Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

Нам цохиулсан Монгол дахин сэргэхийн тулд...

Б.Барс
2016 оны 8 сарын 3
Зууны мэдээ
Зураг зураг

Бизнес, эдийн засгийн мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд Д.Киссигийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.

Ердөө хоёрхон жилийн өмнө жил бүр найм орчим хувь өсдөг эрчимтэй хөгжих эдийн засагтай Монгол Улс жаргалтай нь аргагүй налайж байлаа. Харин уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс унаснаар эдийн засгийн өсөлт нь бараг зогссон их гутралын өнөө үед зарим хүн далд үнэт эрдэнийг анзааралгүй алдаж болзошгүй тухай ярих болжээ. 

Монголын зээлжих зэрэглэлийг эрсдэлтэй гэж үзэх болсон бөгөөд нам цохиулсан эдийн засаг нь өрөнд дарагдаад байгаа билээ. Хэдий тийм ч тус улс нүүрс, алт зэрэг байгалийн баялгийн асар их нөөцтэй.

ОУВС-гийн тоо баримтаас харахад тус улс Чили, Перу болон Австралийн хамт дэлхийн байгалийн баялаг хамгийн ихтэй эдийн засаг бүхий орны нэг ажээ.

Монголын зээлжих зэрэглэлийг эрсдэлтэй гэж үзэх болсон бөгөөд нам цохиулсан эдийн засаг нь өрөнд дарагдаад байгаа билээ.

Гэвч энэ онцлог нь эдийн засгийг нь гүн хямралаас сэргийлж чадаагүй бөгөөд 2016 онд тус улсын эдийн засгийн өсөлт нэг хувьд ч хүрэхээргүй төлөвтэйн дээр өрийн хэмжээ 2012-2015 оны хооронд 11.5 ам.доллараас бараг 23 тэрбум ам.долларт хүрэн бараг хоёр дахин өссөн аж.

“Standard Life Investments”-ийн Лондон дахь хөгжиж буй орнуудын зах зээлийг судалдаг эдийн засагч Н.Жакье “CNBC”-д ярилцлага өгөхдөө, “Монголын макро эдийн засгийн бодлого сүүлийн жилүүдэд тааруухан байсан учир тус улсын өрийн хэмжээ хурдан нэмэгдэхэд хүрсэн” гэсэн юм. 

Тэрээр цааш нь ярихдаа, “Иймээс ч Монгол Улс өдгөө хамгийн их өртэй эдийн засгуудын нэг болж хувирсан бөгөөд үүнээс үүдэн сүүлийн хоёрхон жилийн дотор зээлийн зэрэглэлийг нь хэд хэдэн удаа бууруулсан юм” гэж байлаа.

Уул уурхайн салбар нь амьсгаа хураах дөхсөн ч тус улсын шинэ Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг нь сонирхох хөрөнгө оруулагчдыг зоригжуулан урин даллаж байна. Монголд үсрэнгүй хөгжиж байсан барилгын салбар хумигдах болсон эдийн засгаа даган мөн л зогсонги байдалд оржээ.

Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд нэлээд хөрөнгө оруулан идэвхтэй ажиллаж буй “Asia Pacific Investment Partners”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Л.Кашелл хэлснээр, саяхнаас тус улсын өндөр зэрэглэлийн жижиглэн худалдааны болон орон сууцны үл хөдлөх хөрөнгийн үнэ болон эрэлт хэрэгцээ дахин сэргэх болжээ.

Л.Кашелл, “Тус улс дахь бизнесийн хамгийн их сонирхол татахуйц шинэ салбар бол орон сууцны зах зээл. Орон сууцны түрээсээр дунджаар 8.7 хувийн ашиг олох боломжтой. Илүү сайн чармайвал ашиг 12 хувьд ч хүрнэ” гэж ярьсан юм. 

Тэрээр нэмж хэлэхдээ, Монголын нийслэл Улаанбаатарт гадаадын мэргэжилтэн, албан хаагчид ихээр ирж ажиллах болсноор үл хөдлөх хөрөнгийн бизнес өсөх болжээ. Тэгээд ч сүүлийн жилүүдэд Улаанбаатарт хямд төсөр орон сууц ихээр баригдсан тул гадаадын мэргэжилтнүүдийн шаардлага хангасан түрээсийн орон сууц дэндүү хязгаарлагдмал хэвээр байгаа аж.

Л.Кашелл, “Богино болон дунд хугацаанд гадаадынхны түрээсийн орон сууцны үнэ өснө” гэж дүгнэсэн юм. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хөгжлийг Говь дахь Оюутолгойн аварга том уул уурхайн төсөл болон гадаадын хөрөнгө оруулалт аажмаар эргэн нэмэгдэх болсон явдал тэтгэж байгаа аж. (Дэлхийн банкны баримтаас харахад 2011 онд 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн жил 195 сая ам.доллар хүртэл огцом буурчээ.)

“Дээд зэрэглэлийн орон сууцыг бараг тэр чигт нь гадаадынхан түрээслэдэг бөгөөд Оюутолгойн төслийн хоёрдугаар шатны гэрээг байгуулж, гадаадын шууд хөрөнгө оруулалт эргэн орж ирснээр ойрын хэдэн жилд гадаадын мэргэжилтнүүдийн тоо маш ихээр огцом нэмэгдэхээр байна” гэж Л.Кашелл хэлсэн юм.

Тус улсын өсөлтийг түүнчлэн зэс, алтны олборлолтоо нэмэгдүүлж буй уул уурхайн салбар ч хангаж болохоор. Монголын Засгийн газар байгалийн баялгийн хууль бус олборлолттой байдгаараа тэмцэж буй энэ үед “Рио Тинто” саяхан тус улсын зэсийн олборлолтод 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нэмж оруулахаа зарласан билээ.

Дээр нь тус улс ОХУ-ын “VTB” банктай 300 сая ам.долларын экспортын санхүүжилтийн зээлийн гэрээ байгуулаад байна. Эдгээр гэрээнүүд тус улсад гадаадын хөрөнгө оруулалтыг улам ихээр өдөөж болох юм.

Гэхдээ  “Standard Life Investments”-ийн Н.Жакьегийн тэмдэглэснээр, тус улсын уул уурхайн салбар “Рио Тинто” болон Хятадын төрийн өмчит аж ахуйн нэгж зэрэг олон улсын томоохон уул уурхайн компаниудын хүчээр хөгжиж байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн эрэлт хэрэгцээ цаашид улам бүр багасвал дөнгөж эхэлж буй уул уурхайн салбарын сэргэлтийг зогсоож мэдэх ажээ.

www.cnbc.com

Зураг