Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ явах 2,000 гаруй хүүхдийн хувьсах зардлыг ТӨР даах нь

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2016- 2017 оны Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хүрээнд  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд  Ж. Батсуурь болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С. Батболд нар хамтарсан  албан даалгавар гаргалаа.

Албан даалгаварын агуулга нь  Монгол Улсын  Засгийн газраас дэвшүүлж байгаа “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотод  цэцэрлэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх,  боломж нөөцийг бүрэн дайчлах,  цэцэрлэгийн бүртгэл , элсэлтийг  иргэдэд хүндрэл учруулахгүйгээр ил тод , нээлттэй, шуурхай зохион байгуулах, олон хүүхдийг цэцэрлэгт  суралцах боломжийг өргөжүүлэхэд чиглэжээ.

11  зүйл бүхий албан даалгаварт  2016 онд шинээр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн  3,990 хүүхэд хүлээн авах бүхий хүчин чадалтай  31 цэцэрлэгийн барилгын ажлыг  2016 оны 9 сарын 1- нээс өмнө ашиглалтад оруулах ажлыг салбарын яам болон нийслэлийн холбогдох газар, хэлтсийнхэн шуурхай удирдлагаар ханган ажиллахыг үүрэг болгосон байна.  

Мөн шинээр ашиглалтад орсон 14 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт  цэцэрлэгийн нэг бүлгийн өрөөг нэмж,  одоо  байгаа хүчин чадлыг  400-гаар нэмэгдүүлэх төсөв, тооцоог гаргаж,  холбогдох арга хэмжээ  авч хэрэгжүүлэхийг  албан даалгаварт  тусгажээ.

Албан даалгаварын хүрээнд  ашиглалтгүй, сул орон тоотой ажиллаж байгаа төрийн бус өмчийн  57 цэцэрлэгт  187 бүлгийг  нээж, нийслэлийн цэцэрлэгийн хүчин  чадлыг  2,134 ороор нэмэгдүүлэх  боломжийг судалж,  төрийн бус өмчийн цэцэрлэгүүдтэй гэрээ байгуулж,  хүүхдийн нэмэлт бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, нэг суралцагсад ногдох  хувьсах зардлын тооцоо судалгааг хийх, танилцуулахыг  Нийслэлийн Боловсролын газарт даалгажээ.

Шинээр  сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан  2,225  хүүхдийн хүчин чадал бүхий  төрийн бус өмчийн  44 цэцэрлэгт мэргэжлийн арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, сургалтын үйл ажиллагааг нь  хичээлийн шинэ жил эхлэх өдрөөс хэрэгжүүлэхийг  үүрэг болгосон байна.

“Хүүхэд харах үйлчилгээний тухай“ хуулийн хүрээнд  Нийслэлийн хүүхэд гэр бүл, нийгмийн хөгжил, хамгааллын төсөвт тусгагдсан зардлыг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглах, хууль тогтоомжид  заасан нөхцөлийг хангасан иргэн, аж ахуй нэгжийн хүүхэд харах төвийн  үйл ажиллагааг эхлүүлж, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, нэн тэргүүнд   хотын захын гэр хорооллын хүүхдийг нийгмийн хамгаалал, хөгжлийн үйлчилгээнд  хамруулахад онцгой анхаарыг заажээ.

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн албан хаагч, ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч нарын ээлжийн амралтанд холбогдох зохицуулалтыг  хийж, төрийн үйлчилгээний тасралтгүй, байнгын  үйл ажиллагааг хангаж, шуурхай байдлыг хангах зохион байгуулалт хийх  салбарын сайд болон хотын даргын хамтарсан албан даалгаварт  тусгасан байна.