Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын Засгийн газрын онцгой хөтөлбөр “СТЭНД БАЙ” байх уу?

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

“Монголын өнөөгийн нөхцөл байдлыг цогцоор нь маш сайн үнэлж чаддаг хүмүүс засгийн танхимд ажиллаж байж бид өөрсдийн хүчээр хямралыг давж чадна” Ж.Дэлгэрсайхан /СЭЗДС-ийн багш, эдийн засагч/

Үүргээ хүлээж аваад буй шинэхэн Засгийн газарт эдийн засгийг хөл дээр нь зогсоох том ажил бий. Өөрөөр хэлбэл тэд их хэмжээний алдагдалтай байгаа улсын төсвийн асуудлыг шийдвэрлэх, бондын өрийг төлөх  ажил руу ханцуй шамлан орох учиртай. 

Сангийн яамнаас гаргасан тайлангаас харахад 2016 оны эхний зургаан сарын байдлаар Монгол Улсын төсвийн нийт тэнцэл нэг их наяд гаруй төгрөгийн алдагдалтай гарчээ. Энэ тоо цаашид нэмэгдэж хоёр их наяд хүрэх магадлалтай гэдгийг зарим эдийн засагчид сануулж буй. 

Эдийн засгийн өсөлт 3.1 хувьд хүрч, ам.долларын ханш 2,087 /2016 оны наймдугаар сарын 3-ны өдрийн ханш/ төгрөгтэй тэнцлээ. Монгол Улсын макро эдийн засгийн бүх үзүүлэлтүүд уналттай гарч, эдийн засаг элгээрээ хэвтжээ. 

Ийм үед Олон Улсын Валютын сангаас хэрэгжүүлдэг “Стэнд-бай” /Stand-By/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гарч магадгүй гэсэн хүлээлттэй байна. 

"Стэнд-бай" хөтөлбөр гэж юу вэ?
Олон Улсын Валютын Сангаас хэрэгжүүлдэг хөтөлбөр бөгөөд санхүүгийн асуудалд орсон гишүүн орнуудад хөнгөлөлттэй зээл олгож, богино хугацаанд хямралаас гаргах зорилготой. 

Манай улс 1991, 2009 онуудад тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүндрэлийг даван туулж байжээ. 

2009-2011 оны хооронд ажилласан Монголд суурин төлөөлөгчөө ажиллуулсан ОУВС-ийн Ази, Номхон далайн бүсийн төвийн дэд захирал Стивэн Барнэт “Монгол Улсын эдийн засаг саяхан нүүрлэсэн хямралаас гайхалтай хурдан сэргэж чадлаа. Эрх баригчид макро эдийн засгийн зөв оновчтой бодлого хэрэгжүүлэх тууштай байр суурь баримталж, зэсийн дэлхийн зах зээлийн үнийн сэргэлт, олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжлэг цагаа олсон зэрэг нь энэхүү амжилтыг тодорхойллоо. Нүүрсний үйлдвэрлэл хурдацтай өсч, уул уурхайн томоохон хоёр төсөл эдийн засгийн эргэлтэнд удахгүй орох гэж байгаа нь Монгол Улсын эдийн засгийг гэрэлт ирээдүй хүлээж, нийт ард иргэд хөгжил цэцэглэлтийг хүртэх боломж бүрдээд байгааг харуулж байна” хэмээн тухайн үед мэдэгдэж байсан юм. 

Энэ бол тус хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний дараа хэлсэн үг байлаа. 

Гэхдээ энэ удаа эдийн засгийн нөхцөл байдал өмнөх буюу 2009 оны үеийнхээс хамаагүй “бүрхэг” байгаа юм.  Учир нь тухайн үед хөтөлбөр хэрэгжсэний дараа олон улсын зах дээр ашигт малтмалын үнэ нэмэгдэж, таатай нөхцөл байдал бий болсон нь үр дүнгээ хурдан хугацаанд өгөхөд нөлөөлсөн байдаг. 

Тэгвэл бид одоо яах вэ. ОУВС-д “хадаг бариад” очих уу?

Одоогоос таван жилийн өмнө л хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засгаа сэргээж чадсан Монголчууд таван жилийн дараа өмнөхөөсөө бараг хоёр дахин дордсон байдалтай болжээ. 

“Стэнд” бай байна уу, өөр арга чарга хамаагүй эдийн засгаа сэргээх хэрэгтэй гэдгийг бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа. 

Эдийн засаг маш хэцүү байгаа энэ цаг үед “Стэнд бай”-г хэрэгжүүлэх нь зөв гарц байж болох тухай МУИС-ийн доктор Ч.Хашчулуун “Манай улс "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах ёстой гэж би харж байна. Төсвийн алдагдал нь өндөр, эдийн засаг нь хүндрэлтэй, банк бусад салбар хүнд байгаа энэ үед олон улсын хөрөнгө оруулагчид манайд зээл олгох эсэх нь эргэлзээтэй. Тиймээс "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдах шаардлага үүснэ. Ирэх есдүгээр сард орж ирэх энэ оны төсвийн хүрээний мэдэгдэлд дээр энэ бүхэн тодорхой гарч ирнэ” хэмээн “Үндэсний шуудан” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. 

Гэхдээ зарим эдийн засагчид энэ нь хамгийн сайн, цорын ганц арга биш гэдгийг хэлж байгаа. Учир нь “Стэнд бай” хөтөлбөрийн зээлийг авснаар тухайн улс орон эдийн засгаа хумих мөнгөний хатуу бодлого явуулдаг. 

Ерөнхийдөө ОУВС-ийн мэргэжилтнүүдийн хяналт, зөвлөгөөгөөр бүхий л шийдвэр гарч, сахилга баттай, үрэлгэн бус төсвийн бодлого баримтална.  Ингэснээр төсвийн алдагдлыг нөхөх хэдий ч иргэдэд олгодог халамжийн мөнгийг танах эрсдэлтэй юм.  Мөн зээлийн хүү нэмэгдэж, үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийнхэн хүнд байдалд ордог. 

Тийм ч учраас өнгөрсөн оны хавар буюу жил гарангийн өмнө яригдаж байсан “Стэнд бай” хөтөлбөрийн асуудлыг тухайн үедээ Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал тэргүүтэй эдийн засагчид эрс эсэргүүцэж байсан. “Эдийн засгийг борцлох” үйл ажиллагаа ч гэж тайлбарлаж байв.

Гэхдээ эргээд харахад жилийн дараа нөхцөл байдал дээрдсэнгүй, улам ч дордлоо. 

АН засаг барьж байх үед МАН-ын зарим гишүүдээс гарч байсан санал энэ Засгийн газрын үед биеллээ олж магадгүй байна. Учир нь одоо Засгийн газар МАН-аас бүрэлдэж, УИХ-ын 65 суудлыг буюу үнэмлэхгүй олонхыг бүрдүүлээд буй. 

Мөн шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдийн засгийн онцгой хөтөлбөрийг санал болгоно хэмээн зарласан бөгөөд түүний дэргэд эдийн засгийн зөвлөл ажиллах юм. Энэ зөвлөл хэр МЭРГЭЖЛИЙН байхаас манай улсын эдийн засгийн ирээдүй шууд хамаарна. 

Ажиглагчдын үзэж буйгаар тэдний эдийн засагт хийх эхний алхам нь “Стэнд бай” байж магадгүй бөгөөд есдүгээр сард хийгдэх төсвийн тодотголд энэ асуудал тодорхой болж орж ирэх ажээ.