Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Хөрөнгийн Бирж, Цахилгаан станцуудыг ХУВЬЧИЛНА. Та бэлэн үү?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор доор дурдсан төрийн өмчит компаниудын тодорхой хувийг хувьчлахаар болсон билээ. /Тогтоол унших/

Тухайлбал дулааны II, III, IV цахилгаан станцууд, Багануурын уурхай, Монголын Цахилгаан холбоо, Монгол Шуудан, Шивээ овоо уурхай, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж зэрэг багтсан юм.

Эднээс одоогийн байдлаар Монгол Шуудан, Багануурын уурхайн 30 гаруй хувь хувьчлагдаад байна.

Тэгвэл мэргэжилтнүүдийн дүгнэснээр зарим хувьчлалууд цөөн хоногийн дотор зарлагдаж, хувьцааг нь жирийн иргэд гэхээсээ илүү томоохон хөрөнгө оруулагчид худалдаж авсан аж.

Тухайлбал долоодугаар сарын 1-нд “Багануур” ХК-ийн хувьцааны арилжаа зар гарснаас гурав хоногийн дараа явагдсан тул олон нийтэд мэдээлэл нь тийм ч сайн хүрээгүй гэв.

Гэхдээ УИХ-ын тогтоолын дагуу ойрын хугацаанд хувьчлагдах томоохон төрийн өмчит компаниуд бий. Иргэд эдгээр хувьчлалд оролцож үндэсний томоохон компаниудын хувьцааг эзэмших боломжтой болж байна.

Энэ талаар Хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал асан Д.Ангар “Төрийн өмчийн хувьчлалд оролцох хүсэлтэй иргэд аж ахуйн нэгжүүд эртнээс бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.

Юу бэлдэх вэ?

1. Аль нэг брокерийн компанид данстай байх, дансгүй бол нээлгэх

2. Хувьчлал зарлагдах үед бэлэн мөнгөө 1-2 өдөрт гаргаж авах боломжтой байх” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа зөвлөжээ. Та бүхэнд тогтоолын хавсралтад дурдагдсан хувьчлагдах төрийн өмчийн компаниудын тухай мэдээлэл хүргэе. 

ХУВЬЧЛАХ, ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮД

/УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралт/

Цахилгаан станцууд

  • “Дулааны цахилгаан станц-4” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах
  • “Дулааны цахилгаан станц-3” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • “Дулааны цахилгаан станц-2” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • “Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн нийт хувьцаанд төрийн эзэмшил 70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжиж, түүнээс орох орлогыг компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэхэд ашиглах.
  • “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн цахилгаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс салгаж, бие даасан хуулийн этгээд болгон хувьчлах.
  • “Диспетчерийн үндэсний төв” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс ирүүлсэн захиалгыг үндэслэн диспетчерийн зохицуулалт хийх арилжааны оператор компани болгон өөрчлөн зохион байгуулах.

Уурхай

  • “Шивээ-Овоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар тус компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх.
  •  “Эрдэнэс Таван Толгой” хувьцаат компанийн иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн хувьцааны тоо хэмжээ, бүртгэлийг холбогдох хууль болон Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдэд нийцүүлэн цэгцэлж, хувьцааг нийтэд санал болгон арилжаалах бэлтгэлийг хангах.

Эрүүл мэнд, боловсрол

  • “Оргил рашаан сувилал” төрийн өмчит хувьцаат компанид сувиллын лавлагаа, судалгааны үйл ажиллагааг нэмж хариуцуулан зохион байгуулж, үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх нөхцөлтэйгөөр нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.
  • “Кино урлагийн дээд сургууль” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэд санал болгож, татгалзсан тохиолдолд нээлттэй уралдаант шалгаруулалтын аргаар хувьчлах.

ХАА

  • “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд, түүний технологийн шинэчлэл хийхэд шаардлагатай хөрөнгийн санхүүжилтэд хамтарч ажиллах сонирхолтой хөрөнгө оруулагч этгээдэд оруулсан хөрөнгөд нь тохируулан нэмэлт хувьцаа гарган эзэмшүүлэн хувьчлах.

Автомашин

  • “Авто импекс” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааны доод үнэ дээр Сангийн яаманд төлөх төлбөрийг нэмж нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах.

Шуудан холбоо

  • “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг БНСУ-ын “Корей Телеком” компанид худалдан авахыг санал болгож, татгалзсан тохиолдолд хөрөнгийн зах зээлд нийтэд худалдах.

Үйлдвэрлэл

  • “Хөтөлийн цемент шохой” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг өр төлбөрийг төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулагч талд санал болгон хувьчлах.

Банк, санхүү

  • “Төрийн банк” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг арилжих;
  • “Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн нийт хувьцааг хувьчлах.