Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Ардчилсан Намын дараагийн дарга ХЭН БЭ?

Ч.Болортуяа
2016 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сонгуульд ялагдсан шөнө л олон нийтийн сүлжээгээр АН-ыг даруй шинэчлэх шаардлагатай болсныг гишүүд нь ухамсарлаж энэ тухай санал бодлоо бусадтай хуваалцаад байна.

З.Энхболд АН-ын даргын суудлаа өгөхтэй зэрэгцэн АН-ын дараагийн дарга хэн бэ, А нам үнэхээр шинэчлэгдэж чадах уу, эсвэл бутрах уу гэсэн олон асуулт хариултаа хүлээж байна. 

Өнөөдөр л гэхэд АН-ын "Шинэчлэл" хөдөлгөөн 12.00 цагаас хэвлэлийн хурал зарлаад байгаа юм. Үүнээс үзвэл АН-ын өөрчлөн зохион байгуулалт өнөөдрөөс эхэлж буй бололтой. 

Угаас алдаа, оноо нь ил, зөрчил тэмцэл нь хурц байдаг намын хувьд ялагдлын дараах өөрчлөлт ч тийм таатай явагдахгүй биз. 

Чухам аль фракц нь сулралын дараах өөрчлөлтийг эхлүүлж, эрх мэдлийг гартаа авах вэ гэдэг тэмцэл ч ширүүн өрнөх нь дамжиггүй. 

АН-ын дараагийн дарга хэн болох вэ. Аль фракц нь өөрийнхөө хүнийг тавих вэ?

Намын даргад юуны түрүүнд сонгуульд амжилттай оролцож ялалт байгуулсан нэгэн байх ёстой гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол УИХ-аас гадуур энэ шинэчлэл өөрчлөлт явах ёстой гэх нь ч байна. 

Хэрвээ хувь нэр дэвшигчийн хувьд сонгуульд ялалт байгуулж чадсан хүмүүс АН-ын дарга болно гэвэл дараах ТАВАН хүнийг нэрлэж болохоор байна. 

НЭГ. Лу.Болд

Л.Болд АН-ын дараагийн дарга цаашилбал Ерөнхийлөгчийн сонгуульд ч АН-ыг төлөөлөх нэр дэвшигч байхыг үгүйсгэхгүй. Энэ амбицийг түүний өдөр ирэх тутам хүчирхэгжүүлж, тордож буй МоАН-ын санаачлагаас харж болно.

Ерөнхийлөгчийн тухайд дотоод, гадаадад нэр нүүртэй хүн сонгогдох нь манай улсад ашигтай. Тиймээс ч Гадаад Хэргийн сайд, Батлан Хамгаалахын сайд гээд Ерөнхийлөгчийн анхаарлын төвд байдаг голлох хоёр салбарын сайд хийж байсан тэрбээр АН-ын дараагийн дарга, дараагийн Ерөнхийлөгчид өрсөлдөх гол нэр дэвшигчийн нэгээр нэрлэгдэж байна. 

ХОЁР. С.Эрдэнэ 

АН-ын Сонгуульд ялалт байгуулсан есөн хүний нэг нь С.Эрдэнэ.  Одоогийн АН-ын даргын фракц гэгдэх С.Эрдэнийг дараагийн дарга болох магадлалтай гол хүний нэг гэж намын нөхөд нь мэдээлж байгаа юм. 

ГУРАВ. Э.Бат-Үүл

НИТХ-ын сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан ч ялагдал хүлээгээд буй Э.Бат-Үүлийн баг НИТХ-д сөрөг хүчин болоод байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийслэл хотод хийсэн ажлууд нь хэний ч нүдэнд ил харагдахуйц өөрчлөлт шинэчлэл байсан билээ. Тиймээс ч улсын баатар маань энэхүү ялагдалдаа тун сэтгэл дундуур, огт таамаглаагүй үр дүн байснаа нуугаагүй. Нийслэлийн АН-ын даргын ажлаа өгөх тухайгаа мэдэгдсэн тэрбээр төв нам дээрээ ирж өнгөрсөн дөрвөн жилд хотод хийсэн өөрчлөлт, шинэчлэлээ намдаа хийх болов уу гэсэн хүлээлт зарим гишүүнд нь байгааг нуугаагүй юм. Нөгөө талаар олон "том" толгойтой, амбиц дүүрэн фракцуудын учрыг Э.Бат-Үүл шиг нөлөө бүхий удирдагч л нэгтгэж чадна гэж үзэх хүн байгаа юм. 

ДӨРӨВ. Д.Эрдэнэбат 

Д.Эрдэнэбат сонгуульд ялалт байгуулж намдаа ганц болтугай суудал авчирсан гавьяатай нэгэн. АН-ын генсек, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, өдгөө сайд хийж яваа түүнд намын даргын суудал санаанд нь багтаж буй нь лавтай. Тэрбээр гурван ч сонгуульд намынхаа Ерөнхий менежерээр ажиллаж намаа ялуулж байсан нэгэн билээ. 

ТАВ. Я.Санжмятав 

Хэрвээ АН-ын дараагийн дарга Алтангадасаас тэр дундаа сонгуульд ялалт байгуулсан хүн гэвэл  Я.Санжмятаваас өөр хүнгүй болоод байна.  АН-ын гол шийдвэр гаргадаг ҮЗХ-ын гишүүдийн дийлэнх нь алтангадас фракцаас бүрддэг гэлцдэг. Тиймээс ч Я.Санжмятав АН-ын дараагийн дарга болох магадлал өндөртэй хүмүүсийн нэг болоод байна. 

УИХ-аас гадуур гэж үзвэл:

НЭГ. Р.Амаржаргал

Р.Амаржаргалын хувьд УИХ-д нэр дэвших эрхээ эмэгтэй төлөөлөлдөө өгье гэсээр сонгуульд нэр дэвшээгүй. Тэрбээр үүгээрээ намын дотоод шинэчлэлд ч сэтгэл дундуур байгаагаа давхар илэрхийлсэн тухайгаа хэвлэлээр илэрхийлсэн. Тэгэхээр ялагдлын дараах намыхаа шинэчлэлийг удирдахыг үгүйсгэхгүй юм. Нөгөөтэйгүүр тэрбээр Ерөнхий сайд хийж явсан, сүүлд ч намаасаа Ерөнхий сайдад нэр дэвшсэн хоёр хүний нэг нь болж байсан чансаатай улстөрчийн нэг билээ. 

ХОЁР. Х.Тэмүүжин, М.Батчимэг, Л.Гантөмөр

А нам шинэчлэгдэж чадах уу, үгүй юу гэдэг хэн гэдэг хүн дарга болж тус намын дүр төрх болохтой шууд хамааралтай. Залуусын төлөөллөө огт дэмждэггүй. Хуучин хэдэн бууны хугархай нь өөрсдийгөө л байнга голд дүрд тавьж эцэстээ тэр нь тэдний уналтын гол шалтгааны нэг байлаа гэж дүгнэх хүмүүс олон байгаа юм. УИХ-ын гишүүн М.Батчимэг "Ардчилсан Нам Монгол оронд ардчиллыг анх авч ирсэн шигээ улс төрийн намын шинэчлэлийг бусад намаас түрүүлж хийх боломж гарлаа. Хэцүү ч гэсэн үүний төлөө тэмцэх болно" хэмээн мэдэгдээд буй. Мөн Х.Тэмүүжин ч намаа шинэчлэх цаг болсон тэр дундаа залууст энэ үүрэг хариуцлага ирж буй тухай мессэжээ түгээгээд байна. 

Тэгэхээр А нам бүрэн утгаараа шинэчлэгдэнэ гэвэл шинэ үеийн төлөөлөлтэйгээ хамтарч байж шинэчлэл нүдэнд харагдаж гарт баригдахуйц болох нь лавтай. Гэхдээ тэдэнд энэ эрх мэдлийг өгөх болов уу. Өгсөн ч тэд энэ намыг эргээд хөл дээр нь босгож чадах болов уу гэдэг эргэлзээтэй ...

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.