Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт төсөл”-өөс сертификат авахыг уриаллаа

ikon.mn
2016 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдтой уулзаж, хоёр орны байгаль орчин, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолд БОАЖ-ын сайдаар дахин томилогдсон Д.Оюунхоролд баяр хүргэж, амжилт хүслээ. ИБУИНВУ, БОАЖЯ 2003 оноос хамтран ажиллаж, олон төсөл, хөтөлбөрийг  үр дүнтэй хэрэгжүүлсэн. Эднээс Монголын бэлчээрийн менежмэнтийн холбооноос хэрэгжүүлж буй  “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт” төслийг үр дүнтэй хэрэгжиж буй тухай Элчин сайд онцоллоо.

Уг төсөл тус улсын Лейстирийн их сургууль ба Монголын Бэлчээрийн менежмэнтийн холбооноос хамтран хэрэгжүүлсэн судалгааны үр дүнд хэрэгжиж байна.

ИБУИНВУ-ын Дарвины санаачлагын дэмжлэгтэй Монгол орны байгаль хамгаалалд шинэ хандлага нутагшуулах зорилгоор хэрэгжүүлж буй төслийн эхний үе шат 2015-2019 онд хэрэгжих ба малчдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны санхүүжилт “Нүүрс хүчил” нэмэх санхүүжилтийн зээлжих хэлбэрээр явах тухай хатагтай Элчин сайд тайлбарлалаа.

Төсөл хэрэгжсэнээр бэлчээрийн менежмэнт сайжирч, нүүрс хүчлийн хийн хуримтлалыг нэмэгдүүлж, экосистемийн үйлчилгээг сайжруулах ажээ. Улмаар биологийн олон төрлийг хамгаалах, малчдын амьжиргааг сайжруулахад хувь нэмрээ оруулж эхэлсэн байна.

Төслийн хүрээнд бэлчээрийн уламжлалт нүүдэл, сэлгээг батлагдсан менежмэнтээр хэрэгжүүлснээр бэлчээрийн талхагдлыг бууруулах зорилт тавьжээ. Мөн малчид хамтын хүчээр нутаг орныхоо байгаль орчин, биологийн олон төрлийг хамгаалах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээ хамтран борлуулах зэрэг ажлыг хийж үр дүнд хүрч байна.

Төслийн хүрээнд 100 гаруй малчин айл өрхтэй хамтран нийтдээ 77,000 га бэлчээрийн газрын  менежмэнтийг сайжруулснаар 100,000 тонн нүүрс хүчлийн хий хуримтлуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн эко системийн үйлчилгээний төлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрдөгдсөн нэр хүнд бүхий План Виво стандартын хөтөлбөрийн дэмжлэгтэй хэрэгжинэ.

2016 оны эхний долоон сарын статистик дүнгээр тус улсаас 3,250 жуулчин Монголд иржээ.

Хатагтай Элчин сайд “Монгол орны бэлчээр, байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт төсөл”-өөс сертификат худалдан авахыг Монголын бизнесмэнүүдэд уриалж байгаагаа мөн дуулгалаа. Ингэснээр хүлэмжийн хийг бууруулах, малчдын амьдралыг тэтгэх үйлсэд хувь нэмрээ оруулах ажээ. Мөн БОАЖ-ын сайдыг уг төслийг дэмжиж ажиллахыг хүслээ.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол Бэлчээрийн менежмэнтийн холбооноос хэрэгжүүлж буй уг төсөл судалгаа сайтай, үр дүнтэй хэрэгжиж буйд  талархаж,  төслийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. Мөн тус улсын  хууль бус ан агнууртай тэмцэх ажлыг сайшааж, БОАЖЯ-наас Лондонгийн амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулах байгуулахаар ажиллаж, Зэрлэг амьтдын хууль бус худалдааг бууруулах Лондонгийн тунхаглалд нэгдэх асуудлыг судалж байгаа гэдгээ хэлэв.  

БОАЖЯ жил бүр Лондонд болдог олон улсын аялал жуулчлалын WTM үзэсгэлэнд тур компаниудаа хамруулан оролцдог. Ирэх арванэгдүгээр сард болох үзэсгэлэнд оролцож, олон улсын аялал жуулчлалын туршлагаас суралцах хүсэлтэйгээ мөн илэрхийлэв.

Монголын эдийн засгийг солонгоруулахад аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, энэ талаар ИБУИНВУ-тай хамтран ажиллах шаардлагатайг сайд Д.Оюунхорол тэмдэглэлээ. 2016 оны эхний долоон сарын статистик дүнгээр тус улсаас 3,250 жуулчин Монголд иржээ. Энэ тоог хоёр тал туйлын хангалтгүй тоо хэмээн үзэж, хамтран ажиллах боломжийг судлахаар тохиров.

Элчин сайд Катрин Элизабет Жейн Арнолдын хэлснээр, Европоос Монголд ирэх шууд нислэгийн асуудал бэрхшээлтэй. Тиймээс визийг хөнгөвчлөхөд анхаарахыг хүслээ. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол хариуд нь визний асуудлыг хөнгөвчлөх, е-виза нэвтрүүлэх зэрэг асуудлыг судалж, хөөцөлдөж байгаа гэв.

Эх сурвалж: БОАЖЯ