Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгө оруулагч “ажилд авна”

Б.Цэцэгсүрэн
2016 оны 8 сарын 11
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Farmbot Genesis гэх төхөөрөмжийн тухай та дуулсан уу? Хашааныхаа нэг буланд, эсвэл багахан хэмжээний хүлэмжиндээ хэрэгцээний хүнсний ногоогоо тарьж, түүнийг арчлах ажлыг таны өмнөөс бүхэлд нь гүйцэтгэх бүрэн автомат робот. 

Хаана ямар ногоо тарихыг л “заагаад” өгчихвөл хөрсийг сийрэгжүүлэхээс эхлээд үр суулгах, услах, хөрсний чийгийг шалгах, тэр ч бүү хэл тусгайлан суурилуулсан камерын тусламжтайгаар зэрлэгийг нь илрүүлж, зулгаана. 

Одоогоор урьдчилсан захиалгаа авч байгаа энэ төхөөрөмжийг энгийн нэгэн эр санаачилж, старт-ап компани байгуулан масс үйлдвэрлэлд шилжүүлэхээр зэхэж буй. 

Үүнээс гадна хоолны илчлэгийг гаднаас нь шалгах төхөөрөмж, эзнээ дагаад “явдаг” ухаалаг чемодан, нарны эрчим хүч үйлдвэрлэгч хөвөгч хавтан, усан доогуур аялуулах өндөр хурдны тээврийн хэрэгсэл гэх мэт энэ ертөнцийн хүмүүс юу эсийг сэтгэж, түүнийгээ ажил хэрэг болгох аж.

Итгэмээргүй санагдаж болох юм, дөнгөж 1990-ээд оноос л хүн төрөлхтөн гар утас халааслах болсон билээ.

Дэлхийн технологийн хөгжлийн манлайлагч хэмээн АНУ-ыг дэлхий дахин сүүлийн гучаад жил тооцсоор ирэв.

Шинэ санааны “машинууд” өдөр шөнөгүй ажиллаж байна. Бөмбөрцөг тэнхлэгээ нэг бүтэн эргэх 24 цагийн уртад өнцөг булан бүрт нь хэдэн зуун шинэ санаа төрж, тэдгээр нь та бидний амьдралд эргэлт буцалтгүй нэвтэрсээр байна.

Дэлхийн технологийн хөгжлийн манлайлагч хэмээн АНУ-ыг дэлхий дахин сүүлийн гучаад жил тооцсоор ирэв. Гэвч дроноос эхлээд цахилгаан хөдөлгүүрт машин, ухаалаг утас хүртэлх олон салбарт Хятад АНУ-тай зэрэгцэж, тэр хэрээр дэлхийн технологийн хөгжлийн зааг ялгаа улам хумигдсаар. Дэлхий дахин технологийн хүчээр хөгжлөө хурдасгаж, эдийн засгаа бэхжүүлсээр байна. Харин Монгол тэдний хаахна явна вэ?

“Монголын технологийн компаниуд зөвхөн гарааны бизнесийн буюу старт-апын түвшинд л байна. Дэлхийн бусад улсынх шиг олон улсад гарах нь байтугай Монголдоо, дотоодын зах зээлд ч томорсон компани байхгүй” хэмээн “Start-Up Mongolia” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат ярив.

Монголын гарааны бизнесүүдийг зангидсан “Start-Up Mongolia” төрийн бус байгууллагын гишүүн энтрепренерүүдэд шинэ бизнесийн 8,000 орчим санаа бий. Тэдний дийлэнх нь технологийнх. Шинэ санаа бүр нь амьдралд бууж, ажил хэрэг болоогүй ч 200 орчим нь аж ахуйн нэгж болж, шинэ санаа, хүсэл мөрөөдлөө ажил хэрэг, амьдралынхаа учир утга болгохоор зүтгэж явна. 

Одоогоор тэдний ердөө 20-ийнх нь бизнес жигдэрч, амжилттай хэрэгжиж байна гэж тодорхойлохуйц болжээ.

“Монгол залуучууд Америкийн старт-апууд юм уу солонгосчуудтай адилхан шинэлэг санаа гаргаж, загвар дизайны хувьд тэднээс дутахааргүй, олон улсад өрсөлдөхүйц хийж чадаж байна. 

Гэхдээ загас усгүйгээр амьдрахгүй гэдэгтэй адилхан цаашаа амжилт олохын тулд таатай орчин буюу инновацийн тогтолцоо, гарааны бизнесийн экосистем хэрэгтэй. Монголд тэр нь бүрдээгүй” хэмээн С.Эрдэнэбат өгүүлэв. Америк, Япон, Европт технологийн гигант компаниудад ажиллаж, шинийг санаачилж буй монголчуудын тухай хэвлэлийн хуудсуудад бахархан бичдэг билээ.

Тэгвэл технологийн старт-апуудад хэрэгтэй тэрхүү экосистем нь чухам юуг шаарддаг вэ? “Жишээлбэл, Америк, Солонгост энэ орчин нь маш сайн бүрдсэн гэж үздэг. Хүн санаа гаргаад, түүнийгээ хөгжүүлэхэд тэр нь хэрэглээнд нэвтэрч, зах зээлд эргэлдэхэд ямар ч саад тотгоргүй байдаг. Институциудын төлөвшил нь маш сайн. Харин Монгол Улсын хувьд энэ асуудал маш хэцүү” хэмээн тэрбээр ярив.

Старт-апуудад толгой дараалан тохиолддог түмэн бэрхшээлийн нэг нь санхүүжилтийн механизм. “Монголд барьцаанд суурилсан санхүүгийн систем давамгайлсан буюу хөрөнгө оруулалтын 90 гаруй хувийг нь банкны систем эзэлж байгаа. Тэгээд барьцаагүйгээр хөрөнгө оруулалт хийх буюу venture хөрөнгө оруулалтын механизм, хөрөнгө оруулалтын сан хөгжөөгүй байгаа. 

Тийм учраас технологийн гарааны бизнес эрхлэгчдэд банкнаас зээл авах гэсэн ганц л сонголт байгаа. Харин гарааны бизнес эрхлэгчдэд барьцаа хөрөнгө, туршлага байхгүй учраас банк зээл өгөхгүй” хэмээн гарааны бизнес эрхлэгч нэгэн ярив. АНУ-ын Цахиурын хөндийг та бид мэднэ.

Дэлхийн өндөр технологийн томоохон компаниуд, мянга мянган старт-ап компаниудын “гэр” болсон энэ хөндийг зорилтот зах зээлээ хэмээн үздэг хөрөнгө оруулагчид ч тусдаа бий. Харин хөрөнгийн хомсдолд хүлүүлсэн Монголын технологийн компаниуд санаагаа цаасан дээр буулгахаас хэтрэхгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байна. Гэхдээ энэ асуудлыг шийдэхийн тулд старт-апууд өөрсдөө хөрөнгө оруулалтын сан байгуулахаар ажиллаж эхэлжээ.

Түүнээс гадна гарааны бизнесийг дэмжих төрийн дэмжлэг Монголд байхгүйгээс ялгаагүй. Өөрөөр хэлбэл, төр, засгийн зүгээс гарааны бизнес, старт-апуудыг дэмждэг, энтрепренершипийг хөгжүүлэх тал дээр төдийлөн анхаардаггүй. 

Харин бусад орны Засгийн газар гарааны бизнес, энтрепренершипийг дэмжих нь ирээдүйн эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрэх зам, мэдлэгт суурилсан эдийн засгийг төлөвшүүлэх, хүн амаа ажлын байраар хангах үндсэн арга хэрэгсэл гэдгийг олж харж, анхаарч, тэр хэрээр хөрөнгө хайрлахгүй зарцуулсаар байна.

Монголын старт-апуудын дэмжлэг зөвхөн төрийн бус байгууллагуудаар хэмжигдэж буй цагт Монгол Улсын эдийн засагт технологийн эзлэх хувийн жингийн талаар саналтгүй биз ээ.

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн паар нүүрс түлснээс хамаагүй бага зардалтайн дээр цэвэрхэн, агаар хуурайшуулдаг

Тэгвэл байгаль орчинд ээлтэй гарааны бизнесүүдийг дэмжих олон улсын төсөл хөтөлбөрүүд бий. Тухайлбал, Дэлхийн банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг “Green Nation Challenge”. Монголын старт-ап компаниуд иймэрхүү төсөл, хөтөлбөрүүдэд хамрагддаг.

Тухайлбал, энэ хөтөлбөр хамрагдсан BES (Best Energy Serving) хэмээх компани бий. Цэвэр технологийн старт-ап. Гадаадад инженерийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн залуус нэгдэж байгуулсан BES компани NASA-гийн технологид суурилан шинэ технологи хөгжүүлэх замаар эрчим хүчний хэмнэлттэй паар үйлдвэрлэж эхэлжээ. Зохиогчийн эрхээ ч хэдийн баталгаажуулаад авсан аж.

Эрчим хүчний зарцуулалт маш багатай паарыг өнгөрсөн өвөл Монгол айлуудад туршаад, үр дүнг нь үзэхэд эрчим хүчний зардлыг 50 хувиар хэмнэх тооцоо гарчээ. Монгол инженерүүдийн зохион бүтээсэн паар нүүрс түлснээс хамаагүй бага зардалтайн дээр цэвэрхэн, агаар хуурайшуулдаггүй, ухаалаг удирдлагын системтэй гэх мэт давуу талуудтай.

Анх суурилуулахад ч тийм үнэтэй биш, жирийн, дундаж үнэтэй халаагууртай адилхан үнэтэй энэ паарыг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад маш чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд олзуурхаж байна.

Нийт таван тэрбум төгрөгийн санхүүжилт босгосон тус компани энэ өвлөөс бүтээгдэхүүнээ массаар үйлдвэрлэж, зах зээлд гаргах аж. Нэг жил гаруйн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн 8,000 орчим паар худалдаад амжжээ.

“Start-Up Mongolia”-aac мөн төрөн гарсан iHotel.mn хэмээх аппликейшн, онлайн үйлчилгээний систем бий. www.hotels.com, www.booking.соm-той төстэй зочид буудал захиалгын цахим систем өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Ази, Европын дээд түвшний уулзалтын зочид буудлын захиалгын албан ёсны түншээр оролцсон юм.

Энэ мэт Монголын технологийн старт-ап компаниуд дэлхийн хөгжлийн хурдыг чадан ядан гүйцэх цаг айсуй.

Хоёр нарны хооронд гялалзан өнгөрөх дэлхийн хөгжлөөс хол хаягдахгүйн тулд тэд томоо гэгчийн цүнхэндээ төслөө хийж тэврээд, хөрөнгө оруулагчдын хаалгыг тогшсоор явна.

Зураг