Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Өсөлт, уналтын хослол

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 11
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Бизнесийнхний “биеийн” байдал хэр байна вэ? Энэ асуултыг өөрсдөд нь тавихаар тамирдаж буйгаа л ам уралдан хэлэх юм. Харин баттай, эсэхийг нь дэнслэхээр бизнес эрхлэгчдийн “судас”-ыг чагнав.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын тайланг сөхөж, санхүүг ухлаа. Санхүүгийн тайлангаа ил тодоор тайлагнасан энэ компаниуд нэг талаас манай хувийн хэвшлийн төлөөлөл. Тиймээс тэдний мөнгөн урсгалыг тандсанаар биеийн байдлыг нь түвэггүй мэдэж болно.

Гэхдээ толгой эргэм тоо нуршихаас өмнө манай эдийн засгийн байдал сайнгүй байгааг уншигч танд сануулъя. Эдийн засгийн өсөлт улам саарч, удаашрал гаарч буй. Иргэдийн орлого буурч, худалдаа хумигдаж буйг тоон үзүүлэлтүүд тодхон гэрчилнэ. Ийм амаргүй цаг доорх хувийн хэвшлийн санхүүг шилний цаанаас тандав.

Наймдугаар сарын байдлаар 39 компани энэ оны эхний хагасын санхүүгийн тайлангаа Хөрөнгийн биржид хүргүүлсэн байна. Эдгээр компанид бүх салбарын аж ахуйн нэгж багтсан.

Тухайлбал, “Багануур”, “Шивээ овоо”, “Шарын гол” зэргээс бүрдэх уул уурхайн салбарын компаниуд санхүүгийн тайлангаа хэдийн дэлгэчихэж. 

 Түүхий эдийн үнэ унаснаас компаниудын борлуулалт буурсан. 

Үүнээс гадна “Сүү”, “Талх чихэр”, “Атар өргөө” ч хүнсний компаниудаа түүчээлэн, ил тодод нэгдсэн байна.

Мөн хүнснээс гадна хүнд үйлдвэрийнхэн ч мөнгөний урсгалаа нээлттэй мэдээлжээ. Тиймээс санхүүгийн тайлангаа дэлгэсэн компаниудыг салбараар нь багцлан хүргэе. Эхлээд уул уурхайн компаниудтай танилцана уу. 

Энэ салбарын санхүүгийн тайланг ухвал зөвхөн уналт биш, өсөлт ч байна. Түүхий эдийн үнэ унаснаас компаниудын борлуулалт буурсан. Гэхдээ бүгд биш. “Шарын гол”, “Бэрх уул” зэрэг компани борлуулалтын орлогоо оны эхний зургаан сард өсгөж чадсан байна. 

Өнгөрсөн оны эхний хагаст 12 тэрбум төгрөгийн борлуулалт хийж байсан “Шарын гол” компани 2016 онд энэ дүнгээ хоёр тэрбум төгрөгөөр ахиулжээ. “Бэрх уул” ч ялгаагүй, үл ялиг өсгөсөн.

Харин ашиг, алдагдлын тухайд “Шарын гол” компани 164 сая төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Мөн “Бэрх уул” 731, “Могойн гол” 17.6 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Уул уурхайн түүхий эдийн үнэ ёроолдоо тулсан. Зах зээлийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч ашиг олсон аж ахуйн нэгж бас байна. Тодруулбал, Дорнод аймагт нүүрс олборлодог “Адуун чулуун” компани 646 сая төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ нь өмнөх оны бүтэн жилийн ашгаас даруй 120 орчим сая төгрөгөөр ахиу дүн. Бас 2014 оны ашигтай нь тэнцэх хэмжээний мөнгө.

Тэгвэл хүнсний салбарын тухайд “Талх чихэр” компани 16.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, цэвэр ашиг нь 666 сая төгрөгт хүрчээ.

Гэхдээ тус компанийн борлуулалт болоод ашиг нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин буурсан. Харин “Атар-Өргөө” компанийн тоон үзүүлэлтүүд үүнээс арай өөр. 

Тодруулбал, тус компани энэ оны хоёрдугаар улиралд 6.3 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олж, 1.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Үүнийг 2015 оны мөн үетэй харьцуулахад орлого нь 0.25 хувиар буурсан ч ашиг нь 62.6 хувиар өссөн байх юм.

Ашиг өсөхөд валютын ханшийн зөрүү нөлөөлсөн аж.

Хүнсний салбарын компаниудын тайланг нэгтгэвэл дийлэнх аж ахуйн нэгжийн борлуулалт буурсан. 

Бас ашгаа 100 гаруй хувиар өсгөж чадсан компани ч байна. “Сүү” компани ашгаа ийн нэмэгдүүлээд зогсохгүй борлуулалтаа ч өсгөсөн.

Компанийн борлуулалтын орлого 21.8 тэрбум төгрөгт хүрснээр өмнөх оноос хоёр орчим хувиар дээшилжээ. Хүнсний салбарын компаниудын тайланг нэгтгэвэл дийлэнх аж ахуйн нэгжийн борлуулалт буурсан. Гэхдээ ашигт ажиллагаагаа хадгалжээ.

Яг ингэж ашигт ажиллагаагаа хадгалж чадсан салбар бол эрчим хүч. Биржид бүртгэлтэй, энэ салбарын компаниудын дийлэнх нь ашгаа чамгүй өсгөсөн байна.

Тухайлбал, ДЦС-III цэвэр ашгийн хэмжээгээ ес дахин өсгөж, 4.3 тэрбум төгрөгт хүргэжээ. Ердөө эхний хагас жилд шүү дээ. Бас ДЦС-IV цэвэр ашгаа 13 дахин нэмэгдүүлж, 2.97 тэрбум төгрөгт хүргэсэн байна. Энэ хоёр станцын орлого нийлээд 170 орчим тэрбум төгрөг болжээ.

Харин ДЦС-II 94.9 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Дотоодын эрчим хүчний хэрэглээний дөрөвний гурвыг хангадаг ДЦС III болон ДЦС IV 2014 онд өргөтгөл хийж, хүчин чадлаа нэмэгдүүлснээр зардлаа танах нөхцөл бүрдсэн байна. 2015 онд ДЦС-III-ын зардал орлогынх нь 91 хувьтай тэнцсэн бол 2016 он гарсаар 83 хувиар буурчээ.

Монгол Улсын эдийн засаг суларсан. Идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй компаниудын тоо ч цөөрч, хаалгаа барьж буй аж ахуйн нэгжийн тоо өсөөд байгаа.

Ийм үед алдагдалгүй ажиллаад зогсохгүй ашгаа хэд дахин өсгөсөн компани цөөнгүй байна. Товчхондоо, өсөлт, уналт хосолжээ. Гэхдээ эдийн засгийн хүндрэл, зах зээлийн шуурганаас бэргэлгүй, зардлаа танаж, үйлдвэрлэлээ өргөжүүлсэн компаниуд ашиг, орлогоо өсгөж чадсан байна.

Зураг