгүй Төсвийн тухай хуулийн 6.4.2-ыг зөрчин Төв банкнаас арилжааны банкуудын авсан 553.8 тэрбум төгрөгийн зээлийг 2016 оны төсөвт тусгаж, тодотгол хийхээр төлөвлөж байгаа мэдээлэл байна.

Арилжааны банкууд зээлдэгчээ өөрсдөө сонгож, хариуцлагаа өөрсдөө хүлээдэг. Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар Банк төрийн хулээх үүргийг хариуцахгүй. Өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хулээх үүргийг төр хариуцахгүй хуулийн заалттай. Улсын төсөвт ямар ч дарамт учруулахгүй банк, иргэдийн хооронд бизнесийн зарчимд тулгуурлаж хэрэгжиж байгаа иргэдийн хамгийн ихээр хүсч байгаа эдгээр хөтөлбөрийг зогсоож байгааг бодлогын хувьд том алдаа гэж үзэж байна" гэв. 

УИХ дахь АН-ын дарга С.Эрдэнэ Монголбанкны Ерөнхийлөгч болон Сангийн сайдын мэдэгдэл ямар сөрөг нөлөө учруулсан талаар энэхүү хэвлэлийн хурлын үеэр нэмж ярьсан юм. 

С.Эрдэнэ "Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдлийн дараах 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.42-оос 5.71 болж 5.4% -иар муудаж үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараах 24 цагийн дотор бондын өгөөж 5.93-аас 8.41 болж 42%-иар муудаж бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан.

 
Гэрэл зургийг mpa.mn

Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,050-иас 2,230 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байгаа нь бодит үнэн.  

Иргэд 1-2 хувийн инфляцитай байгаа орчинд эдийн засгийг хэрхэн сэргээх вэ, яаж гаднаас валют оруулж ирэх вэ, төсвийн алдагдлаа яаж тэглэх вэ, дотоодын хөрөнгө оруулалтаа хэрхэн сэргээх вэ, хувийн хэвшилд ямар сувгаар зээл гаргах вэ, ажил эрхлэлтийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг бодлогын матрицыг шинэ Засгийн газраас хүлээж суугаа. Гэтэл эрх барьж байгаа нам бодлого бус, өмнө хэрэгжээд дууссан бодлогыг алдаатай гэж харлуулах, сайжруулаад үргэлжлүүлэх учиртай бодлогыг бүр мөсөн зогсоож байгаад харамсаж байна" гэлээ. 

УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж үүсээд буй хүндрэлтэй асуудлуудыг даруй шийдэх шаардлага хүргэх тухайгаа мэдэгдлээ. Тэд шинэ байгуулагдсан Засгийн газрыг дэндүү удаан ажиллаж байна хэмээн шүүмжиллээ. 

Түүнчлэн АН-ын зүгээс төрийн албан хаагчдын цалинг бууруулах тухай Ерөнхий сайдын мэдээллийн хариуд "Тэвчиж болох зардал, том жийп машин, дэд сайдуудын зардал, Ерөнхий сайдын өрөөний засвар зэргээс эхэлж зардлаа танах хэрэгтэй" талаар сэтгүүлчдэд тараасан хэвлэлийн мэдээндээ дурдсан байна.