Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрдэнэбатын чуулганы ИНДРЭЭС ХЭЛЭХ АНХНЫ ҮГ

Ч.Болортуяа
2016 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ж.Эрдэнэбатын хийх ОНЦЛОХ 9 АЖИЛ 

"Монгол Улсын Засгийн газар гол гурван чиглэлд анхаарч ажиллах болно. Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаар эдийн засаг" гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы индрээс мэдэгдэж байлаа. 

Тэгвэл шинээр томилогдох гэж буй Ерөнхий сайдыг ч мөн эдийн засагтаа түлхүү анхаар гэж эдийн засагч, нягтлан хүнийг томилохоор болжээ. 

Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа Ерөнхий сайдын анхны илтгэл иргэдийн сонирхлыг хамгийн ихээр татдаг. Учир нь шинэ Ерөнхий сайд өөрийн тэргүүлэх Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр, зорилтыг тоймлон танилцуулдаг.

28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гурван зорилт гурвуулаа эдийн засаг байсан нь анхаарал татаж байсан бол 25 дахь Ерөнхий сайд С.Баяр таван төгөлдөршлөө зарласан илтгэл олон хүнд хүрч билээ. 

Тэгвэл өнөөдөр томилогдох Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдын УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлэх анхны илтгэл ямар агуулгатай, ямар томьёололтой байх вэ гэх хүлээлт үүсээд байна. 

2016 оны УИХ-ын сонгуульд МАН ЭДИЙН ЗАСГИЙГ сайжруулах есөн төрлийн ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Эдгээр ЕСӨН төрлийн зорилтод нийт 96 ажлыг хийхээр салбарлан дурдсан байх юм. 

МАН-ын Удирдах зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд эдийн засагч хүнийг дэвшүүлсэн учир ямартай ч шинэ ЕС-ын хийх ажил намын мөрийн хөтөлбөр дэх эдийн засгийн зорилтууд байх болов уу. Тэгэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийг сайжруулах 96 ажлаас анхаарал татсан төслүүдийг нь та бүхэндээ тоймлон хүргэж байна. 

Шинэ ЕС-ын чуулганы индрээс хэлэх үг ч энэ чиглэлд байх болов уу. 

1. Хямралыг даван туулах “Онцгой нөхцөл” арга хэмжээ

Шинэ байгуулагдах Засгийн газар эдийн засгийн хямралыг даван туулах “Мэргэжлийн Засгийн газар” байгуулагдана.  Богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр боловсруулан ажиллана гэжээ.  

2. Хариуцлагатай, ил тод, хэмнэлттэй төсөв

Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна. Төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгах, нэгтгэх замаар төсвийн байгууллагуудын тоог цөөлж, оновчтой бүтцийг бий болгоно. 

3. Зохистой, хяналттай мөнгөний бодлого

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж,  Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтворжуулах, цаашид нэмэгдүүлэх замаар гадаадын хөрөнгө оруулагчдын алдарсан итгэлийг дахин сэргээж, хөрөнгө оруулалтын урсгалыг буцаан татна. Мөн Монголбанкны хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр, Хөгжлийн банкны Чингис, Самурай бонд, зээлийн зарцуулалтыг дүгнэж, төсөл хөтөлбөрт үнэлгээ хийж, зориулалт бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зээлийг буцаан төлүүлнэ хэмээжээ. 

4.Уул уурхайн хөгжил

Байгалийн баялгийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон дэлхийн зах зээлд гаргах, дэлхийн нэр хүндтэй томоохон компаниудыг урьж ажиллуулах эдийн засаг, эрх зүйн нэн тааламжтай орчин бүрдүүлнэ.  Уул уурхайн бодлогын судалгааны төв, гео мэдээллийн нэгдсэн сан бий болгож, эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгоно.  Иргэн бүрийн эзэмшиж буй 1072 хувьцааг амь оруулж, үнэ цэнэтэй болгох ажээ. 

5. ДЭД БҮТЭЦ

Улаанбаатарын V дулааны цахилгаан станц, Тавантолгой, Багануур, Бөөрөлжүүт, Тэвшийнговийн дулааны цахилгаан  станцуудыг  барина. Аймгийн төвүүд болон томоохон хот сууринд дулааны станц шинээр барих, өргөтгөх, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр бохир усны шугамд холбох ажлыг концессын гэрээгээр үе шаттай хэрэгжүүлнэ. 

Мөн “Ухаа худаг–Гашуун сухайт”, “Нарийнсухайт-Шивээхүрэнгийн”  чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулна. 

“Эрдэнэт–Овоот”, “Богд хаан”  төмөр  замыг барьж байгуулах ажлыг эхлүүлж, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ.

“Хөшиг”-ийн хөндийд тээвэр ложистикийн төв байгуулна гэжээ. 

6. Импортлогч орноос-Экспортлогч орон

Ажлын байрыг хамгийн олноор бий болгодог хөнгөн үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх “21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 21 аймагт импортыг орлох, гол 100 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, ДНБ-д эзлэх хувийг 20 хувьд хүргэнэ.

Импортын барааны татварыг үе шаттай нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ. Гадаад зах зээлд экспортлох боломжтой тэргүүлэх ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг төрөөс дэмжиж, “Монгол экспорт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

7.  Хувийн хэвшил- Ажлын байр

Шинэ төрлийн татвар бий болгохгүй ба жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 1 хувь болгон бууруулах бодлого баримтална. Эдийн засгийн хямрал хүндрэлээс улбаалан ажил, орлого нь хумигдан, зээлээ төлж чадахгүйд хүрч, “Найдваргүй зээлдэгчдийн жагсаалт”-д бүртгэгдсэн аж ахуй нэгж, иргэдэд зээлээ эргэн төлж, зээлийн түүхээ сайжруулах боломж олгоно.

ЖДҮ эрхлэгчид, өрхийн аж ахуй, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан таатай нөхцөл бүхий “Итгэлийн зээл” олгох бодлого баримтална. 

8. Газар тариалан- Экологийн эрүүл хүнс

“Атрын аян”-ыг үргэлжлүүлж, газар тариалангийн эргэлтийн талбайг 2 дахин нэмэгдүүлнэ. Газар тариалангийн түүхий эд, материал, тоног төхөөрөмжийг татварын бодлого, санхүүгийн лизингийн арга хэрэгслээр дэмжиж, агуулах, зоорь, хүлэмжийн аж ахуйг өргөтгөнө.

Тариалангийн даатгалын тогтолцоог хөгжүүлнэ. 

9. Монгол малчин

“Мах, сүүний анхдугаар аян”- ыг зохион байгуулж нийслэл, хот суурин газрын хүн амыг эрүүл, аюулгүй, экологийн цэвэр мах, сүүгээр хангана. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг эрчимжүүлж,  бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг зохистой хослуулснаар мах, махан бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, жилд экспортлох хэмжээг 50 мянган тоннд хүргэж, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлнэ гэжээ.