Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Чансаа тодорхойлогчдын ард нэр хүндээ өсгөх, сургалтын төлбөр нэмэх сонирхол нуугддаг уу?

Х.Хулан, Өглөөний сонин
2016 оны 8 сарын 16
MorninigNews.mn
Зураг зураг

Есдүгээр сарын 1, хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө хагас сарын хугацаа үлдээд байна. Энэ бол хүүхэд багачууд эрдмийн өргөө рүүгээ яарах цаг бол ээж аавууд хичээлийнх нь бэлтгэлийг базаах, хүүхдээ аль сургуульд өгөх вэ гээд нэг хэсэгтээ л үймэлдээд авдаг үе.

Яг ийм их хөдөлгөөний цагаар “од” шүүрдэг орчин бол хувийн сургуулиуд. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 756 сургууль үйл ажиллагаа явуулдаг. Хувийн сургуулиуд үүний 5.6 хувийг эзэлдэг.

Зөвхөн Улаанбаатарт хувийн хэвшлийн 100 гаруй дунд сургууль бий. Эдгээрт суралцаж байгаа хүүхдийн эзлэх хувь нь улсын сургуульд сурч байгаагаас харьцангуй бага. 

 Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 756 сургууль үйл ажиллагаа явуулдаг. 

Гэвч өндөр төлбөртэй хувийн сургуулиуд худалч хүнд бараг бүтнээрээ боловсролын салбарыг тодорхойлогч болчихоод удаж байгаа юм.

Учир нь тэд дунд сургуулиудын чансаа гээч юмыг дураараа тогтоож, хүмүүсийн сэтгэл зүйгээр “наадаж” ирэв. Тэдний ийнхүү тогтоосон чансаа гээч зүйлийн талаар хүмүүс төдийлөн сонирхож байсангүй.

Иргэдийн нэг хэсэг нь үнэн худал нь үл мэдэгдэх энэ мэт тоон мэдээлэлд тархиа угаалган, хувийн амбицдаа автан үр хүүхдээ ийш тийш нь хөтлөн гүйлддэг бол нэг хэсэг нь үр хүүхдээ үнэхээр сайн боловсролтой болгохыг зорьдог.

Дунд сургуулиудын хувьд чансаа гэдэг зүйлийг аль ч газраас тогтоож байгаагүй юм. Харин БШУЯ-ны харьяа Боловсролын үнэлгээний төв 2006 оноос эхлэн төгсөгчдийн ЭЕШ-ын дүнг нэгтгэж, ном болгон албан хэрэгцээнд тараадаг.

Номын хавсралтад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус өмчийн 756 сургуулийн төгсөгчдийн тоо, ЭЕШ авдаг арван гол хичээлээр шалгалтад оролцогчид ямар амжилт үзүүлсэн бэ гэх баримтыг хүснэгтээр үзүүлдэг.

Гэхдээ байр эзлүүлдэггүй. Харин дунд сургуулийн чансааг тодорхойлогчид энэ номоос зөвхөн ЭЕШ өгсөн хүүхдийн тоо, оноог харьцуулаад сургуулиудад үнэлэлт, дүгнэлт өгч, топ гэх тодотгол, зэрэг зэв наадаг гэвэл Та итгэх үү.

Ийн чансаа тодорхойлогчдын толгойд голдуу хувийн сургуулиуд зогсож байх нь сонин. Харин энэ сонирхлынх нь ард тэдний нэр хүндээ өсгөх, сургалтын төлбөрөө нэмэх эрх ашиг нуугдаж байдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй. 

Энэ намрын тухайд хувийн дунд сургуулийн төлбөр гурван сая төгрөгөөс эхлэн хотын төвийн нэг өрөө байрны үнэтэй тэнцэж байна. Харин төр өнөөдөр дунд сургуулийн нэг хүүхдийн хувьсах зардалд, жишээ нь нийслэлд 300 гаруй мянган төгрөг бодож олгодог.

Боловсролын салбарын төсвийн жилд 990 гаруй тэрбум төгрөг хувьсах зардалд явдаг. Энэ нь ердөө сургалтын хэвийн, наад захын суурь үйл ажиллагааны зардал.

Мэдээж хэрэг, төрийн бус өмчийн дунд сургуулиуд сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээний ашиг олж болно.

Үүнд хүүхдийн хөгжлийн, нэмэлт сургалтын гэх мэт ямар ч зардал багтаагүй. Харин ижил үйл ажиллагаа явуулдаг сургуулийн төлбөрийн ялгаа юунд байдаг талаар эцэг эхчүүд бодож үзсэн болов уу. Мэдээж хэрэг, төрийн бус өмчийн дунд сургуулиуд сургалтын төлбөрөөс тодорхой хэмжээний ашиг олж болно.

Үйл ажиллагаа явуулж байгаагийн хувьд тодорхой хувийг нь сургалтандаа зарцуулдаг байх. Гэвч чансаа тогтоох нэрээр сургалтын төлбөрөө нэмж, эцэг эхчүүдийг хөөсрүүлж байгаа хувийн сургуулиуд шударга өрсөлдөөний наад захын зарчмыг баримтлахгүй байгаа нь нийгмийн нүдэн дээр ил харагдаж байгаа юм.

Өнөөдөр “чансаа тогтоох” гэдэг үгийг дагаад хүссэн ч хүсээгүй ч хувийн дунд сургуулиудын дунд өрсөлдөөн бий болсон. Харин энэ өрсөлдөөнийг зохицуулдаг хянадаг газар гэж Монголд байхгүй.

Учир нь чансаа тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллага, салбарын яам хорих боломжгүй. Ийм эрх зүйн орчин байхгүйд асуудлыг гол нуугдаж байгаа.

Мэргэжлийн яам тодорхой стандарт гаргаад, ийм шаардлагын дагуу өрсөлд гэх зэргээр зохицуулалт хийх ухаанаа ч олохгүй өдий хүрсэн. Ийм хоосон орон зай хувийн сургуулиудыг галзууруулж, тэд жилийн жилд төлбөрөө дураараа нэмэх шалтгааныг бүрдүүлээд байгаа юм.

Нөгөө талаар өндөр төлбөртэй сургуулиуд нийгэмд асар их ялгаа гаргаж эхлээд байгаа. Зарим сургуульд “Манай хүүхэд Нарантуулын наймаачны хүүхэдтэй нэг ангид сурах ёсгүй” гэж эцэг эхчүүдийн гомдол ирсэн талаар хоёр намрын өмнө яригдаж байсныг санаж байна. Хүүхдүүд улам гаарч “ченжийн хүүхэд манай ангид ороод ирлээ, төлбөрөө нэмээч” хэмээн багш нараа шахсан мэдээлэл ч дуулдаж байсан. 

Дунд сургуулийн хүүхдүүд өмссөн зүүсэн, ярьж хэлж буйгаараа ялгагдана гэдэг Монголын нийгмийн ирээдүй ямархуу ялгаа ихтэй иргэдээс бүтэх вэ. Чиг хандлага нь ямар байх вэ гэсэн хариуцлагатай асуултыг дагуулж байгаа юм. Гэвч өнөөдөр энэ асуултад хариулах хүн нэг ч байхгүй байгаа нь харамсалтай. Хүүхдүүд өмссөн зүүсэн, ярьж хэлж буйгаараа ялгагдана гэдэг бол хүнд асуудал.

Он жилийг хамт туулах нэг үеийнхэн ийм ялгаатай орчинд хүмүүжиж байгаа нь өөрөө анхаарлын тэмдэг болоод байна биш үү. Энэ зөрчил хүүхдийн хүмүүжил, төлөвшилд төр өндөр төлбөртэй хувийн сургууль, хувьсгалын сургууль гэж ялгахгүйгээр бодлогоор хяналт тавих, Боловсролын салбарт төрийн болон хувийн хэвшил, орон нутаг ба нийслэлийн захын дүүрэг гэж ялгахгүй ижил стандарт мөрдөх цаг болсныг сануулаад байна.

Нөгөө талаар хувийн сургуулийн хүүхдүүдийн сургалтын төлбөртөө өгдөг мөнгө хэрхэн зарцуулагддаг болох, хүүхдүүд төлсөн мөнгөндөө тохирсон чанартай боловсрол эзэмшиж чаддаг уу, үгүй юу. Энэ асуултын үнэн хариултыг хэн өгч чадах бол?

Зураг